Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Ц.Лхагвацэнд: Ганцаараа хэр хол алхаж үзэхээ мэдэх гэж ОХУ-д сурсан

“Залуус” буландаа Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэндийг урьж ярилцлаа. Тэрбээр “Студент года-2016” оросын үндэсний уралдаанд “Дээд боловсролын байгууллагын гадаадын шилдэг оюутан-2016” номинацид тэргүүн байр эзэлж байсан юм. Энэхүү уралдаанд Орос Улсын өнцөг булан бүрээс төдийгүй дэлхийн бараг бүх улсаас ирсэн 200 орчим шилдэг оюутнууд өрсөлдсөн юм. ОХУ-ын нэр хүнд бүхий уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн түүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа хүлээн авч баяр хүргэж байсан билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе. 
-ОХУ-д суралцах болсон талаараа хуваалцахгүй юу. Яагаад заавал Орост суралцахаар болсон юм бэ?
-Би Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит  лицей сургуулийг 2010 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөн даруйдаа ОХУ-д суралцахаар шалгалт өгч В.В.Путины нэрэмжит тэтгэлэг хүртсэн. Гэвч тухайн үед 15-тай байсан болохоор насанд хүрээгүй гэсэн шалтгаанаар суралцах боломжгүй болсон. Тиймээс хоёр жил Монголдоо МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч байгаад БСШУЯ-наас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгалт өгч тэнцэн, В.В.Путины нэрэмжит тэтгэлгээр суралцах болсон. 
-Одоо хуулийн чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Бакалавраа ямар мэргэжлээр дүүргэсэн бэ? 
-Бакалавраа хуулийн чиглэлээр 2016 онд дүүргэсэн. Одоо ч гэсэн хуулийнхаа чиглэлээр суралцаж байгаа. Магистртаа сурахын зэрэгцээ сургуульдаа ажиллаж байгаа. 
-Хуулийн чиглэлээр суралцах нь таны багын мөрөөдөл үү. Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан бэ?
-Хууль, хүчний байгууллагын хүн болно гэж багаасаа л зорьсон. Тиймээс анхнаасаа хүсч мөрөөдөж байсан мэргэжил минь гэж хэлж болно. Энэ салбарын хүн болох гээд хичээж л явна.
-Сургуульдаа ажиллаж байгаа гэсэн. Ямар ажил эрхэлдэг вэ? 
-Хоёрдугаар курсээсээ төгссөнийхөө дараагаар ажиллаж байсан. Одоо ажиллаад бараг гурав, дөрвөн жил болчихов уу даа. Хөдөлмөрийн гэрээгээр сургуульдаа ажиллах нь тийм ч амар хялбар олддоггүй завшаан юм. Манай сургууль гурван орлогч захиралтай. Миний хувьд нэг орлогч захирлынх нь удирдлага дор ажилладаг. 70 гаруй настай, манай сургуулийн орлогч захирлыг хийж буй Кузьмина Валентина Михайловиа гэж хатагтай бий. Мөн ажлын бус цагаар хүмүүнлэгийн ажил зохион байгуулдаг. 
-ОХУ-ын нэр хүнд бүхий “Студент года-2016” уралдаанд “Гадаадын шилдэг оюутан” номинацид тэргүүн байр хүртсэн байсан. Энэ талаар ярилцъя?
-Хүмүүс энэ шагналыг ойлгохдоо амжилттай суралцсан хүүхдэд олгодог шагнал гэж ойлгодог. Гэтэл энэ нь үгүй юм. Энэ уралдаан нь маш олон шалгуураар үргэлжилдэг. Эхлээд сургуульдаа өрсөлдөнө, дараа нь Москва хотын оюутнуудтайгаа өрсөлдөнө. Үүний дараагаар ОХУ-ын бусад хотын оюутнуудтай өрсөлдөж, дараа нь Оросын бүх оюутнуудтай өрсөлддөг. Уралдаан нь 2-3 сар үргэлжилдэг. Бас зөвхөн гаднын орноос ОХУ-д суралцаж байгаа хүүхдүүд биш ОХУ-ын их дээд сургуульд суралцаж бүхий л оюутнууд оролцдог. Соёл урлаг, шинжлэх ухаан, сэтгүүл зүй, спортын салбарын шилдэг оюутан, лидер оюутан зэрэг олон номинацитай. Миний хувьд энэ уралдааны “Дээд боловсролын байгууллагын гадаадын шилдэг оюутан-2016” номинацид тэргүүн байр эзэлсэн.
-Уралдааны гол шалгуур нь юу вэ?
-Уралдаанд оролцож буй оюутнууд нь амжилттай сайн суралцсан байхаас гадна эрдэм шинжилгээний хуралд байр эзэлсэн байх ёстой. Дараа нь Москвагийн сургуулийн оюутнуудтай өрсөлдөхдөө ярилцлагад ордог. Энэхүү ярилцлагыг ОХУ-ын сургуулийн экспертүүд ирж шүүдэг. Дараагийн шатанд илтгэж бэлтгэж танилцуулдаг. Хоёр минутын хугацаанд өөрийгөө танилцуулж, яагаад таныг шилдэг оюутан болгох ёстой вэ гэдэг талаас нь танилцуулах ёстой. 
-Шагнал гардуулахад юу бодож байсан бэ?
-Шалгаруулалтын дүн гарахын өмнө өөрийгөө бараг л түрүүлчихлээ гэдгээ мэдсэн. Хамгийн сүүлчийн шалгаруулалтын дүнгээр хамгийн өндөр оноо авсан байсан. Бас өөрийгөө танилцуулж буй хүүхдүүдийг хараад өөрийгөө  давуу байгаа гэдгээ мэдэрсэн. 
-Энэ уралдаанд өмнө нь гадаадын оюутан шалгарч байсан тохиолдол байдаг уу? 
-Узбекстан, Тажекстан зэрэг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны оюутнууд гадаад оюутанд тооцогддог. Гэхдээ тэдний унаган хэл нь орос хэл шүү дээ. Энэ орны оюутнууд түрүүлж байсан тохиолдол бий. Түүнээс биш өөр орны оюутан ялагч болж байсан тохиолдол байхгүй.
-ОХУ-д сурахад хэр хүндрэлтэй байдаг вэ?
-Мэдээж хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Гэхдээ оюутны дөрвөн жилд сайн суралцвал цаашдын ирээдүй гэрэлтэй байна гэж боддог учраас суралцах хугацаандаа аль болох үр бүтээлтэй, зорилгодоо үнэнч өнгөрүүлэхийг хичээсэн. 
-Хичээл нь хэр хүнд байдаг вэ. Чөлөөт цаг гардаг уу?
-Хуулийн чиглэлээр суралцдаг болохоор унших зүйл ихтэй байдаг. Бакалаврын хичээлийг бодвол магистрын хичээл харьцангуй гайгүй.  
-Сурахын хажуугаар сургуульдаа ажиллаж, шилдэг гадаад оюутан боллоо. Магадгүй энэ бүхэнд таны багадаа олж авсан суурь мэдлэг боловсрол,  хүмүүжил хамгийн их нөлөөлсөн байх?
-Миний хувьд багаасаа л биеэ даасан, тавьсан зорилго бүртээ хүрэхийг хичээдэг хүүхэд байсан. Тууштай, зорилгоосоо няцдаггүй зан чанар минь нөлөөлсөн байх. Би бас нэр хүнддээ хайртай. Намайг ОХУ-д монгол оюутан л гэж харахаас биш тэрний хүүхэд гэж хэлэхгүй, улсын минь нэр л гарна гэж бодож хичээж ирсэн. Бас би хэн нэгэнд уруу, дорой байдлаа харуулахыг хүсдэггүй.  
-Гадаадад суралцахын давуу тал юу вэ?
-Юу хийж чаддаг, чаддаггүй гэдгээ мэдэрдэг юм шиг санагдсан. Ер нь би анх гадаадад суралцахаар шийдэхдээ аав, ээж, хэн нэгний тусламжгүйгээр хэр хэмжээнд хүрэхээ мэдэхээр зорьсон. Мөн туршлага судлах эрмэлзэл маш их  байсан. Гэхдээ ОХУ-д суралцах энэ бүхий л хугацаанд өөрийгөө ойлгох нь л  хамгийн чухал гэж бодсон. 
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Нэгдүгээрт зорилгоо томоор тодорхойлох, хоёрдугаарт түүнийхээ төлөө тууштай хөдөлмөрлөх, гуравдугаарт зөв замаар явах юм. Гадаад руу сургуульд явж буй оюутнууд эцэг эхийн хараа хяналтаас гарч буруу зам руу орох тохиолдол их байдаг. Бас  дүнгээ гаргах төдийд л хичээлдээ анхаарал хандуулах нь харамсмаар байдаг. Урсгалаараа яваад л байвал амьдрал яг л түүнийх нь хариуг барина гэж боддог.  
-Цаашдаа зорьж байгаа зүйлийнхээ талаар хуваалцахгүй юу?
-Магистраа төгссөнийхөө дараа аспирантурт тэтгэлгээр суралцах санал тавьсан. Одоохондоо үргэлжлүүлэн сурах эсэхээ шийдээгүй байна. Хэрвээ сурахгүй бол Монголдоо очиж хэсэг хугацаанд ажиллаж байгаад энэ сургуульдаа биш юм гэхэд гадагшаа заавал дахин суралцах болно. 
-Найз залуутай юу. Гэр бүл зохиох талаар бодож эхэлсэн үү?
-Гэр бүл зохиохдоо төлөвлөгөөтэй хандах нь зүйтэй байх. Өөрийгөө нийгэмд олж чадаагүй байж гэр бүл зохионо гэхээр нэг л санаанд буухгүй байгаа. Гэр бүлтэй болсноор үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Одоохондоо өөрт оногдсон үүрэг хариуцлагаа арай ядан дийлж байгаа болохоор одоохондоо гэр бүл зохиоход эрт байна. 
-Монголдоо ямар чиглэлээр ажиллахыг зорьж байгаа вэ?
-Хууль хүчний төрийн байгууллагад ажиллах бодол байгаа.  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [66.181.165.17] 2017/07/21
mundag
Зочин [203.91.118.50] 2017/07/21
Yneheer mundag ohin yumaa.
Зочин [202.70.46.208] 2017/07/20
uneheer mundag baharhmaar ohin shuu