Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Э.Бат-Үүлийн бойкот

Уг нь би Э.Бат-Үүл баатрыг үгээ хэлнэ үү гэж хэвлэлийн хуудсаар уриалсан юм. Төдийгөөс өдий хүртэл яригдаж байгаа АИХ хөдөлгөөний ард Э.Бат-Үүл маань байгаа гэх ярианы тухайд.
 
“Хоёр танхимтай парламентын тухай үзэл санаа хүчтэй болох тусам элдэв янзаар гуйвуулах гэсэн, энд тэндээ наах гэсэн хүмүүс, бүр нам бүлгүүд гарч ирж байна аа. Тиймээс та АИХ хөдөлгөөний талаар тайлбараа өгөөч, Ерөнхийлөгчийн сонгуулиас эс хамаараад хоёр танхимт парламентын тогтолцооны талаар зарчмын саналаа хэлээч, цааш нь аваад явж чадах уу” гэж Э.Бат-Үүл баатраас ам асуусан юм. /”Э.Бат-Үүл та үгээ хэл” http://www.infomongol.mn/content/read/139352.htm/
 
Э.Бат-Үүл үгээ хэлжээ. “Ардын Их Хурал” төвтэй төрийн тогтолцоо руу шилжихийн төлөө хамтдаа тэмцэхийг уриалжээ. Үүний төлөө явна гэдгээ хоёрдмол утгагүй илэрхийлж. Харин түүний гол мессеж өнөөдөр анхаарал татаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөгч гэгдэж байсан тэрээр сонгуулийг бойкотлохыг уриалж. Яг энэ цаг мөчид УИХ-ын гишүүн асан “Женко” гэгддэг Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ хэлжээ. 
 
Саяхныг хүртэл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж байсан хүн, саяхныг хүртэл чимээгүй байсан хүн хоёрын ярианы огтлолцол санамсаргүй зүйл ч биш байх. 
 
Э.Бат-Үүл нэгэнт мөнгөний “дэвсгэр” болсон сонгуулийг бойкотлохоос өөр арга алга гэсэн байна. Өмнөх сонгуулиар 60 тэрбум төгрөг босгон төрийн эрх худалдан авах хэрэг яригдаж байхад хүртэл Ардчилсан нам энэ хэргийг шалгуулж, гэмт этгээдэд хариуцлага тооцуулаагүйнхээ төлөө өнөөдөр “гудамжинд”, хэн нэгнээс ам асуух ч эрхгүй байгаа. Иргэд ч гэсэн хэн нэгнээс хариуцлага тооцож, шаардлага тавих гэтэл өөрсдийн тань оролцсон, өөрсдийн тань сонгосон “төр засаг” гэж ам руугаа алгадуулж байгаа танил дүр зургийг тэрээр сануулжээ. 
 
Одоо байгаа таамгаар бол МАН-аас “шалгарсан” ганц нэр дэвшигч М.Энхболд, АН-аас С.Эрдэнэ, З.Энхболд нарын дэмжлэгтэй Х.Баттулга нар өрсөлдөнө гэж буй. МАХН-ын нэр дэвшигч хэн ч байсан гэсэн мөнхийн эрх баригч хоёр намын дунд нь л өрсөлдөөн болдог нь угаасаа ойлгомжтой хойно. 
Сонирхолтой нь энэ удаад тэднийг нэг тал уу, хоёр эсрэг тал уу гэж тодорхойлоход миний л лав мэдлэг дутах нь.       
 
М.Энхболдын эсрэг хүчин байхгүй болсон тухай, Монголын улс төрд зөвхөн нүүрсчдийн нам хийгээд “Миеэгийн” бүлэглэлийн тэмцэл, хийгээд тохиролцоон л явдаг болсон тухай хардлага яриа бол шинэ зүйл биш. Ерөөсөө л МАНАН хэмээх бүлэглэл л байдаг гэж хэдийнээсээ ярих болсон болохоор энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль М.Энхболдынх болсон гэж эхнээсээ төлөгдөөд байгаагийн учир ч энэ байж болох. 
 
Магадгүй Э.Бат-Үүлийн бойкот үүнээс үүдэлтэй ч байж болох юм. 
 
Сонгуулиас сонгуульд сонгогчдын ирц буурч байгаа үед санал хураалтад оролцохгүй байхыг уриална гэдэг өөрөө том асуудал. Тэр тусмаа эгзэгтэй сонгууль гэгдэж байгаа энэ үед бойкот гэдэг эцсийн арга зам. Намуудаас нэр дэвшигчдийг тодуулахад бараг арав хоног дутуу байхад ингэж дуугарна гэдэг Э.Бат-Үүлийн хувьд амиа хорлосноос өөрцгүй. Магадгүй Миеэгийн хүүхэд /М.Энхболд/ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой гэсэн тохиролцоо өнгөрсөн УИХ-ын сонгуулийн яг дараа хийгдсэн гэдгийг хүссэн ч эс хүссэн ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсондоо бачуурахдаа бойкот зарлах болов уу? 
 
Энэ төлгөөр бол УИХ нь хөдөлшгүй 65, Ерөнхийлөгч нь М.Энхболд, дахиад Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх “санал асуулга”-ыг ард иргэдээр явуулуулна.
 
Ямар санагдаж байна? Гоё уу? 2020 оны сонгуулийг бүр төсөөлөхөд ч амар. Шууд 100 хувь МАН.
 
Ингэхэд энэ удаа ч гэсэн МАН-ыг ганцаарангаар нь сонгуульд оруулчихвал зүйтэй юм биш үү? Худлаа санал хураалт явуулсан болж, худлаа санал өгсөн болж байснаас??? Эсвэл үнэхээр шударга сонгууль болно гэдэгт та итгэж байна уу? Э.Бат-Үүл баатарт тавьсан асуултаас үүдээд иргэн танд эргүүлэн тавигдаж байгаа энэ асуултанд та заавал хариулаарай. Үнэхээр шударга сонгууль болох уу? Та энэ удаагийн санал асуулгад оролцох уу, эсвэл бойкотлох уу? 
 
 
А.Алтантуяа  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)