С.Зоригийн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл гаргана
Өдрийн төрх
2017-11-30
НИЙСЛЭЛ.mn
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн талаархи баримтуудыг улсын нууцаас гаргах асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байсан билээ. Тэрээр уг асуудлаар Засгийн газрын хуралдааны үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ  зарыг тараагаад байсан юм. Гэвч Ц.Нямдорж сайд өчигдөр 20:00 цагийн Засгийн газрын хуралдааны танхимаас гарч ирэхдээ “Наад сэтгүүлчдээ тараа” хэмээснээр мэдээлэл хийлгүй өнгөрөв.
 
Мөн тэрээр “Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэнэ.Одоогоор улсын нууцад байгаа тул би мэдээлэл өгч чадахгүй” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Хуралдаанд оролцож байсан сайд нарын тодотгож буйгаар уг асуудлыг нууцаас гаргах хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтосноор тухайлан хэлэлцэлгүй өнгөрсөн байна.
 
Учир нь, УЛСЫН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН 15.1.4-т “Мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулах, төрийн нууцыг татан авах, шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, төрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах” бүрэн эрхийг Тагнуулын Ерөнхий газар оруулна гэж зааж өгчээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр уг асуудал яригдахад танхим дотор ямар нэгэн маргаан гараагүй бөгөөд нууцаас гаргах асуудал дээр зөрүүтэй санал үүсээгүй гэж сайд нар тодотгож буй юм.
 
-ЗАСГИЙН ГАЗАР УЛСЫН НУУЦЫГ ШУУД БАЙДЛААР ИЛ БОЛГОХ ЭРХГҮЙ-
 
Албан бус байдлаар Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар уг асуудлыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг дэмжсэн гэх мэдээлэл бий. Улмаар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдох нийт 15 мянган хуудас баримтаас 14926 хуудсыг нь  олон нийтэд ил гаргах боломжтой гэх асуудал яригдсан байна. Харин үлдсэн 74 хуудас нь хэргийн захиалагчтай холбогдох материал учир улсын нууцад хамаарна гэсэн үзсэн гэдгийг зарим эх сурвалж тодотгосон байна.
 
Гэхдээ энэ асуудлыг Засгийн газар дангаараа шийдчихгүй. Засгийн газраас  услын нууцаас уг асуудлыг  гаргах нь зүйтэй гэж үзвэл саналаа УИХ-аар хэлэлцүүлэх учиртай юм байна. Энэ талаархи харилцааг Улсын нууцын тухай хуулийн 21.1-т “Төрийн нууцыг ил болгох" гэж төрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр төрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ” гэж тодорхойлжээ.
 
Ингэхдээ Засгийн газар ТЕГ-ын хүсэлтийг танхимдаа хэлэлцэж, давхар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн УИХ-д өргөн мэдүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газар шууд бие даасан байдлаар шийдвэр гаргаж, улсын нууцыг ил болгох эрхгүй юм байна.
 
“Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан ОНЦГОЙ ТОХИОЛДОЛД Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэж Улсын нууцын тухай хуульд тусгаж өгсөн байна.
 
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочдын сэтгэгдэл (3)
  • Зочин   202.180.218.xxx      2017-11-30
    попрохоо болиоч хулгайчуудаа
    -2
    +3
    Хариулах
  • Зочин   172.58.75.xxx      2017-11-30
    -2
    +2
    Хариулах
  • ХУУЛЬЧ   66.181.190.xxx      2017-11-30
    ТА НАР НУУЦААС ГАРНА ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ ?! ГАРАХГҮЙ !!!!!! НЯМДОРЖ МЭТИЙН ХУУЛЬ ЖУРМЫГ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ТАЙЛБАРЛАДАГ ЗАЛЬТАЙ ЦАЙЧИХСАН ГАРУУДЫН СҮРЖИГНЭЛ !!!!! БУСДЫН ГАРААР ХАГАС ДУТУУ МЭДЭЭЛЭЛ ЗАДЛУУЛЖ ХЭРҮҮЛИЙН АЛИМ ТАРААХ АТГАГ САНАА !!!! ӨӨР ЮМ БАЙГҮЙ !!!!!
    -4
    +5
    Хариулах