Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

"Эрэл"-ээр овоглогддог Б.Эрдэнэбат шүүхийн өмнө зогсоно

“Эрэл” компаниар овоглогдож, аж ахуйн нэгжийнхээ нэрээр нэрийдсэн намын даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбат шүүхээс ял сонсох нь тодорхой болжээ.  Түүний монголын газар нутагт хийсэн хор уршиг, баяжихын төлөө газар нутгийг хэрхэн талхалсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Алт олборлож байсан газрууд нь сарны гадаргуунаас ч дор болсныг хэвлэл мэдээллээр гаргаж байсан нь ч саяхан мэт.
Тэгвэл энэ эрхэмд төрийн хуулиар гэм зэм ногдуулах хэмжээнд асуудал урган гарч байгаа сурагтай. Гэхдээ өмнөх буруутай үйл ажилгаанд бус харин Хөгжлийн банкаар дамжуулан “Чингис”,”Самурай” бондоос зээл авчихаад үр ашиггүй зарцуулж, завшсан гэсэн үндэслэлээр аж. Төр засаг солигдож, зээл тусламжийн хөрөнгөөс авсан хүмүүсийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд шалгалт хийсэн. Тодруулбал, АТГ-аас шалгасан. Тухайн үед АТГ-ын мөрдөн байцаагчид түүний гэрт үзлэг шалгалт хийсэн байна. Гэтэл Б.Эрдэнэбат авлигын акулуудыг намнагч нарыг эсэргүүцэн уурлаж, комиссарыг нь алгадаж зодсон байгаа. Ингэснээр төрийн албан хаагчийн үүрэгт ажилд саад учруулсан, биед нь халдсан гэх хэрэгт тэрээр унасан юм. Б.Эрдэнэбат гуайд холбогдох уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүү үүсгэн шалгаж, прокурор яллах дүгнэлтээ үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. 
Ирэх даваа гаригт авлигын аварга загаснуудын ангуучийг алгадаж, зодсон эрхмийг шүүх хурал болох нь. Түүнд Эрүүгийн хуулийн 230.1-д заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд хэрэв буруутай нь нотлогдвол 1-1.6 жилийн хорих ял оногдуулах юм байна.
Ерөнхийдөө хууль сахиулах үйл ажиллагаа эрхэлж байгаа хүний биед халдана гэдэг хуулиар хориотой. Тэр тусмаа авлигачидтай тэмцэгчийн хуулиар олгогдсон эрхэнд шууд халдах эрх зүйн үндэслэл хаа ч байхгүй. Гэтэл бөх зүрхтэй, бүдүүн дарга Б.Эрдэнэбат өөртөө ийм эрх ямба олгожээ. Тэрээр “Манайхыг нэгжлээ. Нүдэн дээр хамаг эд зүйлсийг онгичиж байна” хэмээн уцаарлаж, уур хилэн нь бадарч шалгат явуулж байсан байцаагчийг нударгалж, шууд халдан довтолж, нэг сайн хашраасан. Ямартай ч энэ үйлдлийнхээ төлөөсийг даваа гарагт төлөх нь гарцаагүй биз. Шүүхээс Б.Эрдэнэбатын зөв гэсэн дүгнэлт л гарахгүй бол төрийн өмнө цээрлэлээ хүлээх биз.
Мөн АТГ түүнд холбогдох нэгэн хэргийг шалгаж байгаа нь  23 сая ам.долларын зээлийн асуудал юм. Тэрээр ар өврийн хаалга хэрэглэн байж уг зээлийг авсан гэж учир мэдэх хүмүүс ч ярьдаг. Гэтэл авахдаа алга тосон халаасалчихаад, эргэн төлөх дээрээ тулахад төлөхгүй "новширч" суугаа гэх. Иймээс л АТГ-аас шалгалт хийж, санхүүгийн асуудалд анхаарсан хэрэг. Ер нь, бизнесээ өөд татах гэж л зээл авсан байж таараа. Төр хэрэгтэй мөнгийг нь цаг тухайд нь өгсөн. Тэгвэл эргэж төлөх нь гарцаагүй зүйл. Гэтэл эргэн төлөх асуудлаа эрхэм хүн мартсан бололтой. Тиймээс ч төлөхгүй сууж, "луу унжиж" яваа ажээ. 
Б.Эрдэнэбат гуай Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 23 сая ам.долларын зээл авчихсан нэгэн. Барьцаагүй зээлийн асуудлыг сөхвөл эхлээд 14, араас нь есөн сая ам.долларыг авсан юм байна. Энэ асуудал ч удахгүй босч ирэх тодорхой. Тиймээс АТГ-ын албан хаагчийг хашраасан асуудлын дараа уг хэрэг нь ч эрчээ авах нь гарцаагүй биз ээ. Ийнхүү "Эрэл"-ээр овоглогдох Б.Эрдэнэбат шүүхийн өмнө гараа өргөх нь гарцаагүй болж байх шиг. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [27.123.214.114] 2017/05/22
Зээл аваад төлөөгүй МАНгаруудаа яах ч үгүй байж гэрт нь ирж ухаж онгичоод байдаг. Миеэ/Эби-ийн мафийн бүлэглэлийн гар хөл АТГ татан буулгавал таарна!