Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

ЕАБХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн хуралдаан Вена хотноо боллоо

Францын нийслэл Вена хотноо Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн 24 дэх удаагийн чуулган боллоо. 
 
Украйны зүүн хэсэгт дэгдсэн хямралын зохицуулалт, Орос-Америкийн харилцааны асуудал чуулганаар хөндөж хэлэлцсэн гол сэдэв байлаа. 2017 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг Австри улс даргалж байгаа. Иймээс тус улсын Гадаад хэргийн сайд Себастьян Курц зочдоо Венийн эзэн хааны Хофбург шилтгээнд хүлээн авчээ.
 
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орны Гадаад хэргийн сайд нарын зөвлөлийн чуулганы хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонтой уулзлаа. Уулзалт нэг цаг орчим үргэлжилсэн байна. Энэ үеэр хоёр сайд Сирийн асуудлаарх Женевын яриа хэлэлцээ сэргэсэнд баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын эргэн тойронд бий болсон байдал, Афганистан дахь АНУ-ын шинэ стратегийг хэлэлцжээ. Үүнээс гадна сайд нар ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын Вьетнамд байгуулсан тохиролцоог хэрэгжүүлэх үйл явц ямар байгааг хөнджээ.
Лавров энэ талаар сэтгүүлчдэд хэлэхдээ "Дананга хотод болсон АПЕК-ийн уулзалтын хүрээнд Путин, Трамп хоёрын хамтарсан мэдэгдэлд тусгагдсан тохиролцооны хэрэгжилт ямар байгаад гол анхаарал хандууллаа. Тухайлбал, бид хоёр манай хоёр орон хооронд гадаад яам болон цэргийн яамны шугамаар холбоо тогтоох ажил хэрхэн хэрэгжиж байгааг хэлэлцсэн. Мөн бид тайлбар хийх шаардлагатай зарим асуудлыг хөндлөө” гэсэн юм. Тэгээд ч зарим судлаач Тиллерсон энэ албан тушаалдаа нэг их удахгүй гэдэг үүднээс Лавров, Тиллерсон хоёрын энэ уулзалт нэг их үр дүнд хүрэх нь юу л бол гэж үзэж байна. АНУ-ын гадаад бодлоготой холбоотой бас нэг анхаарал татсан асуудал бол Ерөнхийлөгч Трамп Иерусалимыг Израйлийн нийслэл гэдгээр хүлээн зөвшөөрөх болсноо өнгөрсөн лхагва гарагт зарлаж, АНУ-ын Элчин сайдын яамыг Тель-Авиваас Иерусалим руу нүүлгэх зарлигт гарын үсэг зурсан явдал юм. Энэ шийдвэр исламын шашинтнуудыг маш их эмзэглүүллээ. Дэлхийн өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байна. Сая АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Вена хотноо энэ талаар “Энд АНУ-ын хууль тогтоол, АНУ-ын шийдвэр яригдаж байна. Улс орон бүр өөрт холбоотой асуудлаар өөрт нийцэх шийдвэр гаргах эрхтэй” гэдгээс өөр зүйл хэлсэнгүй. Гэхдээ түүний хэлж байгаагаар “Энэ нь ганц шөнийн дотор шийдчих асуудал биш. Элчин сайдын яамыг нүүлгэхэд цаг хугацаа хэрэгтэй” юм байна. Европын холбоо энэ асуудлаар “Иерусалим хотын статусыг Израйль болон Палестинчууд хооронд шууд яриа хэлэлцээ хийснээр тодорхойлох ёстой” гэсэн байр суурьтай байна.
Г.Цэнд-Аюуш
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)