Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцын зэрэглэлээс хэсэгчлэн гаргалаа

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээллээ. 
 
УИХ-ын гишүүн асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж нэр бүхий гурван хүн ял шийтгүүлсэн. Харин өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргажээ. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон байна. Дээрх хоёр байгууллагын алинд шилжүүлэхээ дахин судалж байж эцсийн шийдвэр гарах юм байна.
 
Харин Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлтэй үлдэж байгаа аж. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ илүү нээлттэй болох боломжтой юм. 
 
Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Шүүхийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий гшүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо гэсэн ойлголттой байна. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой байдаг. Хоёрдугаарт хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би одоохондоо мэдэхгүй байна" гэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)