Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Андрей Сахаровын нэрэмжит шагналыг Венесуэлийн сөрөг хүчнийхэнд гардуулна

Жил бүр Европарламентаас хүний эрхийн төлөө тэмцэгчдэд олгодог Андрей Сахаровын нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог. Энэ жилийнх өнөөдөр Страсбург хотод болно. 
 
 
Энэ удаа тус нэр хүндтэй энэ шагналаа Венесуэлийн ардчилсан сөрөг хүчний улс төрчдөд олгохоор шийдвэрлээд байна. Венесуэлд энэ жил эрх баригчдын эсрэг эсэргүүцлийн өргөн хүрээтэй хөдөлгөөн өрнөсөн. Он гарснаас хойш засгийн газрын эсрэг энэ тэмцэл хөдөлгөөнд оролцсон 130 гаруй хүн амь насаа алдаж 500 гаруй хүн шоронд хоригдсон байдаг. Тус эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулсан, ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж байгаа Венесуэлийн сөрөг хүчнийхэн энэ шагналаа Страсбург хотноо гардан авах гэж байна. Тэдний дотор Каракас хотын захирагч асан Антонио Ледесма байгаа юм. Түүнийг 2015 онд ажил дээрээ байхад нь эрх баригчдын шийдвэрээр баривчилсан бөгөөд олон нийтийн эмх замбараагүй байдлаас болж хүмүүс амиа алдсаны бурууг Ерөнхийлөгч Мадуро түүнд тохож байсан. Сонирхуулахад, Оросын физикч Андрей Дмитриевич Сахаров нь Зөвлөлтийн устөрөгчийн бөмбөгний эцэг гэдгээрээ алдартай. Гэхдээ тэрээр энэ ажлынхаа үр дагаварт сэтгэл зовниж цөмийн зэвсгээр хөөцөлдөх нь ноцтой аюултайг хүн төрөлхтөнд ойлгуулах их ажлыг эхлүүлсэн. Түүний хүчин чармайлтын үр дүнд 1963 онд цөмийн туршилтыг хориглох гэрээ байгуулагдаж байсан юм. мөн тэрээр хүний эрхийг хамгаалах, улс төрийн хэрэгт буруутгагдсан гэм зэмгүй хүмүүсийг хамгаалах хороо байгуулж байсан, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч юм.
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)