Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Samsung” группийн өв залгамжлагчийг баривчлав

Өнөө өглөө "Самсунг" корпорацийн өв залгамжлагч Ли Жэёныг баривчиллаа. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн нэр холбогдсон дуулиан шуугиантай хэргийг шалгаж байгаа прокурорынхон Ли Жэёныг баривчлах хүсэлт гаргасны дагуу Сөүлийн төвийн дүүргийн шүүх өчигдөр энэ хэргийг хэлэлцэж, баривчлах шийдвэр гаргасан байна.
 
 
Прокурорынхны түүнд тулгаж байгаа хэрэг бол 2015 онд "Самсунг"-ийн охин компаниудыг нэгтгэх, удирдлагыг шилжүүлэх үйл явцад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгийг авсан. Үүний тулд нийтдээ 41 тэрбум вонын авлигыг Ерөнхийлөгч Пак Гын Хэ болоод түүний найз Чой Сун Силд өгсөн гэж сэрдэж байгаа аж.
 
Парламентын сонсголын үеэр "Самсунг"-ийн төлөөлөгч Чой Сун Силийн байгуулсан хоёр санд 20.4 тэрбум вонын хандив өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ мөнгө бол урлаг, спортынхныг дэмжихэд зориулсан хандив байснаас биш, хариу тус хүссэн зүйл байгаагүй гэсэн байна. 
 
 
Өмнөд Солонгосын хамгийн том корпорациудын нэг "Самсунг"-ийн өв залгамжлагч гэгдэж байсан Ли Жэён эрх баригчдад авлига өгч, өөрийн хэргийг бүтээж байсан гэдгийг нотлох нэмэлт материалуудыг энэ удаад ашигласан байна. Өнгөрсөн сард прокурорынхон түүнийг баривчлах хүсэлт гаргасан ч шүүхээс нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар хүсэлтийг хүлээж аваагүй. Харин энэ удаад прокурорынхон нэмэлт материал цуглуулж, шүүхэд дахиж хандсаны дагуу баривчлах шийд гаргасан аж.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)