Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Хэлмэгдэгсдийн үр хүүхдэд нэмэлт нөхөн олговор олгох хуулийн төслийг дэмжив

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулав.



Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 3 удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг 4 удаа сунгажээ. Харин уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон байна. Учир нь 2009 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд нөхөх олговрын нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчилжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн гишүүд болох 18178 иргэнд улсаас 16 тэрбум 400 сая төгрөгийн нөхөх олговор, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгоод байгаа аж.

Одоогоор улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхэд болох 400 орчим иргэн байгаагийн доод тал нь 80-аас  дээш настай юм. Тэд бага насандаа өнчрөн, эцэг эх нь хөрөнгөө хураалгаж, сургуульд орох боломж нь хязгаарлагдах, тэтгэвэр тэтгэмж нь багаар тогтоогдох зэрээр багагүй хохирол амссан байна. Эдгээр иргэдийн тоо цаашид төдийлөн нэмэгдэхгүй учир хэлмэгдэж цаазаар авахуулсан болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэг удаагийн нэмэлт нөхөх олговор олгохоор уг хуулийн төсөлд тусгажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу өмнө нь орон сууц, гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд орон сууц болон түүнтэй тэнцэх мөнгөн олговор хэлбэрээр нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгасан байна.

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.3-д заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах болон нөхөх олговор олгох хугацааг хуулийн төсөл батлагдсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд байхаар төсөлд тусгажээ. Ингэснээр Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж байгаа хэргийг шалгаж дуусгах, цагаатгах, нэхэмжлэл гаргах, нөхөх олговор зэрэг асуудал шийдвэрлэгдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.



Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудал болон Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, ОХУ-д байгаа материалыг бүрэн шийдвэрлэж дуусгах, түүнчлэн хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэцэхийг санал нэгтэйгээр дэмжсэн аж.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар, С.Жавхлан, Д.Сарангэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)