Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлийн хар тугалга, хорт утаа хоёртой тэмцэнэ

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотын агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг зарласнаас хойш олон жил өнгөрч байна. Гэвч үүнд санаа зовнихоос цаашгүй л байгаа. Тэгвэл эрдэмтэн судлаачдын гаргаж буй дүгнэлт, хэрхэн үүнээс ангижрах асуудалд анхаарал хандуулах цаг болжээ. Тийм ч учраас НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэд-Хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг санаачлан зохион байгууллаа. 
Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэсч, байгаль орчин, экологийн асуудал өндрөөр тавигдах болсон. Хамгийн гол анхаарах асуудал агаар дахь хорт бодис болон хөрсний бохирдлын асуудал болчихоод байна. Энэ асуудлаар чамгүй олон жил арга хэмжээ авч байгаа нэрийдлээр хэдэн арван тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн билээ. Хөрсний бохирдлын талаар 2010 оноос хойш судалгаа шинжилгээг эрдэмтэд хийсэн бөгөөд өнөөдөр уг асуудал гамшгийн зэрэгт хүрснийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон судлаачид дуулгалаа. Он гарсны дараахан Баянхошуу орчимд амьдрах 10 гаруйхан хүүхдээс цусны дээж аван шинжлэхэд хүний амь насанд хор хөнөөл учруулах хэмжээний хар тугалга илэрсэн талаарх мэдээлэл бий. Энэ нь, монголчуудын ирээдүйг хөнөөх аюулын харанга дэлдэж буйг илэрхийлнэ. Ерөнхийдөө нийслэлчүүд чимээгүй дайны тахалд өртчихсөн байгаа юм. Хар тугалга, хорт утаа хоёр хамсарч удам угсааг хөнөөж, дотор эрхтэнг хордуулсаар байна. 
 
 
Судлаачдын гаргасан 2015-2016 оны дүн мэдээллээс харвал 2015 онд хотын есөн дүүргийн суурьшлын эдэлбэр газрын хөрсөн дэх дээжээр 54,5 хувь нь дунд бохирдолтой гарсан байна. Харин 2016 онд дээрхээс бага буюу 48,1 хувьтай гарчээ. Энэ нь, өмнөх жилд нийслэлд гэр хорооллын дахин төлөвлөлт хийсэнтэй холбоотой аж. Тодруулбал, агаар хөрсний бохирдол үүсгэж байгаа гол цэг нь гэр хороолол. Тухайн бүсэд нүхэн нойлоос гарах хүнцэл, үнс, нүүрсний тортгоос үүсэх хар тугалга гээд тоочвол цөөнгүй бохирдол үүсгэгч бий. Иймд өмнөх засаглалын үед хэрэгжүүлж байсан барилгажуулах ажлыг үргэлжлүүлэн хийх нь зайлшгүй болчихоод байна. Ингэснээр ирээдүй болсон хүүхэд багачуудыг хордуулах агаар хөрсний бохирдлоос ангижрах боломж, үүд хаалга нээгдэнэ. Нэгэн цагт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаа “Хүүхдээ нэг метрээс дээш өндөрт өргөж явах хэрэгтэй” гэсэн тушаал гаргаж байсан. Учир нь, хөрсний бохирдлоос сэргийлэх арга нь энэ байсан юм. Тэгвэл өнөө цагт хөрсний бохирдлоо алга болгох алхам хийх нь чухал болжээ. Нийслэлчүүд бид өөрсдийн ирээдүйгээ хорлох зэвсэг бэлдсээр байгаа болохоор түүнийгээ засч залруулах тийш явах нь зүйтэй болсныг хэлэлцүүлгийн үеэр ярьж байлаа.
 
Хэлэлцүүлгээс олон улсын жишигт нийцэх хэмжээний тодорхой стандартуудыг боловсруулан нэвтрүүлж, хэвшүүлэх хэрэгтэйг онцоллоо. Мөн зөвлөмж боловсруулан УИХ, Засгийн газар, НИТХ зэрэг холбогдох шат шатны төрийн байгууллагуудад хүргүүлэхээр болов. 
Ийнхүү чимээгүй тахал, дайнтай тууштай тэмцэх алхмыг НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан хэрэгжүүлэхээр гараанаас гарлаа. Харин хоёр дахь алхам нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Хөрсний бохирдолтой тэмцэх, хөрсөө хайрлах өдөр болгон тэмдэглэх юм байна. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)