Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Нийслэлд асаасан Су.Батболдын “түймэр”

Эх орон шатаж, эрэлхэг хөвгүүд түймэртэй улаан гараараа шахуу тэмцэлдэж байна. Ерөнхийлөгчөөсөө авахуулаад эр, эм гэлтгүй түймрийн аюулыг дарахын төлөө нэгдэж, эрвийх дэрвийхээрээ хөдөлцгөөж байна. Олны хүч оломгүй далай гэдэгчлэн аюул цаашилж, олны сэтгэл тэнийж эхэллээ. Байгальд ассан түймэр хэзээ нэг өдөр унтрах нь тодорхой. Харин засаглалд ассан “түймэр”, хямрал хэзээ дарагдахыг хэн ч тааж мэдэхгүй байна. Монгол Улсын хүн амын тэн хагас нь шахуу амьдардаг нийслэл Улаанбаатар хот Су.Батболд даргын үед засаглалын хямралд орчихсон тухай улс төрийн хүрээнийхэн өөр хоорондоо ярилцах болсоор удлаа. МАН дотор нийслэлийн Засаг дарга Су.Батболдод хариуцлага тооцох ёстой гэсэн бодолтой олон хүн байдаг ч орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намын дотоод эв нэгдлийг бодолцож дуугүй өнгөрсөн гэлцдэг. Харин одоо сонгуулийн цикл дууссан тул Су.Батболдтой хариуцлага тооцох галт тэрэг хэдийнэ хөдөлжээ. 
Хотын одоогийн мээр нийслэлд ямар “түймэр” тавьсан гэдгийг МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар хангалттай харсан. Есөн дүүргээс 8-д нь МАН-ын нэр дэвшигч ялагдал хүлээж байна гэдэг бол нийслэлийн Засаг дарга ажлаа тун муу хийж байгааг харуулсан дүн. Засаг дарга буюу гүйцэтгэх засаглал ажлаа тааруу хийвэл ард олны сэтгэл цаашаа эргэж, итгэл сулардаг жамтай. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийслэлд зарласан тендерүүдийн ихэнх нь толдорхой болоогүй, сургууль, цэцэрлэгүүдийн засвар зуун задгай байгаа дуулдаж байна. Тендерүүд хөдлөөгүй гэдэг нь нийслэлд хийх бүтээн байгуулалтын ажлууд гацна гэсэн үг. Зуны сар зургаа биш болохоор тун удахгүй намрын сэрүү орж, хөрөнгө оруулалтын ажлууд ирэх оныг хүлээх болно. Хотын хөгжлийг чөдөрлөж, хорлож орхилоо л гэсэн үг. Су.Батболд дарга Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр очоод “Өнөөдрөөс эхлээд нийслэлд нэг ч хүн эмнэлгийн шалан дээр хэвтэхгүй” гэж том мэдэгдэл хийж байв. Гэтэл энэ нь зүгээр л шоу, улс төрийн популизм байжээ. Эмнэлгийн шалаар дүүрэн өвчтөнүүд хэвтсэн хэвээрээ л байна. 
Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг нийслэлийн зарим агентлагийн дарга ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байна. Ер нь Су.Батболдын томилсон залуу дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч, өөр хоорондоо нударга зөрүүлсэн тухай таагүй мэдээллүүд сонсогдох болсон. УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд дотоожны тухай яриад зогсож байхад бид юунаас дутахав гэж барьцаж байгаа юм шиг нийслэлийн нэг агентлагийн дарга бэлгийн дарамт үзүүлсэн гэх дуулиан дэгдэв. Хотын дарга хийсэн бүтээн байгуулалт, шинээр санаачилсан ажлаараа олон нийтэд үнэлэгдэж байдаг. Үе үеийн хотын дарга нар ийм л зарчмаар ажилласан. Харин Су.Батболд нийслэлийн гүйцэтгэх засаглалын толгойд суугаад жил тойрохдоо юу хийж бүтээсэн бэ гэдэг асуулт зайлшгүй ирнэ. Бүгдээрээ санах гээд оролдъё. Үнэндээ толгойд орох тоймтой ажил, алхам байхгүй. Харин ч эсрэгээрээ ажил унагасан, зогсоосон, гацаасан гэх урт жагсаалт хөвөрнө. Сонсоход хэцүү ч хатуу үнэн бол энэ. Нэг жилийн дотор нийслэлд асаасан Су.Батболдын “түймэр”-ийг түргэхэн дарахгүй бол МАН 2020 оны сонгуульд өвдөг шороодоход ойрхон болжээ. Сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар 8 дүүрэгт ялагдлын гашууныг амссан нь энэ бүхний баталгаа гэж хэлж болно. Галдагч даргадаа эртхэн хариуцлага тооцохгүй бол хар жагсаалт улам л урт болох нь ээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [202.179.0.46] 2017/07/21
TUSGAI ZAMIIN AVTOBUSIIG TUMUR ZAMAAR YAVUULJ UHAALAG BOLGOOCH
Зочин [202.70.46.217] 2017/07/21
MANgar garuudaas oligtoi zuil huleegeed hereggui. Yagaad gevel 60 terbumig ugch sandal shireend hursen MANgaruud n uls orni ireeduin tulu geheese iluu uuriinhu avilgad ugsun munguu olj avahin tuluu udur shunugui ajillana 100%
Зочин [66.181.177.183] 2017/07/21
Hangalttai chamaig harlaa
Зочин [66.181.177.183] 2017/07/21
Batbold ogtsor ogtsor