Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ТӨСӨЛ”- ИЙН ЯВЦ, ГҮЙЦЭТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа санаачлан Баянгол дүүргийн “Угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдсэн ажлын хэрэгжилтийн явц, гүйцэтгэлтэй танилцах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, ажил хэрэг болгох, шаардлагатай хөрөнгө оруулалтыг судлаж 2018 оны улс, нийслэлийн төсөвт тусгуулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. 
Улаанбаатар хотын хэмжээнд 1077 угсармал орон сууц, түүнд оршин суугаа 45462 өрх байгаа гэсэн судалгаа бий. Тэдгээр 1077 угсармал барилгын 465 нь буюу 43% нь Баянгол дүүрэгт байрладаг. Тэр ч утгаар тус дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчийн хувьд өмнөх жилүүдэд эхлэл нь тавигдсан, орон сууцны иргэдэд өндөр хүлээлттэй байгаа уг төслийн гүйцэтгэл, тулгамдаж буй асуудал, иргэдийн санал хүсэлтийн дагуу уг хэлэлцүүлгийг хийж байгаа аж.  
Анх хуучин орон сууцнуудыг шинэчлэх замаар нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчин, стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын 2014.05.26-ны 17/17 дугаар тогтоолоор "Нийслэлийн орон сууцны хөтөлбөр"-ийг, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.05.06-ны 86 дугаар тогтоолоор “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ыг тус тус баталж байжээ.
Баянгол дүүргийн угсармал орон сууцны барилгуудын техник шинэчлэл хийснээр 3682 өрхийн орон сууцны барилгыг дулааны эрчим хүчээр хангах нөөц бий болж байгаа нь гэр хорооллын дахин төлөвлөлт буюу Бичил-7 орон сууцны хорооллын 8597 айл өрхийн 43 хувийг төвлөрсөн дулаанаар хангах эх үүсвэр бий болох юм байна. Үүнээс гадна төсөл хэрэгжсэнээр дараах ач холбогдолтой: 
Шинээр нэмэгдэх ажлын байрны тоо:
4275 хүн /1 жилд /Ажилгүйдэл буурна./
Шинээр барилга, объект барих боломж бүрдэнэ. 
/9404 өрхийн буюу 3, 4-р хорооллын хэмжээтэй/
Үндсэн хуулинд заагдсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэнэ.  
/Бага орлоготой буюу ядуусын хороолол үүсэхгүй./
Дулааны эрчим хүчний хэмнэлт гарна. /70.3 Гкал/цаг буюу дулааны эрчим хүч 30% хэмнэнэ. ДЦС-2 ХК-ийн хүчин чадалтай дүйцэхүйц ДЭХ-ний нөөц бий болно./
Үйлдвэрлэх материал: 1 жилд 
-Хөөсөнцөр: 411 878 м2
-Цонх: 96 298 м2
/Дотоод нөөц бололцоог ашиглах буюу барилгын материалын үйлдвэрлэл хөгжинө./
Хотын өнгө үзэмж сайжирна.
Байгаль орчинд эерэг нөлөөтэй.
 
Уг төслийг улс, нийслэлийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, сууц өмчлөгч гэсэн эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм байна.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)