Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ерөнхий сайд А.Амар агсны тухай кино бүтээж байна

Улс үндэстнийхээ тусгаар тогтнол, эрх ашгийн төлөө тэмцэгч Монгол Улсын Ерөнхий сайд Агданбуугийн Амарын тухай өгүүлэх нэгэн түүхэн уран сайхны киног хэсэг уран бүтээлч хийж эхэлжээ. “Монгол Улс мандаг” нэртэй энэ киноны зургийн нээлт буюу “Мотор дуугаргах ёслол” түүний төрсөн нутаг Булган аймгийн Бугат сумын Ханжаргалантын нурууны Маалын аманд болсон байна.
 
Чинван Ханддоржийн шавь, талын язгууртнууд, төрийн түшээдээ бэлддэг сүүлчийн дэг сургуулиар хүмүүжсэн Монгол төрийн Мэргэн сайд Агданбуугийн Амар бол Ерөнхий сайдын албыг хоёр удаа хашиж байсан төрийн нэрт зүтгэлтэн юм. Үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж 1941 оны 7-р сарын 10-нд Москвад цаазлуулсан энэ их хүмүүний тухай залуу хойч үе тэр бүр мэддэггүй. Тиймээс “Чингис хаан кино сан”-гаас санаачлан түүний тухай уран сайхны киног бүтээж эхэлжээ.
 
Кино зохиолыг 5 жилийн өмнө буюу 2012 онд залуу зохиолч Мөнхөөгийн Энхболд бичжээ. Монголд аж үйлдвэрийн анхны суурийг тавьсан, үндэсний банк санхүүгийн тогтолцоог бий болгосон, уул уурхайг дагасан төмөр замыг бий болгохоор аль 80 жилийн өмнө гуравдагч оронтой харилцаж байсан гээд Амар гуайн түүхийг судлахад олон нийтэд харуулж үзүүлэх асар их зүйл байсан гэж зохиолч нь ярьж байлаа. 
Киног бүтээхэд Булган аймгийн Бугат сумын захиргаа бүх талаар тусалж дэмжиж байна. Мөн нутгийн зон олон болоод Амар сайдын үр хүүхэд, ач зээ нар нь ч хүрэлцэн ирсэн юм.
 
Ханжаргалантын нуруу хэтээсээ Монгол төрийн сод хүмүүсийн өлгий нутаг байсаар ирсэн. Чин ван Ханддорж ч энэ нутгийн хүн. Ханд вангийн киног туурвиж байсан олон уран бүтээлчид энэхүү “Монгол Улс мандаг” киног бүтээхэд дахин хамтран зүтгэж байгаа юм байна.
 
Агданбуугийн Амар бол зөвхөн Булган нутгийн хүн биш Монгол түмний хүү юм. Түүний амьдрал түүхээс өнөөгийн улс төрчид болоод залуу хойч үе, монгол хүн бүр суралцах ёстой гэж киноны Ерөнхий найруулагч ярьж байлаа. Тэрбээр киногоо ирэх жил тохиох Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгооос өмнө дуусгана гэв.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)