Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Оюутнуудын ард нуугдсан "Энигма"-гийн удирдлагууд

-Хэдэн тэрбумаар тоологдох татвараас зугатах гарц нь эрхээ сургуульд шилжүүлэх. Ингэснээр татвараас бултана, газар нь ч "Энигма"-д үлднэ-

Дархан цаазат Богд хан уулын хормой Зайсангийн аманд байх газрын төлөөх тэмцэл хүчтэй өрнөж байна. Улаабаатарчуудын аялж зугаалах гол цэгийн нэгээр нэрлэгдсээр удаж байгаа Зайсан бүсэд автомашины зогсоол хангалтгүй, үйлчилгээ үзүүлэх газар ч ховор. Үүнээс шалтгаалан олон хүндрэл учирч байгааг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл гүйцэтгэх засаглалаас шийдвэр гарган аялал жуулчлалын бүс болгохоор 3 тэрбум төгрөг тусгахаар болсон юм. Энэхүү зардлын хүрээнд гурван га газрыг хаммарсан бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх юм аа. Гэтэл гаргсан шийдвэрт дургүйцсэн аж ахуйн нэгж ашиглахаар олгогдсон газраасаа ганц см-ийг ч өгөхгүй хэмээн тас гүрийснээр асуудал хурцдаж эхэллээ. Зайсанд 41 га талбайг ашиглахаар гэрээ байгуулсан “Энигма” компанийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийг буруу гэж үзэн тэмцэлдэж байгаа юм. Уг нь, хуулиа барьчихвал засаг ялах юм. Үүнийг мэдсэн “Энигма”-гийнхан өөрийн мэдэлд байх хоёр сургуулийн нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлчихэж. Ерөнхийдөө алсыг харсан бодлого ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас нь харвал татвараас бултах том шалтгаан байжээ.

Өөрөөр хэлбэл, тухайн газрын хэмжээгээр жилд төлөх татвар нь тав зургаан зуун сая төгрөг. Аж ахуйн нэгж ийм хэмжээний татвараас бултсанаар ямар их ашигтай байх нь ойлгомжтой. Тиймээс хуулийн цоорхойг ашиглан өөрийн мэдлийн хоёр сургуульд газрын зөвшөөрлөө шилжүүлснээр мөнгө зарлагадах шаардлагагүй болсон хэрэг. Үнэндээ сургуулийн мэдлийн газар гэх зүйл тэнд байхгүй. Оюутнуудад зориулсан ганц байшин ч алга. Гэтэл төрийн, нийтийн эзэмшлийн газрыг өмчилчихсөн мэт аашлан байгаа нь хачирхалтай. Төр, засгаас гаргасан аливаа шийдвэрийг эсэргүүцэж байна гэдэг нэлээд том толгойтойн шинж байх. Тиймээс ч сантиметр ч газар өгөхгүй хэмээн сууна.

Энэ нь, нэг ёсондоо Засгийн газар болон хувийн компани хоёрын зөрчил юм. Гэвч энэ хоёрын дундуур оюутнууд шургалан орж, эрх ашиг ярьж, гаргасан шийдвэрээ цуцал хэмээн тулган шаардаж эхэлээ. Яагаад гэвэл, оюутнуудыг төрийн эсрэг түлхэж өөрсдимйн эрх ашгаа хамгаалах гэсэн л үйлдэл. Нэг үгээр хэлбэл, газраа авч үлдэх гол зэвсэг нь оюуутнууд учир. Мөн учир мэдэхгүй хүүхдүүдийг урдаа барих нь маш ашигтай байгаа болохоор. Жагсаж байгаа оюутнуудад мэдэж байгаа зүйл ч алга. Бид эко хотхон барих байсан газар л гэнэ, Засгийн газар шийдвэрээ цуцал, сайд огцор, боль ч гэнэ үү нэг тийм зүйл орилж, чарлах. Тэдэнд тодорхой мэдэх зүйл ч тун бага байна.

Яг яагаад ийм зүйл болчихов. Хууль журам юу билээ ч гэж бодож байгаа хүн байхгүй. Нэг л их том том зүйл ярьсан нөхдүүд. Гадаадад дархан цаазтай ууландаа оюутан сурагчдаа байрлуулдаг сургууль барьдаг гээд цэцэрхэж байна. Тэгвэл Монгол Улсын хуульд дархан цаазат газарт сургууль барих заалт огт байхгүй гэдгийг мэдэх хэрэгтэй биз. Хүний нутгийн юмыг ярьж суухаар өөрийн нутгийн хуулиа сөхвөл дээрсэн.

Ер нь, нийтийн эрх ашгийн үүднээс Засгийн газар шийдвэр гаргаж байхад яагаад эсэргүүцээд байгаа нь хачирхалтай. 41 га газрынх нь гуравхан га-д олон нийтийн тусын тулд зам талбай, нийтийн бие засах газар барих гэсэн юм аа гэхээр үгүй гээд байдаг. Уулзаж ярилцъя хэмээн яамны зүгээс санал тавихаар бултаж зугтаад олдохгүй. Алсын удирдлага болон сууж, оюутнуудыг турхирч засаг, яам хоёртой тэмцэлдүүлэхээр болж байхшиг, “Энигма”-гийн удирлагууд. Өөрсдийгөө агуу зүйлийн төлөө тэмцэлдэж байна хэмээн ойлгож яваа эрхэм оюутнууд бол хадны завсарт байгаа юу гэдэг билээ түүнтэй адил. Зүгээр л тоглоом.

Цаашид төр төмөр нүүрээ харуулж, хууль цаазынхаа дагуу явбал “Энигма”-д гарах гарц байхгүй. Газрын тухай болон бусад хуульд төр ашиглуулахаар өгсөн газраа буцаан авах, нөхөн төлбөр олгох замаар авч болно гэсэн заалттай. Тиймээс төрийн хараа, гар хоёр зэрэг ажиллавал гурав байтугай 40 га-гаар нь хамаад авчихаж бас чадах л байх. Тиймээс учир мэдэхгүй оюутнуудаар бамбай хийхийн оронд асуудлаа нүүрээ тулж байгаад ярилцах нь дээр биш үү. Цаашид энэ олон оюутнуудын ард нуугдах шаардлагагүй биз ээ. Хоёр сургуулийн нэрийн дор төрд татвар төлөхөөс бултсан “Энигма”-гийн удирдлагууд аа.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)