Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

СГЗ Б.Явуухулангийн мэндэлсэн өдөр тохиож байна

Б.Явуухулан нь Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрсөн. Тэрбээр 1948 онд Санхүүгийн сургууль төгсч нийслэл хотод суух болсон тэр жил Явуухулан гуай хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн Улаанбаатар хот руу нүүсэн байна. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одов. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ.

 

 
Би хаана төрөө вэ
 
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэхэн төрлөө би
 
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
 
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд
Орсон буурийн шүд өвөл хангинах хоолойд
Yлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
 
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
Мөнгөн сарны сүүдэр толиорон хөвөх долгионд
Миний өвөг дээдсийн морины туурайнд наалдсан
Хүний нутгийн шороог ариун усаараа угаасан
Мөрөн голын усыг эзэгнэнхэн төрлөө би
 
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Yүр шөнийн завсар шүүдэр буух навчинд
Yрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд
Yхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Yнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
 
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт
Зүрхэн улаан галтай ган тулгын тотгонд
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэгч хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
 
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
 
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хүлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
 
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд
Ариун агаарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
 
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууний эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
 
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
Хөх Монгол алдаршсаны үе дамжсан домогт
Хүчирхэг дээдсийн нутагт мандсан ардчиллын дөлөнд
Хөрст алтан дэлхийн үрчлээт магнай болсон
Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрлөө би
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)