Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Төрийн зардлаар хийх анхны мэс засал

Өмнөх сард Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрхтэн шилжүүлэн суулгах (элэг, бөөр, ясны чөмөг) мэс заслын зардлыг төрөөс хариуцуулах” асуудлыг ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний дагуу анхны элэг шилжүүлэн суулгах хагалгааг  ирэх сарын 12-нд Ш.Мөнхжаргалд хийхээр болжээ.
Иргэн Ш.Мөнхжаргал 2016 онд элэгний хорт хавдартай гэж оношлогдон хагалгаанд орох болж, байр, машинаа зарж, таньдаг мэддэг бүхий л хүмүүсээсээ хандив тусламж гуйн хагалгааны мөнгөө цуглуулсан хэдий ч хагалгаандаа хүрэлцэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд одоогоор айлын гэр түрээслэн амьдарч байгаа аж. Мөн түүний донорыг олох шинжилгээнд ураг төрлийн хүмүүс нь орсноос, зөвхөн нөхрийнх нь таарч нэг гэр бүлийн хоёр хамт хагалгаанд орох болсон байна. Ингээд гэрт ажил хийх хүнгүй санхүүгийн өндөр эрсдэлд орж явтал, элэг үнэгүй шилжүүлэх болсон баярт мэдээг дуулаад итгэж ядаж байснаа ярьсан юм.
Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэгүй болгох шийдвэрийг гаргаж, иргэдийнхээ нуруун дээрх санхүүгийн хүнд ачааг үүрэлцэх шийдвэр гарагсан Засгийн газар болоод МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нартаамаш их талархаж байгаагаа хувиасаа болон ах, дүү нарынхаа өмнөөс илэрхийлээд, өдий болтол эмчилж, эрүүл саруул авч яваа эмч нартаа талархаж байгаагаа хэллээ.
Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн бөгөөд цаашид үүнийг төрөөс хариуцдаг болж байна.Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их гэсэн үг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В,С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)