Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Канайым Джумагуловна Бахтыгуловаг хүлээн авч уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол, Киргизийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа бизнесийг хөгжүүлэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байгаа бөгөөд сайд Д.Ганбат Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллах болсноо дуулгалаа.
 
 
Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит II дугаар хуралдаан 2014 онд зохион байгуулагдаж, хуралдаанаар талууд хоёр талын худалдааны эргэлт, барааны солилцоог нэмэгдүүлэх, салбарын хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байдаг. Мөн  эрчим хүч, уул уурхай, тээвэр, аялал жуулчлал, барилга хот байгуулалт, аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухаан, зэрэг эдийн засгийн олон салбар чиглэлээр төлөвлөгөөг гарган ажиллаж байгааг дурьдлаа.
 
 
Мөн сайд Д.Ганбат ээлжит хуралдааныг 2018 онд зохион байгуулж, өмнөх хуралдаанаар тохирсон ажлуудаа сайтар хэрэгжүүлж, үр дүн, ач холбогдлыг нь нэгтгэн хэлэлцэх саналаа уламжлав. Мөн тэрээр хоёр улсын хооронд тээврийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, автотээвэр, авто зам, агаарын тээврийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар саналаа хэллээ.
 
 
Мөн далайд гарцгүй орнуудын хувьд харилцан бие биенээ дэмжиж ажиллах, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Киргиз Улс нэгдэн орж дэмжиж ажиллахыг санал болгов. Энэ хэлэлцээрт далайд гарцгүй хөгжиж буй 10 орон нэгдэн орсон тохиолдолд Олон улсын байгууллагын статустай боломжтой бөгөөд одоогийн байдлаар Афганистан, Армени, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Этиоп, Казахстан  зэрэг 8 улс нэгдээд байгаа аж.
 
 
Хатагтай элчин сайд Канайым Джумагуловна Бахтыгулова дээрх саналуудыг хүлээн авч, оновчтой санал, санаачлага гаргаж буйд талархсанаа илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дэмжлэг үзүүлж, бүхий л чиглэлд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)