Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр захирамж гарган, орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан Даваагийн Кёкүшюзан Батбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Чухам ямар шалтгаанаар ийнхүү чөлөөлсөн нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл Кёкүшюзан Батбаяр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгсөн гэв. Тиймээс хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч захирамж гаргаж түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлсөн байна.
Гэхдээ сүүлийн үед Кёкүшюзан Д.Батбаяр, Асашёорү Д.Дагвадорж нар Харумафүжи Д.Бямбадоржийн асуудлаас болж хоорондоо хэвлэлээр нэлээн муудалцсан. Асашёорү Д.Дагвадорж Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн худал нэр зүүж явлаа хэмээн баахан дайрсан юм. Тиймээс Д.Батбаярын албан үүргээсээ чөлөөлөгдсөн нь Д.Дагвадоржтой ихээхэн холбоотой хэмээн иргэд хардаж байна.
Д.Дагвадорж нь Ерөнхийлөгчийн Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр ажилладаг юм.