Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Мөнгөн гүүр" эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байжээ

Нийслэлийн иргэний танхимд болж буй “Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гуравдугаар хурал”-ын үеэр "Мөнгөн гүүр" эмнэлэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллага эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн ноцтой мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид мэдээллээ.
 
Эхлээд уг мэдээллийг нууц байдлаар ярилцаад дараа нь сэтгүүлчдэд танилцуулсан юм. БНСУ-ын иргэн Монголын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны зориулалттай хоёр эмийг зөвшөөрөлгүй хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, 120 ширхэгтэй 6670 ам.долларын үнэтэй эмийг хураан авсан байна.
 
Мөн НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун " Хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны хаяг шошго нь тодорхойгүй үйлдвэрлэсэн зөрчил илрүүлсэн. Жишээлбэл “Мөнхжин-Од” хэмээх компанийн “Найрсаг” гэдэг архи шошго дээрээ 39 градус байдаг боловч лабораторийн шинжилгээгээр шинжлэхэд хатуулгын чанар нь 28-30 градус байсан. Өөрөөр хэлбэл, шошгод заасан стандартын хэмжээнд архи, согтууруулах ундааг үйлдвэрлэхгүй байна. Мөн архи, согтууруулах ундаа нь донтуулах бодис их хэмжээгээр агуулж байгаа нь шинжилгээгээр илэрсэн. Ихэвчлэн цагаан архинуудыг нэг стандартаар үйлдвэрлэж байгаа ч шошгыг олон төрлөөр хэвлэн худалдаалж, борлуулж байна. Одоогоор архи, согтууруулах ундаанд хордсон гомдол, санал бага ч архинд донтох асуудал их байгаа” талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ч өглөө. Тус газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнгөрөгч 11 дүгээр сард согтууруулах ундаа үйлдвэрлэгч 65, импортлогч, худалдаа үйлчилгээ эрхлэгч 14194, нийт 19735 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар нийт 5514 зөрчил илрүүлэн 3967 буюу 71.9 хувийг арилгаж,  хотын захирагчийн ажлын албанд 152 газрын архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлжээ. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалж байсан 12 нэрийн 103 шил нийт 1.498.000 төгрөгийн архийг улсын орлогод оруулахаар улсын ахлах байцаагчийн акт тогтоожээ. Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Н.Одончимэг "Нийслэлийн хэмжээнд энэ оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 44 аж ахуй нэгжид шалгалт хийхэд 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байсан.  Харин улсын байцаагчийн шаардлагыг удаа дараа зөрчсөн, хэрэгжүүлээгүй, хаяг байршил дээрээ үйл ажиллагаагаа явуулаагүй 11 үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор албан бичиг хүргүүлээд байна” хэмээн танилцууллаа.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)