Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Энэ зуны онцлох гоёл: Цэцгэн хээ

“Хувцаслах урлаг” загварын хуудсыг хөтлөн явуулдаг Г.Саандарийн зөвлөгөөг хүргэж байна. “Хувцаслах урлаг” фэйсбүүк хуудас нь 32000 гаруй дагагчтай бөгөөд энэхүү хуудаснаас аль ч насны эмэгтэй хувцаслах соёл, зөвлөгөө авах боломжтойгоос загварын ертөнцийн талаарх сүүлийн үеийн сонирхолтой мэдээллүүдийг нийтэлдгээрээ онцлог. Энэ удаад түүнтэй 2017 оны зуны хувцаслалтын чиг хандлага, ажил хэрэгч хувцаслалт, зуны хамгийн гол гоёлын нэг нүдний шилийг хэрхэн сонгох талаар ярилцлаа.
-Энэ оны зуны хувцаслалтын чиг хандлагын талаар ярихгүй юу? 
-Хувцаслалтын чиг хандлагын талаар ярихын тулд дэлхийн хувцас загварын ертөнцөд ямар трэнд хүч түрэн орж ирж байгаа талаар дурдах хэрэгтэй. Хээ хуарны хувьд энэ зун янз бүрийн судалтай цэцгэн хээ моодонд байна. Мөн тод шар, ягаан гэх мэт өнгийг дэлхийн нэртэй загварын ордон, дизайнерууд 2017 оны хавар, зуны загварууддаа онцолсон байгаа. 
Олон хуниас, нарийн нугалаас, давхар оруулгатай даашинз, цамц гээд маш эмэгтэйлэг харагдуулах загварууд ч энэ зуны хувьд трэнд. Мөн тэгш бус хэмт загварын юбкыг ч нэрлэж болно. Гэхдээ охид, бүсгүйчүүд маань загвар бол түр зуурынх, стиль бол мөнх гэдэг үгийг санахад илүүдэхгүй. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл өөрийн үндсэн стилийг тухайн үеийн загварын трэндтэй төгс хослуулснаар та хэзээд загварлаг харагдана гэсэн үг. 
-2017 оны зуны онцлох өнгө ямар өнгө байх вэ? 
-Америкийн “Pantone Color Institute” хүрээлэнгийн шинжээчид 2017 оны гол өнгийг шар туяатай тод ногоон өнгө гэж нэрлэсэн байгаа. Энэ хүрээлэнгээс жил бүрийн арванхоёрдугаар сард дараа жилийнхээ өнгийг онцлон нэрлэдэг бөгөөд тэр өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, бүтээгдэхүүн үйлдвэрлэл гээд олон зүйлд тусгалаа олдог. Мөн улирлыг нь онцлон топ 10 өнгийг нэрлэдэг. 
Энэ зуны хувьд шар, ягаан буурал, шар туяатай ногоон, цайвар цэнхэр, цэргийн ногоон, хөх, дөлийн улаан гэх мэт өнгөнүүдийг нэрлэсэн. Өнгөний тал дээр нэмж хэлэхэд хүн стилиэ бүрдүүлэхдээ өөрийнхөө арьсны өнгөнд хамгийн сайхан зохицох хэдхэн төрлийн өнгөөр хувцасны шүүгээгээ бүрдүүлбэл стилиэ олоход их дөхөм болдог. 
-Цүнхний хувьд ямар хэмжээтэй, загварын хувьд ямар цүнх моодонд орж байна вэ? 
-Цүнхний загварын хувьд энэ зун олон дугуй тоноглол чимэглэлтэй, гар цүнхний загвар, эсвэл бүсэндээ зүүдэг цүнхийг онцолмоор байна. Гэхдээ цүнх бол тухайн хүний ажил мэргэжил, нас, үсний онцлогоос шалтгаалан маш олон төрөл бөгөөд ийм загвар моодонд байна гэж хэлэхэд хэцүү. Харин цүнхтэй холбоотойгоор нэмж хэлэх санаа бол сайн чанарын арьсан үүргэвч үүрэх нь таны насыг таван насаар залуужуулна гэж хэлмээр байна. 
-Зун цагт охид, бүсгүйчүүд хэрхэн хувцаслах нь зохимжтой байдаг вэ? 
-Манай орны хувьд зуны улирал хэтэрхий богинохон. Тийм болохоор зуны сайхан наранд аль болох бие ил гарах хөнгөн нимгэн хувцаслаж, нарнаас Д витамин хангалттай авахыг юуны түрүүнд зөвлөмөөр байна. Мэдээж хүн бүр өөрийн стиль имижинд тохирох хувцсаа өмсдөг ч гэлээ зуны цагт охид бүсгүйчүүд маань аль болох цайвар эсвэл өнгөлөг даашинз юбка өмсөх нь цэцэг навч алагласан зуны улиралтай гайхалтай сайхан зохицдог. 
-Зуны улиралд манай бүсгүйчүүдийн хувцаслалтдаа гаргадаг гол алдааг хэлээч гэвэл та юу хэлэх вэ? 
-Гадаа +30 хэм зааж байхад хар трико өмсөж түүндээ халууцан түүртсэн бүсгүйчүүд зөндөө явж байдаг. Эсвэл жинсэн шорт өмсөхдөө дотуур нь шилэн хар трико өмсөх зэргээр. Та одоо л өөрийн арьсаараа амьсгалахгүй юм бол өөр хэзээ амьсгалах билээ. Зарим бүсгүйн хувьд байнга шахуу хар бараан өнгөөр дагнах дуртай байдаг. Хэрвээ заавал бараан өнгө сонгомоор байгаа бол хувцасны материал нь шифон эсвэл торон гэх зэрэг нимгэн байх нь зохимжтой болов уу. 
-Ажил хэрэгч бүсгүйчүүдийн хувьд хэрхэн хувцаслах нь зохимжтой вэ?
-Тухайн ажлын орчин нөхцлөөс шалтгаалан хувцаслалт заасан дресс код буюу юбканы уртын хэмжээ тийм байна гэсэн нарийн заалттай ажлын байр зөндөө бий. Тийм газар мэдээж тэр дагуу хувцаслана. 
Харин арай чөлөөтэй оффис орчинд бүсгүйчүүд маань ажил хэрэгч дүр төрх бүрдүүлэхдээ ганц нэг бяцхан дүрмийг санахад илүүдэхгүй. Үүнд халуунд та ямар ч нимгэн цамц өмссөн дотуур нь өмссөн левчик тань нэвт гэрэлтэх ёсгүй. Суга ил гарсан байх нь зохимжгүй. Мөн юбканы урт өвдөгнөөс дээш гурван хуруунаас ихгүй байна. Мөн хөлийн хуруу ил гарсан сандаал өмсөх нь зохисгүй зэрэг хэдэн дүрэм байна. Гутлын хувьд ажил дээрээ ирээд сольж өмсөхөөр зохицуулсан ч болно шүү дээ.
-Зуны хувцаслалтын нэг гоёл нь нүдний шил байдаг. Нарны шилийг хэрхэн сонгох вэ?
-Шил сонгохдоо загвараас гадна ази төрх, европ төрхний алинд нь зориулагдсан эсэхийг нь лавлах хэрэгтэй. Учир нь, зарим брэндийн хувьд Ази төрхөд зориулсан нь хамрын зай нарийвтар бас намхандуу байдаг. Тэгэхээр та өөрийн нүүрний хэлбэрт хэр зохицож байгаад хөндлөнгийн хяналт хийлгээрэй. Хоёрдугаарт, шилний өнгө маш чухал. Өөрийнхөө царайны дэвсгэр дээр хэр зохицож байгааг сайн бодолцоорой. Нарны шилний хувьд хар өнгө бүх зүйл дээр зохицох нь дамжиггүй. Харин өөр өнгөтэй бол бодох хэрэгтэй. Хэрвээ таны шил хүрэн бор өнгөтэй бол тэр дагуу бор, шаргал, хүрэн гээд хоорондоо “хашгиралдахгүй” өнгөөр хувцаслах хэрэгтэй. Мөн өнгө нь таны ээмэг зүүлттэй уялдах хэрэгтэй. Ази төрхийг илүү цэвэрхэн харагдуулдаг загвар бол хүрээгүй шил юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)