Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Соёлын яамгүй байна гэдэг Батлан хамгаалах яамгүйтэй ижил

 МЗЭ-ийн болон найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Битогтохын ЦОГНЭМЭХ
 
 
Дээрх үгийг манай шилдэг залуу сэхээтнүүдийн нэг доктор Д.Бум-Очир амнаасаа унагасныг олзуурхан шүүрэн авч гарчиглав. Хэдэн жилийн өмнө миний бие Ч.Сайханбилэгийн Засгийн газар Соёлын яамыг татан буулгахад “Соёлын яамгүй болбол харийн хавханд орно” хэмээн халаглан бичиж байсан юм. Бид улс орныхоо хөгжлийн маргаашийн бодлогыг “улстөрчид”-ийн улайрсан тэмцлээр, хэдэн “толгой”-г ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулах гэсэн хуйвалдааны сүүдрээр тодорхойлдог болчихов. Сэхээтнүүдээ чагнахгүй, ард түмнийхээ зүрхний цохилтыг сонсохгүй байна. Дэлхий ертөнц өнөөдөр дахин хуваагдлын ирмэг дээр ирчихлээ. Гэхдээ энэ нь дайн тулааны бус, соёл иргэншлийн мөргөлдөөний үр дүнд бий болох жижиг үндэстэнд тун халтай даяаршил гээч хүчтэй, мөнгөтэй гүрнүүдийн эдийн засаг-технологийн болоод соёлын түрэлтээс үүдэх юм. Нөгөө солонгос хоол, үс засалт, бариу өмд, Хятадын сайхан дуу хөгжим, мөнгөний халуун үнэр, Америкийн тархи эргүүлсэн шоу гээд тоочвоос даяаршлын сүүдэр үлэмж их болно. Үүний үр дүнд бид эх нутаг дээрээ монгол төрхөө өдрөөс өдөрт алдаж, бүрэнхийд савиран гүйлдэх нэгэн болж хувирсаар буйг анзаарахгүй бол дэндүү оройтлоо. Дэлхийн түүхэн хөгжил түгээмэл шинжтэй байдаг болохоор бид түүхэн тэгшрэлийн хуулийн нөлөөгөөр түүхээ, ирээдүйгээ бүтээсээр өнөөдөртэй золгосон. Энэ бол даяаршилтай адил боловч арай өөр агаартай. Энэ нь хүний нийгмийн хөгжлийн аль нэг шинэ зүйл хөрш орнууд, алс холын оронд дамжин түгэх замаар хэрэгжихийг хэлж байна. Гэхдээ угсаатны, хувь хүний ухамсарт үйл ажиллагааны үр дүнд хэрэгждэг. Нийгэм дууриаллаар хөгждөг боловч хэнийг дууриах вэ, хэнд юугаа дууриалгахгүй байх вэ гэдэг нь тухайн улс орны тусгаар тогтнолын тэргүүлэх бодлогод ордог билээ. Юун түрүүнд түүх соёл, хэл бичгээ хамгаалах нь орших уу, эс орших уу гэдгийн хариулт болно. Энэ бүхнийг тодорхойлдог, хянадаг, улс орноо гадаад ертөнцөд юун түрүүнд илэрхийлдэг салбар бол соёл урлагийн салбар билээ. Энэ том салбар өөрийн яамгүй, хавсарга төдий байгаа нь монголын жинхэнэ эмгэнэл юм. 
 
Шинэ Засгийн газрын сайдаар сонгогдоод буй У.Хүрэлсүхийг олон сорилт, хавчилт хүлээж буй ч өмнөх Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэсэн тулгалтаас эмээлгүй Соёлын яамаа л сэргээн бий болгомоор байна. Өмнөх Засгийн газар нь огцорсон л юм бол хуучин бүтцэд өөрчлөлт хийх эрх нь У.Хүрэлсүхэд бий билээ. Соёл урлагийн салбарын өвлөж, тээж, үйлдвэрлэж буй үнэт зүйлс, соёлын бодлого бол манай үндэстний гол дархлаа юм. Түүхэн замнал, өв уламжлал, ёс заншил, эх хэл, бичиг үсэг, угсаатны сэтгэхүйгээ алдваас, энэ нь суларсаар байх аваас угсаатан мөхдөг. Энэ бүхнийг атгаж, хянаж, тодорхойлж суух ёстой Соёлын яамгүй байгаа нь бид өөртөө авсаа бэлдсэнтэй юуны ялгаа билээ. Нүүдэлчин, тариачин хоёрыг угтаа бол Цагаан хэрэм ч тусгаарлаж чадаагүй. Бие биеийн соёл иргэншлийг үл хүлээн зөвшөөрөх угсаатны төлөвшил нь чухамдаа заагласаар ирсэн. Монголын тусгаар тогтнолын үнэт цоож болсон энэ “хил”-ийг хээв нэг туучин гарч болдоггүй. Ийм л учраас бид хөөмэйгээ, уртын дуугаа, монгол бичиг, монгол гэрээ, туулиа, эрийн гурван наадам, дээл хувцас, бий биелгээ, адуу малын тоног хэрэгслээ бусдаас, урд хөршөөс харамлаад байгаа юм. Дашрамд өгүүлэхэд Цагаан хэрмийг нанхиадуудыг өмнө зүгээс хүрч ирэхээс өмнө өнөөгийн Түвдээс хойд зүгт орших Жүн аймгууд барьсан байсныг английн археологичд олж тогтоосон нь бий. Хятадууд бол өмнөд Хятадын Хэнань мужаас гаралтай Өмнөд Азийн үндэстэн бөгөөд хэдэн зууны туршид Жүнчүүдтэй нүдэлдсээр цус холилдож, тэднийг умар зүг түрсээр Монголчуудын дээд өвөг Хүнчүүдтэй хил хатган хөршлөх болсон түүхтэй. 
 
Саяхан бид цус нэгтэй шүү хэмээн давтан өгүүлэх Өвөрмонголчууд дээрх бүхнийг “савардах урлаг” гэдэг нэрийн дор нэгтгэн базаад ЮНЕСКО-гийн соёлын өвд (хятадын нэрийн дор) яг одоо бүртгүүлэхээр гүйлдэн буйг зүрх шимшрэн сонсов. Энэ нь тун аюултай. Дээрх соёлын өвүүдээ харь үндэстэнд алдаж байна. Дэлхий ертөнц биднийг хятадын нэг хэсэг гэж үзнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл тусгаар тогтнолоо алдаж байна л даа. Энэ бүхэн шуудхан хэлбэл Соёлын яамгүйн эмгэнэл юм. Бид бусад үндэстнээс ялгаатай байх, өнө удаан наслах дархлаагүй болохын цондон дог. Үндэстний дархлаагаа хэн сайн хадгалж үлдэнэ, энэ бөмбөрцөгт дуу хоолойгоо хангинуулсаар байх билээ. Чухамхүү төрийн хар хайрцагны бодлогыг гаднынхан тун хялбархнаар онгойлгон шагайж байна. Соёлын хулгай ид гаарч, бид угсаатныхаа хувьд өм цөм идүүлэх болов. Эдийн засгийн хувьд хараат болсон цөөхөн монголчууд соёлын бодлогоо алдваас, ЮНЕСКО-д монгол үндэстэн гэдгийг гэрчлэх үнэт зүйлээ бусдын нэрийн дор дугуйлуулаад байх аваас маргаашийн мөхөл бүчнэ. Харийн энэ бодлогыг бид сөрөх ёстой атал өөрсдөө гүйн очоод арьсаа хуулуулах болов. Их гүрнүүд өөрийн оршин тогтнох дархлаагаа соёл урлаг хэмээн нэн  анхаараад, үүнийхээ эн тэргүүнд сонгодог урлаг болоод үндэсний өв соёлоос умдаалсан шимт бүхнээ хамааруулан тэтгэдэг гэдгийг Эрээн, Хөх хот, Бээжинд очин үнэт бүхнээ “сэтгэл харам”-гүйгээр заан сургаж буй соёл урлагийн шилдэг төлөөлөгчид маань батлан өгүүлцгээх. Тэдний төлөө ажиллаж суухад үнэхээр мөнгө төгрөгөөр дутагдахгүй, хангалуун байна аа гэцгээн хэвлэл мэдээллийн хуудаснаа ичгүүргүйгээр ярилцлага өгч суух юм. Гэхдээ энэ нь манай гаруудын буруу биш төрийн бодлогын алдаа гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Соёлын яамгүйн харгай шүү дээ. Хөөмэйгээ, морин хуураа, үндэсний бүжгээ, бий биелгээгээ, өөрт буй дээд бүхнээ мөнгөнд дөрлүүлэн гүйж очоод харийнханд зааж сургадаг байсан бол өдгөө европынхноос нүүр улайхгүй нутагшуулсан сонгодог урлагаа хээв нэг заан өгч, соёлын хулгайн тээвэрлэгчид өөрсдөө болж хувирав. Соёлын түрэлтийг сөрөх байтугай тархиа, зүрхээ суга татаад тэдний алган дээр бөхөлзөн тавих болов. 
 
Дэлхийд суурин болоод нүүдлийн гэсэн хоёр соёл иргэншил л бий. Нүүдэлчний соёл иргэншлийн гал цогтой илэрхийлэгч нь бид. Арабын бедуйнуудыг жуулчдын нүд хуурах гэж л ганц бөхтэй тэмээтэй нь хөтөлж яваад байгаа болохоос бус дөрвөн улирлаасаа урган гарсан монголын нүүдлийн соёлтой харьцуулах аргагүй. Дэлхийд алдартай хятадын соёлын өв бусдыг уусгаж байснаас хулгайлагдаж байсангүй. Манай соёл урлагийн байгууллагуудын, манай сор төлөөлөгчдийн авьяас чадвар, арга барил, дэг сургуулилтыг чадварлагаар хуулбарлан өөриймшүүлж эхлэхэд гасалж байсан атлаа одоо өөрсдөө далдагнан очиж цусны эргэлтээ юүлж эхлэв. Оросууд шиг шууд буудчихдаггүй, илж таалсаар хөнжилдөө оруулдаг урд зүгийнхний зан нүүдэлчин олон улсыг уусгасаар ирсэн. Өмнөд Хүннү, Тоба Вэй, Муюн,Тугухунь, Кидан нарыг хар. Бүгд живжээ. Тэдний нэр одоо үл сонстоно. Тариалан соёл иргэншлийнхний цэрэг зэвсгийн довтолгоон бус соёлын түрэлт, соёлын хулгай л тэднийг үүрд арчсан юм. Еврей нар ертөнцөөр нэг тарсан хэдий ч хэдэн мянган жилийн туршид хэл соёл, ёс заншил, өв уламжлалаа умартсангүй. Бусдад автсангүй, алдсангүй. Үүнийхээ ачаар арабын, лалын ертөнцөд цахиур хагалан, америкийн нийгэмд элитүүд нь байж, дэлхийг залуурдаж суух шив. Казахстаны их удирдагч Назарбаев Хятадад домбор тоглохыг зааж өгвөл хэнийг ч үл өршөөнө гэсэн хоригийг арваад жилийн өмнө тавьсан. Манайхан ийм хориг тавибал урдаас нулимах дээрээ тулжээ. Хятадууд байтугай жижиг улс орнууд юун түрүүнд Соёлын яамаа тэтгэж, асар ихээр мөнгө төсөвлөж байдаг. Гэтэл бид яам ч үгүй сууж байх. Хүчирхэг Оросууд өөрсдийгөө театрын эх орон хэмээн толгой дээгүүр алхдаг. Бид нефть, байгалийн хий, цөмийн зэвсэгтэй гэж хөөрцөглөдөггүй. Ерөнхийлөгч В.Путин нэрт найруулагч Олег Табаковтаа ой мод, цөөрөм бүхий эдлэн газар бэлэглэж байна. Энэ бүхний цаана Орос орны эрх ашиг, үндэстний дархлааны асуудал байгаа учраас тэр л дээ.
 
Харин шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга “Манай орон бол буддын шашинтай орон. Тийм учраас энэ шашны тэргүүн Далай ламыг урих эсэх нь манай дотоод асуудал” гэж шулуухан өгүүлсэн нь өөрийнхөөрөө орших, үнэт зүйлээ хамгаалахын дохио өгөв. Өмнөх Засгийн газрын Гадаад хэргийн сайд маань “Бид засгийн эрхэнд байгаа цагт Далай ламыг хэзээ ч Монголд алхуулахгүй ээ” гээд урд хөршийнхөнд бөхөлзсөн хөөрхийлөлтэй байдлыг арилгахын эхэн боллоо. Цаашид юун түрүүнд үндэстний аюулгүй байдлын дархлаа болсон энэ салбарын яамаа дахин сэргээж, соёл урлагийнхнаа өөд нь татаж эхлэх үүрэг Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бий гэж итгэнэ. Бид суурин соёл иргэншил рүү (бусдын соёлын нөлөө рүү) асар хурдтайгаар шилжиж байгаа үед бусдаас ялгарах байдлаа, өв соёлоо алдаад  байгаа энэ үед амь өрссөн чухал асуудал мөн. Монгол дээл, монгол бичиг, монгол наадам, монгол гутал, монгол цусаа харийнханд алдахгүйн төлөө “эрүүл бус”-аар тэмцэгчдийн зүрх зоригийг буруутгах арга алга. Тэгж яривал манай төр засаг, нөгөө орчин үеийн даяаршлыг магтан дуулагч сармагчингууд юу хийсэн юм бэ. Нэг л их прагматик бодлого баримталсан улсууд. Геополитик гэж том юм ярина. Тэр яриад байгаа нь үүнтэй холбоотой гэдгийг мэдэхгүй. Монгол үндэстэн бөмбөрцөгт оршихын нэг тулгуур нь өв соёл гэдгийг өвөө эмээгийн орой хэлдэг үлгэр хэмээн ойлгосоор иржээ. Үүнийг соёл урлагийн ганц нэг газрууд хариуцдаг хэмээн халти мөлт ойлгочихсон парламентын гишүүд ч тааралдах юм.
 
Соёл урлаг нь хөгжсөн, дээгүүр үнэлэгддэг улс орны иргэд эргэлзэх сэтгэхүйтэй болдог. Эрүүл сэтгэхүйтэй гэж үүнийг хэлнэ. Иймгүйгээс бид цуурай маягаар харийн соёлын элементийг шууд хүлээн авч, эс бөгөөс хэрэгтэйг нь таягдан хаяж байна. Соёлын хамтын ажиллагаа, солилцоо байх нь зүй ёсны хэрэг боловч хятадууд, японууд, жүүдүүд, арабууд, хойд солонгосууд шиг юуг авч болох хийгээд болохгүйн учрыг дэнслэх туршлага сул байна л даа. Германы эрдэмтэн Амель гэгч “Монголд нэг өндөр настан нас нөгчих нь нэг номын сан устаж байгаатай адил” гэж дүгнэсэн байдаг. 80 настай Дорж ертөнцийн мөнх бусыг үзүүлнэ гэдэг түүний өвлөсөн, бүтээсэн соёл түүнтэй хамт дууслаа гэсэн үг. Тийм учраас бидэнд аман түүх, биет бус соёлын өвийн системтэй судалгааг эрчимтэй явуулах шаардлага үлэмж бий. Уг нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай заалтад “Түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж заасан юм шүү дээ. Төрийн дуулал дотор маань ч “Үндэс язгуур, хэл соёлоо үрийн үрд өвлөн бадраая” гэдэг чухал мөр бий. Тэгэхээр зарим эрхтэн дархтануудын ойлгодгоор соёл урлаг бол хүмүүсийг баясгагч төдийхөн зүйл биш юм. Бид үндэсний урлагаас гадна бидний дархлааг бэхжүүлэх кино үйлдвэрлэл, музей, аялал жуулчлал, театрын урын сан, уран зураг гээд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлмээр, хөхиүлэн дэмжмээр байна. Энэ нь соёл урлагийн салбарт улс орны хөгжлийн цусны амин эргэлт гүйж байдгийг төрийн бодлогын дээд төвшинд анхаарахыг хэлж байна. Манай хоёр хөрш гэхэд л сүүлийн жилүүдэд кино үйлдвэрлэлээс олсон орлого нь Америкийг ч даван гарч байх жишээтэй. Эдийн засгийн үлэмж ашиг орлогоос гадна үндэстний хүчтэй идеал бий болж, үнэт зүйл, ухамсар маань сэргэн мандалтын хэмжээнд очих сайны нигууртай билээ. Манайд гаднынхан ирэхэд, бид хилийн дээс алхах бүрт урлаг соёлынхон маань л нүүр тахалдаг, монгол гэдэг чинь давтагдашгүй өвөрмөц үндэстэн юм шүү гэдгийг таниулдаг бус уу.
 
Дээрх бүхнээс үүдээд өгүүлэхэд манайд Соёлын яам зайлшгүй байх ёстой, бүр чиглэлийн яам болгох нь үндэсний аюулгүй байдлын гол дархлаа болох юм. Их эзэн Чингис хаан “Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануулж байгтун” хэмээн зарлигласан шиг дэлхийн улс орнуудын соёл иргэншлийн сөргөлдөөн улам хурцдаж буй энэ үед “Өв соёлоо алдаж, бусдын соёлын нөлөөнд автсаар байх ахул энэ бөмбөрцгөөс бид үүрд арчигдана” гэдгийг өглөө бүр санан сэрцгээх цаг хоолойд тулж иржээ. Мөнх хөх тэнгэр биднийг ивээг!
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Т.Лхамсүрэн [27.123.212.140] 2018/03/16
Эртний танил нь бна.үнэнийг маш яруу тодоор бичжээ.чамд хамгийн их ихийг аз жаргал хүсе
Зочин [202.70.46.208] 2017/10/04
Чухам үнэнийг ямар гайхалтай олж харж бичээ вэ!!!Цогнэмэх зохиолчдоо баярлалаа амжилт хүсье!та нар удахгүй өөрийн гэсэн Соёлын яамтай болноо!!!