Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Б.Мөнхжаргал: “Цонх үе”-дээ улсаа хөгжүүлэхгүй бол хойч үе хүнд ачаа үүрнэ

Манай улсын нийт хүн амын 35.5 хувийг залуучууд буюу 16-35 насны иргэд эзэлж байна. Энэ нь хөдөлмөрийн насны иргэд нийт хүн амын дийлэнх хэсгийг эзэлж байгаа буюу хүн амын “Цонх үе” анх удаа тохиож байгаа юм. Энэ талаар МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
 
- Юуны өмнө хүн амын “Цонх үе”-ийн талаар товч ойлголтыг манай уншигчдад өгнө үү?
 
- Монголын хүн ам сүүлийн 100 жилд хэрхэн өссөн түүхэн хандлагыг харвал 1960-1980 онд хамгийн эрчимтэйгээр өссөн. Тэр үеийн хүн ам маш залуу бүтэцтэй  буюу 15 хүртэлх насны хүүхдүүдийн эзлэх хувь өндөр байсан. Харин 1980 оны дунд үеэс төрөлтийн түвшин нас баралтаасаа илүү хурдтайгаар буурч эхэлснээр хүн амын өсөлтийн хурд удааширч байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн хэтийн тооцоогоор 2040 он гэхэд Монголын хүн ам 3,9 сая болох төлөвтэй байна гэсэн тооцоо гарсан. Дэлхийн аль ч улс оронд тохиолдож болох дээрх үзэгдэл буюу тодорхой хугацаанд хөдөлмөрийн насны хүн амын хувийн жин хамгийн өндөр түвшинд, харин 0-15 хүртэлх насны хүүхдүүд болон ахмадуудын хувийн жин хамгийн бага түвшинд байх үеийг “Хүн ам зүйн цонх үе” гэж нэрлэдэг.
 
- Энэ үе тохиох нь улс оронд ямар ач холбогдолтой вэ?
 
- Хүн ам зүйн цонх үеэ маш сайн ашиглаж эдийн засгийн өсөлтөө хурдасгаж, нийгмийн хөгжлийн зорилтууддаа хүрч чадаж байгаа тохиолдлыг “Хүн ам зүйн цонхны үр ашиг” гэдэг. Гэхдээ хүн ам зүйн цонх үе тохиосон улс орон бүр эдийн засгийн өндөр хөгжилд хүрдэг гэсэн баталгаа байхгүй. Цонх үеэ тухайн орон хэрхэн ашиглаж байна вэ гэдэг нь хамгийн чухал юм.
 
- “Цонх үе”-ээ амжилттай ашигласан бусад улс орны сайн жишээг дурдвал?
 
- Жишээ нь, Зүүн Азийн бар орнуудыг дурдаж болно. Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, Хонконг зэрэг орнууд хөдөлмөрийн нөөцийн хэмжээ нэмэгдмэгц төр, засгаас ажлын байр нэмэгдүүлэх бодлого явуулж эхэлсэн байдаг. Өмнөд Солонгосыг аваад үзэхэд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлж, бизнес эрхлэх боломжоор хангаж татварын хэмжээг бууруулж,  бага хүүтэй зээл олгох зэрэг бизнес, эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгснөөр эдийн засгийн өсөлт нэмэгдсэн байгаа юм.
 
- Тэгвэл манай орон энэ үеийг хэрхэн ашиглаж болох вэ?
 
- Хамгийн нэгдүгээрт хөдөлмөрийн насны хүмүүс нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт нэмэгддэг. Мэдээж тэдгээр хүмүүс ажил эрхэлж байх хэрэгтэй. Тэгэхээр ажлын байраар хангах бодлого барьж ажиллах шаардлагатай.
Хоёрдугаарт хадгаламж, хөрөнгө оруулалт хийх. Хэрэглэхээсээ илүү бүтээдэг насны хүмүүс их байна гэдэг хадгаламж үүсгэх боломж илүү байна гэсэн үг. Хадгаламж нэмэгдсэнээр хөрөнгө оруулалт хийх боломж бүрддэг. Хүн ам зүйн цонхноос бусад үедээ явж байгаа улс орнуудыг аваад үзэхэд хадгаламжийн түвшин өндөр байж чаддаггүй.
 
Дараагийн амжилттай ашиглахад нөлөөлөх зүйл нь энэ үед нэг хүнд ногдох хөрөнгө оруулалтын түвшин өндөр байдаг. Жишээлбэл би сард сая төгрөгийн орлоготой байлаа гэж бодоход хүн ам зүйн цонх үед гэр бүлүүд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байдаг тул нэг хүнд зарцуулах мөнгө илүү байх нь ойлгомжтой. Хуваарилагдаж буй мөнгө их байх тусам хэрэглээгээ чанаржуулах боломж бүрдэнэ. Тэр хэрээр эрүүл мэнд, боловсролын чанар сайжирч нийгэмд илүү хувь нэмэр болох иргэд төрнө гэсэн далд утга явж байгаа юм. Дээрх гурван нөхцлийг бүрдүүлж чадахгүй бол хүн ам зүйн цонх үе тохиосон ч гэсэн эдийн засаг хурдтай өсөлттэй байх боломжгүй.
 
Одоогийн байдлаар статистикийн үндэсний хорооноос хийсэн судалгаагаар 15-60 насны иргэд хүн амын 64 хувийг эзэлж байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл гурван хүн тутмын хоёр нь хөдөлмөрийн насных. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөр хийдэг хоёр хүн дундаа нэг хүүхэд эсвэл нэг ахмад хүн тэжээх хэмжээний ачаалал үүрч байна гэсэн үг. Харин хүн ам зүйн цонх үе өнгөрөхөд насжилтийн үйл явц тохионо. Олон тооны хөдөлмөрийн насны иргэд тэтгэвэрт гарахад тэр хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг улс яаж өгөх вэ?
 
Ингээд залуу үе буюу хөдөлмөрийн насны хүмүүст үүрэх ачаа нэмэгдэнэ гэсэн үг юм. Иймээс хүн ам зүйн цонх үе нээгдсэн байх үед улс орон хадгаламж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулах юм бол олон тооны хөдөлмөрийн насны хүмүүсийн хуримтлуулсан нөөцөөр эргээд тэдний тэтгэвэр, халамж зэргийг тавих боломжтой.
 
- Манай оронд хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангаж, хадгаламж хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулах байтал эсрэгээрээ халамж, тэтгэмж өгөх хандлага давамгай байх шиг. 
 
- Тиймээ, уул уурхайн салбараа ашиглаж баялаг бүтээгээд байгаа юм шиг хэрнээ ашгаа зөв зарцуулахгүй байна. Энэ нь улс төрийн тогтворгүй байдалтай шууд холбоотой л доо.
Мэдээж улс орон бүрт нийгмийн хамгааллын бодлого гэж байна. Гэхдээ энэ нь бүх хүн амд чиглэсэн хавтгайрсан халамж байж болохгүй. Зөвхөн зорилтот бүлгэд л хандсан байх хэрэгтэй. Түүний оронд хуримтлалаа үүсгээд явбал ирээдүйд хэрэгтэй. Яагаад гэвэл одоо байгаа хөдөлмөрийн насны олон тооны хүмүүс тэтгэврийн насандаа очиход бидний үр хүүхдүүд бидний үеийг авч явах болно.
 
Одоогийн хөдөлмөрийн насны хүмүүсийн олж буй мөнгөөр одоогийн тэтгэврийн насны хүмүүсийн тэтгэврийг тавьж байна. Зүй нь, хүн залуу байхдаа нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, нэр дээрээ данс үүсгээд, тэр нь урт хугцааны туршид хүүгээрээ өсөөд тэтгэвэрт гарах үедээ түүнийгээ хэрэглэж болох тогтолцоо байх хэрэгтэй юм.
Мөн манайх хадгаламж, хөрөнгө оруулалтын бодлогууд дээрээ томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй бол банкинд итгэх хүмүүсийн итгэл муу, банкнаас зээл авахад хүндрэлтэй, танил тал харах хэрэгтэй болдог гэх мэт асуудал их байдаг. 
 
- Хэрэв “цонх үе”-ээ ашиглаж чадахгүй бол ямар сөрөг үр дагавар гарч болох вэ?
 
- Ирээдүйдээ хүнд ачаа өгнө гэсэн үг. Учир нь одоогийн хөдөлмөрийн насны хүмүүс бүгд тэтгэвэрт гарчихаар бидний үр хүүхдүүд биднийг авч явахын тулд одоо төлж байгаа татвараас их хэмжээтэй татварыг тэд төлөх шаардлагатай болно.
 
- Монголд хүн ам зүйн цонх үе хэр удаан үргэлжлэх төлөвтэй байна вэ?
 
- Онолын хувьд тодорхой хугацаа байдаггүй. Төрөлтийн түвшин хэр зэрэг хурдан буурахаас хүн ам зүйн цонх үе удаан үргэлжлэх үү, үгүй юу гэдэг хамаарна. Тэгэхээр төрөлтийн түвшин богино хугацаанд буурвал цонх үе удаан үргэлжилж чадахгүй. Төрөлтийн бууралт аажмаар буурвал хүн ам зүйн цонх үе удаан үргэлжилдэг. Цонх үеийг удаан хадгалья гэвэл төрөлтөө огцом буулгахгүй байх бодлого баримтлах хэрэгтэй.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Д.Чимэг
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)