Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Арилжааны банкуудад албан тоот илгээжээ

Байртай болох хүсэл мөрөөдөлтэй залуу гэр бүл, иргэдийн хүслийг биелүүлэх ипотекийн зээл хэрэгжихээр болсон. Монголбанк уг асуудлыг шийдэх гарцыг нээж өгснөөс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар ипотекийн санхүүжилтийн шинэчилсэн журмын дагуу төв банкнаас сар бүр  санхүүжилтээ олгож байгаа. Гэтэл зарим банк “Монголбанкнаас санхүүжилт олгохгүй байгаа учраас 8 хувийн зээл зогссон” гэх мэдээллээр харилцагчдаа хуурч байгаа талаар иргэд гомдол мэдүүлсээр. Иймд Монголбанкны зүгээс нийт банкуудад хандан ипотекийн зээлийн санхүүжилтийн тухай үнэн бодит мэдээллээр хангахыг хүссэн албан тоот илгээсэн байна.

Уг албан тоотод “Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдалд Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг аль болох тасралтгүй үргэлжлүүлэх зорилгоор өөрийн эзэмшиж буй ИЗББ-ын эргэн төлөлтийн хэмжээгээр буюу 25-35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сар бүр банкуудад олгож байгаа билээ. Тиймээс танай банк Төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хамтран ажиллахаар Ерөнхий гэрээнд нэгдэн орсон банкны хувьд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохистой түвшинд хангах, Засгийн газар, Монголбанкны бодлогод олон нийтийн итгэх итгэлийг сулруулахгүй байх, мэдээллийг харилцагчдад үнэн зөв хүргэх тал дээр цаашид анхааран ажиллахыг хүсье” гэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10-р сарын 25-ны өдрийн А295 тоот тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ дагуу Монголбанк ипотекийн зээлийг сар бүрийн үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй. Аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэлх хугацаанд Монголбанк шинэчилсэн журмын хүрээнд ипотект зориулж, 142.3 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж, 2042 иргэний ипотекийн 5 болон 8 хувийн зээлийг шийдвэрлээд байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)