Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

10 настай охиныг мөргөсөн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгожээ

Баянгол дүүргийн нутаг, Авто вокзалын хойд замд “Toyota Spacio” маркийн автомашин 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн зам тээврийн ослын бичлэг цахим орчинд тарж, олон нийтийн анхаарлыг татаад байна.
 

Осол гаргасан жолооч Замын цагдаагийн албанд болсон явдлын талаар мэдүүлэг өгөхдөө ийн ярьжээ.

-“Би дөрөвдүгээр ангийн сурагч охиноо сургуулиас нь аваад, Таван шар руу харихаар явж байсан юм. Осол гаргах үедээ уулзварын гэрлэн дохиог хараагүй. Нүдний хараа муу. Тийм болохоороор уг нь машин бараг барьдаггүй. Автобусаар явдаг. Ганц удаа машин жолоодож явсан тэр өдөр улаан гэрлээр гарч, гарцаар гарч явсан охиныг харалгүй осол боллоо. Тоормос гишгэсэн ч чигээрээ очоод охиныг гэмтээсэн. Машинаасаа бууж, охин дээр очих гээд хамгаалалтын бүстэйгээ зууралдах хооронд зам гарч явсан хүмүүс ирж туслан, эмнэлэг, цагдаа дуудсан. Баянгол дүүргийн замын цагдаа нар ирж, хэргийн газрын үзлэг хийсэн. Харин охиныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн.  Маргааш нь цагдаа дээр ир гэсэн, би очсон. Буруугаа хүлээгээд, охины аав, ээжээс уучлалт гуйсан. Охины аав, ээж “Настай таныг яах вэ дээ, хүүхэд гайгүй болохоор гомдолгүй” гэсэн тодорхойлолт бичиж өгсөн юм билээ. Бүх зүйл миний буруу” гэжээ.

Энэ хэргийг үйлдсэн этгээд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл гараад байсан юм. Тухайн хүүхдийн бие хөнгөн гэмтсэн, эцэг эх нь гомдол, саналгүй байх тул хуулийнх нь дагуу энэ хуулиар арга хэмжээ тооцсон байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсээс шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн заалтын дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.

Г.Цэнд-Аюуш
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)