Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

О.Лхагварэнцэн: Би энэ хэрэгт ямар ч хамаагүй, удахгүй очиж үнэн мөнийг олно

Монголын дипломатч, Элчин сайдын яамны ажилтнууд хилээр хууль бус бараа оруулж ирж хэтэвчээ зузаалдаг явдал нэг үе хавтгайрч байлаа. Харин сүүлийн жилүүдэд контрбандын гэх хэрэгт орооцолдсон дипломатчийн тоо эрс цөөрсөн. Гэвч энэ сарын 20-ны өдөр өөрийгөө “Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг” гэж танилцуулсан Монгол Улсын иргэн микро автобусаар их хэмжээний хайрцагтай тамхи тээвэрлэж яваад Укрианы хилчдэд саатуулагдсан гэх мэдээлэл тархав. Энэ хэрэгт саатуулан шалгагдаж байгаа гэх О.Лхагварэнцэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Таныг их хэмжээний тамхи хууль бусаар хилээр оруулж ирсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үнэн үү?

-Энэ хэрэг надтай ямар ч холбоогүй. Би ямар хэрэгт холбогдсоноо ч сайн мэдээгүй байна.

-Таныг дипломат пасспорт ашиглан энэ хэргийг үйлдсэн гэж байсан.

-Би энгийн пасспорт ашиглаж байгаа. Ямар ч албан пасспортгүй.

-Таныг байцааж, шалгаж байгаа юу?

-Үгүй ээ. Огт тийм юм болоогүй. Би удахгүй Монголд очиж үнэн мөнийг тогтоолгох бодолтой байна гэв.  

ТэрээрМосквагийн Плейхановын академид багшилдаг

О.Лхагварэнцэн гэж хэн бэ. Түүний намтарт 1975 онд Санхүү, эдийн засгийн техникум, 1983 онд МУИС, 1991 онд Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй гэжээ. Саяхан Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртсэн юм байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн даргаар 12 жил ажилласан. 2014 оноос одоог хүртэл ОХУ-ын Москва хотод Плейхановын академид багшилж байгаа.Тус академид багшилж, магистр докторын зэрэг хамгаалуулах ажлыг удирдахын зэрэгцээ өөрөө шинжлэх ухааны докторын зэргээр эрдмийн зэргээ дээшлүүлэхээр бүтээл туурвиж байгаа нэгэн. “Орос хэлэнд орос хүнээс ч илүү чадварлаг” гэж тус сургуулийнхан дүгнэдэг аж.
О.Лхагварэнцэн Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисст ажиллаж байхдаа хэлмэгдүүлэлтийн улмаас нэр төр, сэтгэл санаагаар хохирсон олон зуун хүмүүсийн төлөө хэрхэн ажилласныг хэлмэгдэгсэд болон тэдний ар гэрийнхэн мэднэ. Хэтэрхий улстөрждөг улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг түүнээс өөрөөр гүйцэтгэх хүн ховор байсан биз. Ашиг хонжоо, шуналын сэтгэлгүй байгаагаа бусдад тараачихдаг гэдгийг хамт ойр дотно ажилласан нөхөд нь баталдаг. О.Лхагварэнцэнгийн төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны албан тушаалд хэрхэншударгаар очиж болдгийг харуулж чадсан жинхэнэ төрийн хар хүн аж.

Гэмгүй хүнийг гэмтэн болгосоор байх уу

ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд “Тамхи хууль бусаар оруулж ирэх гэж оролдоод саатуулагдсан хүн дипломат албаны хүн биш” гэдгийг тайлбарлан хэвлэлийн хурал хийсэн. Тухайн хэрэгт нэр холбогдсон О.Лхагварэнцэн дипломатч биш нь үнэн аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [139.5.218.138] 2017/04/27
тийм шүү. энэ хүнийг сайн мэднэ. Жинхэнэ номын хүн