Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 1,2 сая дахь зорчигчдоо угтаж авав

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан 2017 онд түүхэндээ анх удаа 1 сая 200 мянган зорчигч хүлээн авч байна. Нисэх буудлын удирдлагууд, хэлтэс, албадын дарга нар өнөөдөр өглөө буюу 2017 оны 12 дугаар сарын 15-нд 1,200,000 дахь зорчигчдоо угтан авч хүндэтгэл үзүүлэв. Өглөө 07.35 цагт “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд буусан “МИАТ” компанийн ОМ-136 аяллын агаарын хөлгийн 103 зорчигч болон тус хөлгийн багийн гишүүдэд сарнай цэцэг бэлэглэсэн юм. Энэ онд 60-н жилийн түүхт ой нь тохиож буй тус нисэх буудлыг өнгөрсөн долоодугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлаар зорчсон гадаад, дотоодын зорчигчдын тоо жил бүр тасралтгүй өссөөр байгаа бөгөөд 2013 онд 1,1 сая зорчигч хүлээж авч байсан бол үүнээс хойш дөрвөн жилийн дараа зорчигчдын тоо ийнхүү 1,2 сая болж өсч байгаа нь энэ юм. Мэргэжилтнүүдийн тооцоо, судалгаагаар цаашид энэ тоо жил бүр өсөх юм байна. Тус нисэх буудал нь өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын тав, дотоодын гурав, бусад долоо, нийт 15 байгууллагатай хамтарч ажилладаг. Агаарын тээвэрлэгч эдгээр компаниуд өнөөдрийн байдлаар Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг Олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат ес, нийт 22 чиглэлд, мөн орон нутгийн тогтмол есөн чиглэлд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлаас нислэг үйлдэж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)