Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Гарамжав: Хүний нэр төрийг гутаан доромжилж дайрч давшлах нь байж болшгүй зүйл

Гүтгэх бол нийгмийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан зөрчил юм. Тийм учраас ямар нэг зохицуулалт зайлшгүй байх ёстой. Үүнийг зөвхөн аль нэг салбарлуу хандуулж тэр тусмаа сэтгүүл зүйн салбарлуу хандуулж хуулинд заалт ороогүй. Харин үүнийг хэвлэлийнхэн маань өөртөө нааж ойлгоод байгааг би гайхаж байна.
 
Сэтгүүлч, сэтгүүл зүйн салбарынхны хэвлэн нийтлэх, хардах тэр бүх эрхийг эрүүгийн хуулийн 15.3 дахь заалтаар маш сайн хамгаалж өгсөн байгаа. Хэрвээ энэ салбарын хэвлэн нийтлэх эрхэнд ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн, дарамтласан, хааж боосон ийм тохиолдолд хувь хүн болон хуулийн этгээдийг олон төрлийн арга хэмжээ авахаар заагдсан байгаа. Үүгээрээ хэвлэн нийтлэх, хардах, эрэн сурвалжлах эрхийг баталгаажуулж өгсөн байгаа. Харин энэхүү зөрчлийн тухай хуулиар эрүүгийн хуулинд байсан гурван ч зүйл заалтыг нь татаж авчраад сэтгүүлч болон хэвлэн нийтлэгч нь эх сурвалжаа сайн тодорхойлоогүй, мэдээллийн үнэн зөв байдлыг нятлаж шалгалгүйгээр олон нийтэд тараасан тэр нь гүтгэлгийн шинж чанартай байвал эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд байсныг болиулж захиргааны журмаар буюу торгох арга хэмжээ авахаар шийтгэлийг зөөлрүүлж өгсөн байгаа.
 
Харин энэ хуулийн торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх нь миний санал байсан. Учир нь торгуулийн хэмжээ их байвал хүнийг болон хуулийн этгээдийг ор үндэсгүй гүтгэх гэдэг энэ зүйл багасах юм болов уу, нийгмээрээ үүний эсрэг тэмцэх юм болов уу гэсэн үзэл бодлоор санал оруулсан. Түүнээс биш үүнийг би аль нэг салбарлуу чиглүүлж хэн нэгэн сэтгүүлчрүү чиглүүлж иргэдийн мэдэх эрхийг хаан боогдуулж үүнийг хийгээгүй.
 
Харин торгуулийн хэмжээ өндөр байгааг иргэд маань хэлж, хэвлэл мэдээллийнхэн маань хэлж байгаа болохоор байнгын хороон дээр гаргасан саналаа би татаж авсан. Гэсэн хэдий ч би үзэл бодолдоо үнэнч байна. Би хэзээ ч иргэдийнхээ гэрэл гэгээтэй амьдралын төлөө, хүний халдашгүй нэр хүндийг ор үндэсгүйгээр гүтгэн доромжлохын эсрэг тэмцэнэ. Хүний алдар нэр, аав ээжээс өгсөн ариун нандин нэр төрийг гутаан доромжилж, дайрч давшлах гэдэг бол байж болшгүй асуудал юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)