Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Бялуу хүртэгсэд, хариуцлагаас зугтагсад

Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд дадлага сургуулилт хийж байсан цэргүүдийн гранат дэлбэрч, хоёр хүн нас барж, найман хүн шархадсан эмгэнэлт хэрэг гарсан билээ. Зэвсэгт хүчний салбарт удаа дараа ийм асуудал гарч байгаа талаар дурдагдсан Мөн.алба хааж байгаа иргэнийг дөн өвлийн хүйтнээр гар хөлийг нь хөлдөөсөн асуудал ч үүнийг даган босч ирэв. Энэ бүх асуудалтай холбоотойгоор парламент дахь сөрөг салбар хариуцсан сайдад хариуцлага хүлээлгэж огцруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Дан ганц АН-ын зүгээс ч ийм дуу хоолойг гаргаагүй бөгөөд эрх баригч намын зарим гишүүд ч үүнтэй санал нэг байгаа юм. Тэгвэл Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хуулийн байгууллага асуудлыг шалгаж дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл албан тушаалаа өгч хариуцлага хүлээхэд бэлэн гэв.
 
 
Хүний амь нас албан тушаалаар хэмжигдэх үү гэсэн асуулт ч эндээс урган гарч байна. Хариуцлагагүйн зуд нүүрлэснээс болж хүний амь нас, цэрэг эрчүүд эндсээр байх уу. Ямар нэгэн асуудал үүссэний дараа хариуцлага үүрэх хүн олдохгүй зугтах байдал ч өрнөсөөр байна. Уг асуудал үүссэний дараа сайд л буруутай гэсэн яриа өрнөж байх жишээтэй. Яагаад бусад албан тушаалтнууд үүнд хамаагүй болчихов. Цэрэг гэдэг үг зэрэг гэдгээс улбаатай хэмээн сургаад байдаг биш билүү, зэвсэгт хүчнийхээн. Мөн улс төрийн бялуу хүртсэн нөхдүүд үүнд ч бас хамаатай. Өөрөөр хэлбэл, дэд сайдаас авахуулаад цөөнгүй хүн үүнд хамаатай. Бялууны хэрчим хүртэх болохоороо дуу дуугаа авалцан урдалддаг хэрнээ зөрчил дутагдал гарах цагт арьсаа хамгаалан нуувчинд орох нь хэр оновчтой вэ. Уг нь, бүгд л үүссэн нөхцөл байдалд хариуцлага хүлээж, дахин дутагдал гаргахгүй байх талаар анхааран ажиллах ёстой мэт. 
Ер нь, улс орны энхийн манаанд зогсох батлан хамгаалах салбарт яагаад анхаарахгүй байгааг гайхах нь бий. Төсөв хөрөнгө нь ч тийм хангалттай биш. Бүр хасч танасаар байгаа. Ийм ч учраас сургуулилтын хэрэгсэлгүй байгаа хэрэг. Энэ талаар нэгэн цагт сайдаар ажиллаж байсан өдгөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллах Ж.Энхбаяр “Төр засгийн зүгээс цэрэг дайчдынхаа бэлтгэл сургуулилтад хангалттай хөрөнгө тавьж өгдөггүй. Байнга хасаж, танаж ирсэн. Өнөөдөр өмссөн хувцсаа цэрэг дайчид маань өөрсдөө олж өмсөж байгаа. Сая арай гэж авч байсан нийгмийн хамгааллын ололт, амжилтыг нь төсвийн тодотголоороо хасчихлаа” гэсэн үг унагасан. Хууль батлах төвшиндөө асуудлыг олж харахгүй, дэмжлэг үзүүлэхгүй байхад эргээд яаж ч хариуцлага тооцох талаар ярих вэ. Магадгүй та бүхэн хөрөнгийг нь хассан болохоор л ийм асуудал үүсч байгаа гэсэн хариултыг хэлэх болов уу. Тэгвэл парламент ч бас хүний амь нас эндсэн асуудалд хариуцлага хүлээх ёстой болох нь.
 
 
Цаашид улс орны батлан хамгаалах салбар гэж байгаа л бол шаардлагатай бэлтгэл, сургуулилт хийх, үүрэг биелүүлэх чадавхийг төр засаг бүрдүүлэх нь зүй ёсны хэрэг. Тиймээс энэхүү үүргээ УИХ биелүүлэх л ёстой. Хуулийн дагуу бүрэн эрхтэй 76 нөхөрт алдаа гаргасныг дуулган хариуцлагагүй шийдвэр гаргасныхаа төлөө буруугаа хүлээ гэвэл ийм зориг гаргах хэдэн хүн байгаа бол. Яагаад гэвэл төрийн үндсэн үүрэг нь ард түмнийхээ аюулгүй байлыг хангах байдаг. Гэтэл түүнийгээ ухамсарлахгүй яваа нь нууц биш болов уу. Жилийн жилд төсөв батлах үеэрээ зэвсэгт хүчин, хилийн цэрэг, дотоодын цэрэг, цагдаа гээд бүхий л тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын сургуулилтын зардлыг танадаг, хасдаг. Тиймээс парламент бас буруутай болж байгаа хэрэг. Үүнээс гадна салбарт өндөр зэрэг дэвтэй ажиллах эрхмүүдээс хэд нь алдаа дутагдал гаргасан гэж хэлэх вэ, гэсэн асуулт ч урган гарч байгаа. 
Аливаа зүйлээс бултаж, зайлахгүйгээр УИХ, Засгийн газар, зэвсэгт хүчний салбарын өндөр дээд албан тушаалтай, ширээ сандалтай зууралдсан нөхдүүд хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм. 
Гэхдээ энд хэн нэгэн өндөр дээд сэнтийтэн хариуцлага хүлээх нь юу л бол. УИХ-д тухлах эрхмүүдээс уучлал гуйх хүн ч олдохгүй биз. Салбар хариуцсан сайд нь буруугаа хүлээхэд бэлэн гэлээ. Харин улс төрийн бялуунаас хуваалцсан дэд сайд гэх эрхэм таг дуугүй суусаар. Энэ суудалд заларсан эрхэм хэзээ хэлд орж, хэдэн үг хэлэх юм бол. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)