Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Спортын шилдгүүдийг тодруулах Бөртэ чоно ёслол болно

"Оны шилдэг тамирчин"-ыг тодруулдаг Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа энэ оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулахаар товложээ.
 
Жил бүрийн 12 дугаар сард “Оны шилдэг тамирчин”, “Оны шилдэг дасгалжуулагч” болон спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” ёслолыг МҮОХ-ноос 15 дахь жилдээ зохион байгуулахаар зэхэж байна.
 
Оны шилдэг тамирчин, баг, дасгалжуулагчийг тодруулах санал асуулгыг Монголын спортын сэтгүүлчдийн холбоо зохион байгуулж, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай улсын тамирчид спортын олон төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн болохоор 2017 оны шилдэг тамирчны шалгаруулалт маш өрсөлдөөн дунд өрнөх нь тодорхой болоод байна.
 
МҮОХ-ноос “Бөртэ чоно” ёслолын үеэр тухайн оны шилдэг спортын холбоо, олимпийн танхим, зөвлөл, спорт холбооны ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, спорт клуб болон шүүгч, шилдэг залуу тамирчныг ажил үйлсээр уралдуулан дүгнэн шалгаруулж урамшуулдаг.
 
Дашрамд сонирхуулахад, Өнгөрсөн жилийн “Бөртэ чоно-2016” шагналын “Шилдгийн шилдэг тамирчин”-гаар эмэгтэй тамирчдаас “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт жүдоч Д.Сумъяа тодорсон бол эрэгтэй тамирчдаас “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай шалгарсан юм. 
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)