Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авахгүй байхаар тогтсон билээ. Улмаар өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүн "УИХ-ын гишүүний миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 76 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлж байгаа. Багийн Засаг даргад машин авна зэрэг замбараагүй зардал байгаа гэсэн. Энэ үнэн үү. Ер нь алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу? Алдагдлыг нөхөх гэж төсөв батлаад хэрэггүй. Манайх 2 их наядыг хоосон үлдээчихээд байна. Зайлшгүй алдагдал юунд байсан юм бэ?" гэсэн юм.
 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна. Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй.Төсвийн зардал 9.6 их наяд байгаа. Гэхдээ бид боломжгүй гээд суугаагүй. Төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулаад өндөр хүүгээр зээлж авдгийг бууруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэн ялангуяа зээлийн хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр онцгойлон анхаарч байна " гэж тодотголоо.
 
Мөн ЕТГ-ын дарга З.Энхболд "Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд батласан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа. 2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш" гэсэн юм. Хоригийг  үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)