Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Онцгой байдлынхан 330 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан баруун, төв, говийн аймгуудын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга болох тухай “Анхааруулах”, “Сэрэмжлүүлэх”, “Урьдчилан сэргийлэх” зэрэглэлтэй цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн мэдээг үндэслэн Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллалаа.

 

Тухайлбал, энэ сарын 21-ний өдрөөс эхлэн баруун болон төв, говийн аймгуудын нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурсны улмаас автозам, давааны нөхцөл байдал хүндэрсэн зэргийг харгалзан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн нутагт Автотээврийн тухай хуульд заасны дагуу дээрх аймгуудын Засаг даргын захирамжаар гуравдугаар сарын 22, 23-ны өдөр орон нутгийн  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан.

 

Мөн гуравдугаар сарын 21-23-ны өдрүүдэд 10 аймгийн 24 суманд нийт 44 иргэн сураггүй болсон дуудлагыг хүлээн авч 36 иргэнийг эсэн мэнд олж, цасанд суусан 44 автомашин 294 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 330 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалжээ. Одоогоор сураггүй болсон долоон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн 300 зорчигчтой 12 автобусыг төв суурин газар хоноглуулж, 7 чиглэлийн 30 тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)