Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Уул овоо тахих зан үйлийг Юнескод бүртүүлэв

 ЮНЕСКО-гийн соёлын  биет бус өвийг хамгаалах Засгийн газар хоорондын 12 дугаар чуулган БНСУ-ын Чэжү аралд энэ сарын 4-9-нд болж байна.
 
Энэхүү чуулганд Монгол Улсаас БСШУСЯ-ны Соёл, урлагийн Бодлогын газрын дарга Н.Болд тэргүүтэй Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Байгаль, соёлын өвийг хамгаалах ТББ-ын төлөөлөгчид оролцож байна. 
ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас "Уул овоо тахих Монгол зан үйл"-ийг энэ сарын 06-ны өдөр бүртгэлээ. Ингэснээр Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нийт 14 өвийн зүйлээ бүртгүүлэв.
Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусаддаа дохиолох, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн гэж үздэг. Эхлээд хүмүүс модон дээр зурах, хэрчлээс тавих, газар нүхлэх, чулуу мод цуглуулан тэмдэг тавих зэргээр мэдээлэл үлдээдэг байжээ. Модон дээрх хэрчлээс зэргээс бичиг үсэг үүсэж, овоолж цуглуулсан мод чулуунаас нь овоо үүссэн гэж тайлбарладаг. Овгийн байгуулал бий болох, задрах, бусад бүлгээс салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг зааглах үүрэгтэй байжээ. Дараа нь бөө мөргөлтэй холбоотойгоор овоо хөгжиж, бөө хүмүүс газар усны эзэд, сүнс сүлдтэй холбогддог тэр газартаа шүтлэг бишрэлийн үүднээс овоо босгож шүтэж иржээ. Уул овоо тахих энэхүү зан үйлийг монголчууд өнөөдрийг хүртэл уламжлан хадгалж, сүсэглэн дээдэлсээр ирсэн билээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)