Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Н.Баасандорж: Ерөнхийлөгч Х.Баттулга надад алгадуулж байсан

Төв шуудангийн хажууд 27 жил ном зарж буй  Н.Баасандорж гуайг танихгүй хүмүүс ховор биз ээ. Түүнийг гурван долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан юм. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийг хүүхэд байхаас нь таньдаг байсан тухайгаа хуучлав. Ингээд түүний ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.  
 
 
- Ерөнхийлөгч Таныг хүлээж авж уулзсан. Уулзалтын үеэр юуны талаар ярьж хөөрөлдсөн бэ?
 
- Бид хоёр номын тухай ярьсан. Намайг жоохон байхад том ахад ном авч өгдөг. Тэр номыг дунд ах, бага ах, би, миний дүү нар хэрэглэнэ. Хоёрдугаар асуудал нь хүмүүсийн амьдралын боломж муу байна. Нэг айл ихэвчлэн 2-4 хүүхэдтэй байна. Жил болгон нэг хүүхдэд сурах бичиг, дэвтэр, ном, дүрэмт хувцас гээд нийтдээ доод тал нь таван зуун мянган төгрөг зарцуулдаг. Энийг хэмнэх арга байна. Хамгийн том хүүхдэдээ ном авж өгөөд тэр номыг дүү нарт нь хэрэглүүлэх юм. Гол нь номыг цэвэрхэн хэрэглэх хэрэгтэй. Номыг цэвэрхэн гамнаж хайрлаж хэрэглэвэл хүүхэд юманд гамтай хандаж, цэвэрч ажилч хичээнгүй болдог. Ингэж хэмнэлт хийх боломжтой. Гэхдээ формыг бол хүүхэд урна, бохирдуулна, хуучирна. Тиймээс жил болгон авч таарна. Номыг тэгэх шаардлага байхгүй. Чанартай, цэвэр хэллэгтэй, зөв бичлэгтэй ном хийж хэвлэх хэрэгтэй. Энэ номоо дахиж шинэчилж гаргахгүйгээр 8-10 жил хэрэглэдэг болгох хэрэгтэй юм. Утааг бууруулна халаагуур авч тавь гэдэг. Номоос илүү гаргаж хэмнэсэн мөнгөөрөө халаагуур авах хэрэгтэй. Би 1976-1987 оны хоорондох монгол хэлний номыг Ерөнхийлөгчид хүлээлгэн өгсөн. Гол шалтгаан нь Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 1-ний өдрийг эх монгол хэл, ёс заншлаа дээдэлсэн өдөр болгохыг уриалсан. Энэ нь намайг зоригжуулсан. Тийм учраас би 9 сарын 3-нд хүсэлт тавиад гурван долоо хоногийн өмнө очиж уулзсан. Ерөнхийлөгчид энэ бүхнээ хэлэхэд миний бодож санаж явдаг зүйл байна гэж хэлсэн. Надад материал дутуу байсан баярлалаа гэж хэлсэн. Энэ уулзалтаас хойш БСШУС-ын сайд томилогдоод боловсролын тогтолцоогоо засах хэрэгтэй гэж хэлсэн нь надад их таалагдсан. 
 
 
- Та жолооч мэргэжилтэй гэж байсан. Яагаад ном худалдаалах болсон бэ?
 
- Би жолооч мэргэжилтэй. Одоо бол намайг хэн ч жолоочоор ажилд авахгүй. Хүн болгон жолооч болсон байна. Би 1989 оны хавар осолд орж гэмтэл аваад хэлгүй, дүлий болсон. Жолооч хийж байхдаа би мянга гаран төгрөгийн цалинтай байсан. Группт ороод 70 төгрөг авдаг болсон. Өмнө нь шугамандаа сайн явбал урамшуулал бодогдож 4 мянга хүртэл цалин авдаг байлаа. Ийм өндөр цалин авч байсан хүн 70 төгрөгөөр амьдрах хэцүү байсан. Хүмүүсийг дагаж бизнес хийх гэж үзсэн. Талх зарах гэсэн боловч талхаа хураалгасан. Дараа нь хууль судалж байгаад ном зардаг болсон. Хуульд эрдэнэсийн зүйлээр бүтсэн буюу нэн эртний ховор ном зарахыг хориглоно гэсэн байсан. Тэгэхээр ердийн ном зарж болох юм байна гэж бодсон. Яагаад ном зардаг болсон бэ гэхээр би номд хайртай. Миний аав ах нарт, надад, дүү нарт ном цуглуулж өгдөг байсан. Би 27 жил 2 өдөр ном зарсан байна. 
 
- 27 жил ном зарсан гэхээр Танд ховорт тооцогдох ном олон байдаг уу?
 
- Миний сонирхсон номнууд надад байгаа. Улс орон даяаар олдохгүй болсон ном надад байхгүй. Биеэ үнэлэлт, хулгай, дээрэм тонуултай муухай номыг огт авдаггүй, уншдаггүй. Яагаад гэвэл миний үр хүүхдэд муу нөлөө үзүүлнэ. Би уншвал миний хүүхэд тэр номыг уншдаггүй юм гэхэд харж сонирхож таарна. Тийм учраас би эдгээр номыг уншихгүй байх ёстой. 
 
- Та Х.Баттулга Ерөнхийлөгчийг хувь хүн талаас нь ямар хүн гэж үнэлж, дүгнэдэг вэ?
 
- Х.Баттулга Ерөнхийлөгч багадаа миний дүүгийн найз байсан. Би 12 настай 4 дүгээр ангиа төгсөөд л хүнд тусалж ажил хийж цалин авдаг байсан. Хөдөө их явдаг хүүхэд байсан. Нэг удаа гэртээ ирсэн дүү, Баттулга хоёр дэггүйтэж байгаад надад алгадуулж байсан. Яармагт их бүдүүн сэрх байв. Тэр сэрхийг барьж аваад нөгөө хоёрыг мордуулаад хөөдөг байлаа. Халтмаа гуайн хэдэн бяруун дээр мордуулаад хөөгөөд явуулчихдаг. Дараа нь Халтмаа гуайд зодуулдаг. Хүн чанарын хувьд бол сайн хүн гэж боддог. Хүнийг энэ тийм хүн тэр ийм хүн гэж ерөөсөө голж, шилж харилцдаггүй. Гадаа номоо зараад зогсоод харж байхад энэ хавийн сайн гаруудад архи, тамхи авж өгөөд, мөнгө гаргаад өгч байгаа харагддаг. Амьдрах гэж ядаж байгаа хүнийг дуртай зүйлээр нь дайлъя гэсэн сэтгэлтэй хүн гэж боддог.  
Г.Цэнд-Аюуш
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.47.177] 2017/11/17
та ажлыхаа заваар цаг тутам ROLL дараад бага ч гэсэн BITCOIN той болоорой. Доорхи линкүүдээр ороод ROLL дарна. Цаг тутам дарна. http//freedoge.co.in/?r=1380636