Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Кристиано Роналдо алтан бөмбөгийнхөө тоогоор Месситэй зуузай холбожээ

Португалын хөл бөмбөгийн супер од Криштиану Роналду дэлхийн оны шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг” шагналын эзнээр тав дахь удаагаа тодорч, энэ шагналыг хүртсэн тоогоороо Аргентины алдарт хөл бөмбөгчин Лионель Месситэй зуузай холболоо гэж “Синьхуа” агентлаг мэдээллэв. Л.Месси нь өчигдрийг хүртэл энэ шагналыг хамгийн олон удаа хүртсэн хөл бөмбөгчин гэгдэж байсан юм. Шагнал гардуулах ёслол өчигдөр Парис хотод болжээ. “Алтан бөмбөг”-ийн төлөө өрсөлдөгчдийн жагсаалтын хоёрдугаарт Л.Месси, гуравдугаарт Францын “Пари Сен-Жермен” багт хамгийн өндөр үнээр буюу 222 сая ам.доллароор очсон Бразилын хөл бөмбөгчин Неймар орсон байна. К.Роналду шагнал авсныхаа дараа “Би үнэхээр баяртай байна. Насан туршид минь дурсагдах хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг өнөөдөр тохиож байна. Би энэ шагналыг дахиад олон удаа авна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. К.Роналду нь “Реал Мадрид” багийг энэ онд Аваргуудын лиг болон Ла лигт түрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Тэрбээр 2008, 2013, 2014 болон 2016 онд “Алтан бөмбөг”-ийн эзэн болж байсан билээ. Францын “France Football” сэтгүүл Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-тай хамтран 1956 оноос эхлэн хөл бөмбөгийн сэтгүүлчдийн дунд санал асуулга явуулах замаар “оны хамгийн шилдэг тоглогч”-ийг тодруулж, “Алтан бөмбөг” шагналыг олгодог болсон түүхтэй.
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)