Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Наранбаатар: Дэлхийд үнэлэгдсэн магтаалаа даах нь чухал

Улс төрийн элдэв хийрхэл, популизмын хөөсрөлд автсан манай нийгэмд аливаад жинхэнэ ажил хэрэгч, шинжлэх ухаанч хандлага илт үгүйлэгдэж байна. Харин энэхүү орон зайг "Оном сан" , МУИС-иас хамтран зохион байгуулах болсоор жил гаруйн нүүр үзэж буй "Оюунлаг судлаач" цуврал лекц бага боловч нөхөж буй нь сайшаалтай. 2017 оны хамгийн отгон лекцийг "Оном сан"-гийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар "ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ" хөтөлбөр, түүний хэрэгжилт сэдвээр тавих үеэр түүнтэй хөөрөлдөх боломж олдсон юм. Элэгний вирүс, цусны даралт ихдэлт гээд "чимээгүй алуурчин"-тай түүний байгуулсан "Оном сан"-гийн хийж буй тэмцэл үр дүнд хүрч хэдийнэ эхний ялалтуудаа байгуулаад эхэлсэн. Харин морь, бөх төдийхөн сонирхож, урлаг спортын алдартнуудаар л баатруудыг төсөөлдөг харалган бидний хувьд олон мянган хүний амь аврах их үйлс бүтээж буй түүний үйл хэргийг анзаарах өчүүхэн ч сөхөө алга. Гэвч алдар хүнд, эд агуурсын боол байхаас ангид, бүр тэс ондоо түүний хувьд бидний энэ харалган бүтэлгүй байдал ер сонин биш. Харин элэгний вирүсээр өвчилсөн 400,000 Монгол хүнийг аврах, элэгний хорт хавдар хатуурал, цусны даралт ихдэлт, цус харвалтаар Монгол хүн нас бардаг явдлыг бүр мөсөн таслан зогсоох нь л түүний амбиц. Шалихгүй эмч өвчнийг, сайн эмч хүнийг, агуу эмч улс орноо эдгээдэг гэсэн үг бий. Тэгвэл улс орноо, үндэстнээ эдгээж байгаа гэх эрхэм тодотгол "Оном сан"-гийнханд лавтайяа зохино. Ингээд олныг үл нуршин ярилцлагаа хүргэе!

- Өнөөдөр "Элэг бүтэн Монгол"  үндэсний хөтөлбөр болтлоо өргөжөөд байна. Үүний нууцаас хуваалцаач

-Нууцсаад байх ч юу байх вэ дээ. "Зүтгэл байвал зүүгээр ч худаг гаргана" гэж нэг үг бий. Түүн шиг сэтэл байгаад зүтгэл байхад юуг ч хийж болно. Эхлээд би хэдэн тоо хэлье. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар дэлхийд өнөөдөр  325 сая хүн хепатитын вирүсийн архаг халдвартай байна. Элэгний хорт хавдар хатуурлаар жилд 1,4 сая хүн нас бардаг. Нас баралтынхаа тоогоор хумхаа, сүрьеэ, ДОХ-ын вирүсээс шалтгаалсан нас баралтаас ч илүү олон хүн нас барж байна гэсэн үг. Тиймээс дэлхийн улс орнууд хепатитын вирүсийн эсрэг тэмцэлд нэгдсэн. Энэ тэмцлийн тэргүүн эгнээнд Монгол Улс явж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй. Учир нь манайд 100 мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралт дэлхийн дунджаас 11,6 дахин өндөр байна. 1990 онд дэлхийн дунджаас 6 дахин өндөр нас баралттай байсан бол 2010 онд 12 дахин нэмэгдэж аюулын харанга дэлдсэн. Ийм байхад зүгээр гараа хумхиад суугаад байж таарахгүй. Хепатитын вирүс элэгний хорт хавдраас гадна, элэгний хатууралд хүргэдэг. 100 мянган хүн тутамд элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд хол тасархай тэргүүлж байна. 100 мянган хүн тутамд  элэгний хатуурлын нас баралтаар гэхэд манайх Египет, Камбожийн дараа дэлхийд 3-рт явж байна. 1990 онд элэгний хатуурлын шалтгаант нас баралт дэлхийн дунджаас 2 дахин их байсан бол 2006 онд 4 дахин их болж нэмэгдсэн. 2016 онд элэгний хорт хавдар, хатуурлаар 2750 хүн нас барсан нь манай улс дахь нийт нас баралтын 15 хувийг дангаараа эзэлж байна. Энэ цөөхөн Монгол ганцхан өдөрт 7 хүнээ элэгний өвчнөөр алдаад байвал юу болох вэ? Тиймээс л бид "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэх цаг нь болж гэж шийдсэн. Одоо л хийхгүй бол оройтох нь гэдгийг ч ухаарсан. Энэ бол элэг нэгтнээ гэсэн тэр сэтгэлээс л үүдсэн зүйл.

-Та ийм том хөтөлбөр хэрэгжүүлж чадна гэж өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Нээрээ одоо бодоход том зориг шүү. Яг үнэндээ бол тун ч хэцүүхэн үе олон байсан. Гэхдээ манай хамт олон зорьсон бол хийх л ёстой гэж боддог хүмүүс. Анх 2012 онд "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийнхөө суурийг судалгаагаар тавьсан.  Судалгаагүй бол харанхуйд замаа олохгүй тэмтэрч яваатай л адил шүү дээ. Элэгний вирүсийн халдварын тархалтыг тодорхойлох судалгааны ажлынхаа санхүүжилтыг 2012 онд олон улсаас аваад,2013 онд хийсэн. 400 мянга орчим Монгол хүн элэгний вирүсийн архаг халдвартай байна гэдгийг энэ судалгаагаар тогтоосон. Энэ судалгаан дээрээ үндэслээд бодлого, тѳлѳвлѳгѳѳгѳѳ боловсруулсан. Элэгний вирүсийн архаг халдвартай хүмүүс хэрвээ эмчлүүлэхгүй удвал элэгний хатуурал, хорт хавдар болох ѳндѳр эрсдэлтэй байдаг. Өвчин эмгэг хэлж ирэхгүй, бас хэнийг ч хүлээхгүй. Харамсалтай нь биднийг энэ ажлаа эхлүүлж байх 2013, 2014 онд Монголын анагаах ухаанд дэлхийн сүүлийн үеийн эмчилгээ бараг л байхгүй, зах зээл дээр байсан эмүүд нь асар өндөр үнэтэй байсан. Нэг л жишээ хэлье: Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн гэр бүлийн эзэмшдэг Белладонна ХХК элэгний В вирүсийн эсрэг үйлчилгээтэй Тенофовир эмийг дэлхийн зах зээлийн үнийг 30 дахин ѳсгѳж зараад сууж байсан. Бодит нѳхцѳл байдал ийм байсан болохоор бид элэгний вирүсийн эсрэг бүх л эмчилгээг Монголдоо нэвтрүүлэх, эмийн үнийг эрс хямдруулахаас ажлаа эхлэх ёстой юм байна гэдгээ маш сайн ойлгосон. Гэхдээ энэ нь "Оном сан" эм оруулж ирээд зарна гэсэн үг биш. Ашиг сонирхолын зѳрчилгүй байх нь "Оном сан"-д юу юунаас ч чухал учраас "Оном сан" эм зардаггүй, түгээдэггүй. Харин Омбол, Монгол ЭмИмпекс, Монос, АзиФарм зэрэг эмийн үндэсний компаниудыг Гилеад Сайнсес, Аббвие, Мерк, Майлан, Страйдас Шасун зэрэг олон улсын нэр хүндтэй олон компаниудтай холбож ѳгсѳн, эмийн үнийг бууруулахад нь тусалсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах үеэр "Оном сан"-г дээр дооргүй л хардсан, нэг л газраас ашиг олох гээд байна, тэр нь хаанаас вэ гээд л баахан хайсан, цагдаад хүртэл ѳгч шалгуулж байсан.  Дундуур нь тээг тавьж, хаалт, боолт хийн амин хувьдаа ашиг олох ажил болгох гэж үзсэн албан тушаалтан ардын баатар болж тодорсон. Тодорсон баатрын ашиг олох сонирхолоо хамгаалж хүн болгонтой хийсэн хэрүүл нь эмийн бүртгэлийг таг гацсан, бѳѳн л хардлага, сэрдлэгэд хүргэсэн. Үүнтэй зэрэгцээд олон улсын компануудтай нь яриж арайхийн эмийн үнийг нь хямдруулаад ѳгѳхѳѳр, нѳгѳѳ тусалж хамтран ажиллаж байсан зарим үндэсний компаниуд буцааж үнээ нэмээд ашгаа нэмэгдүүлнэ гэсэн саналтай нүүр тулж хүртэл үзсэн. Зарим нэг нь болж бүтээд ирэнгүүт, манай компани мундаг учраас бүтээчихлээ, нийгмийн хариуцлагаа ёстой мундаг хэрэгжүүлдэг компани гээд л "Оном сан " падгүй болоод талийж ѳгдѳг. Энэ бүхнийг манай хамт олон дотроо яриад, инээд, наргиа болгоод л ѳнгѳрдѳг. Хамгийн гол манай хамт олон, хамтран зүтгэж байгаа олон үнэнч нѳхдийн хамтаар зорьсон зүйлсээ бүтээх л чухал. Ѳнѳѳ маргаашийн жижиг асуудлаас илүү, алсын зорилго л чухал.Ингээд ярьсан нэг сонирхолтой түүх санаанд орж байна. Би энэ талаар ѳмнѳ нь нэг их ярьж байгаагүй байх.

-Их сонирхолтой санагдаж байна. Та боломжтой бол ярьж ѳгѳхгүй юу?

-2014 оны 6 сарын 2-ноос 5-ны хооронд Гилеад Сайнсес компаний тѳлѳѳлѳгчдийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг манай сангийн хамт олон гардан зохион байгуулсан юм. Энэ айлчлалын хамгийн сүүлийн ѳдѳр буюу 2014 оны 6 сарын 5-нд Монгол Улсын Ерѳнхийлѳгч Ц.Элбэгдорж биднийг Их тэнгэр дэх ѳргѳѳндѳѳ Гилеад Сайнсес компаний тѳлѳѳлѳгчдийн хамт хүлээн авч уулзаад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Улмаар 2014 оны зун Ерѳнхийлѳгчийн Тамгын газрынхантай хэд хэдэн удаа уулзаж судалгааны үр дүн, түүн дээр үндэслэсэн бодлого, тѳлѳвлѳгѳѳгѳѳ танилцуулсаны үр дүнд Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн ивээл дор “Эрүүл элэг” хѳтѳлбѳр хэрэгжүүлэхээр болсон. “Эрүүл элэг” гэдэг нэрийг Ерѳнхийлѳгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан гуай ѳгсѳн юм. Ерѳнхийлѳгчийн Тамгын газар УИХ-ын дарга, Ерѳнхий сайдтай зѳвшилцлѳѳ хийгээд 2014 оны 9 сарын эхээр болох Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳлийн хурлаар оруулах болсон гэсэн бүдэг бадаг мэдээлэл ирэв. Мэдээж хэрэг бидэнд ямар үйл ажиллагаа хэрхэн болох талаар таамаг тѳдий мэдээлэлтэй хэдий ч Ерѳнхийлѳгч дэмжиж байгаа болохоор бүтэх байх гэсэн хүлээлттэй байлаа. Тэгтэл 2014 оны 9 сарын 3-ны билүү 4-ний орой 11 цагийн үед манай багийнхан ажлаа хийгээд сууж байтал П.Цагаан гуай над уруу залгаад, Наранбаатар аа, “Эрүүл элэг” хѳтѳлбѳр чинь цагаан мѳртэй ажил биз дээ гэж асуудаг юм байна. Би ч тэгэлгүй яахав, цагаанаас цагаан мѳртэй ажил гэж яаран хэллээ. Тэгсэн П.Цагаан гуай би ѳнѳѳдѳр амьдралдаа сонсоогүй сонин, сонин юм сонслоо гэж хэлээд утсаа тавьчихлаа. Би ч мэл гайхаад хоцров, багийнхантайгаа асуусан асуултынх талаар нилээд удаан ярилцаад учрыг нь сайн олоогүй. Гэхдээ ямар ч байсан сайн юм болоогүйг л гадарласан. Сүүлд нь сонсохнээ тэр ѳдѳр Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳлийн  хурал болж тэр хурал дээр тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийн ашиг олох зорилготой Софосбувир эмийн үнийг 100% ѳсгѳж олон нийтэд зарлаад, үүнийгээ бодит зүйл болгохоор хийсэн Ж.Амарсанаагийн олон ёс бус үйл ажиллагаанаас үүдсэн хардлага сэрдлэгээ гаргаж ярьсан нь “Эрүүл элэг” хѳтѳлбѳрийг татан унагаасан байсан даа. Ингээд Үндэсний аюулгүй байдлын зѳвлѳл дээр уначихсан “Эрүүл элэг” хѳтѳлбѳрѳѳ хэрхэх талаар багаараа нилээд ярилцасны эцэст тѳрийн дэмжлэгтэй, дэмжлэггүй, албан тушаалтнуудын хаалт, боолттой нь хамаагүй урагшаа зүтгэх нь зүйтэй гэж шийдээд 2014 оны 9 сарын 8-нд “Эрүүл элэг” хѳтѳлбѳрийг олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш 9 сарын дараа буюу 2015 оны 6 сарын 22-нд “Эрүүл элэг” хѳтѳлбѳрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэнд спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэмжиж “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээ болгож зарласан нь тѳрѳѳс бодит дэмжлэг ѳгѳѳгүй хэдий ч бас урам өгсөн. Харин 2016 онд “Эрүүл элэг” хѳтѳлбѳр "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр болж эрчээ авах их үйлсийн эхлэл тавигдсан гэж болно. Энэ эхлэлийг 2016 оны 3 сарын 19-нд "Оном сан", Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Нэг Монгол, Ѳвчтѳн нийгмийн тѳлѳѳллийн зѳвлѳл хамтран зохион байгуулсан “Элэг бүтэн Монгол” нээлттэй хэлэлцүүлэг тавьсан. Энэ хэлэлцүүлэгийн үеэр Монгол Ардын Нам болон Ардчилсан намын 2016 оны УИХ-ын сонгуулийн Мөрийн хөтөлбөрт "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг оруулах үүд хаалга нээгдсэн. “Элэг бүтэн Монгол” нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулахад ер нь “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрт анхнаас нь маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол “Нэг Монгол” тѳрийн бус байгууллагыг үндэслэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатар. 2013 онд “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийн үндэс суурь болсон судалгааг хийж түүний үр дүнд нь үндэслэн бодлого тѳлѳвлѳлтѳѳ хийж байхад Г.Занданшатар бид хоёр Станфордын их сургуульд хамт байсан болохоор олон ч удаа уулзаж ярилцан зѳвлѳлдсѳн. Энэ үеэс л Занданшатар маань бидний ажлыг чин зүрхнээсээ дэмжиж ажилласан, уруудаж ѳгсѳхийн алинд ч зангаа хувиргаагүй, хариу нэхээгүй, үнэнч хамтран зүтгэгч. Магадгүй ингэж зүтгэхэд нь тэртээ 20 гаруй жилийн өмнө аавынх нь элэг хүндээр өвчилж, эмчлэх ямар ч боломжгүй гэгдэн арга мухардан, аюулт өвчний өмнө хүчин мөхөсдөн эмгэнэн цөхөрч байсан нь нөлөөлсөн ч байж болох. Ямар ч байсан замын уртад танигдсан анд нѳхѳр, эх орноо, элэг нэгтнээ гэсэн эрхэм сэтгэлтэй тѳрийн зүтгэлтэн. Улс тѳрийн гол намуудын сонгуулийн мѳрийн хѳтѳлбѳрт “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳр орсон нь дэлхийн аль ч улс оронд болоогүй түүхэн үйл явдал болсон. Ингэж байж "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг төрийн хөтөлбөр болгосон. Монгол Улсын 400 мянган хүнд, тэдний ар гэрийнхэнд хэрэгцээтэй амь аврах үйлс ингэж л эрчээ авсан юм. МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад ч “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог.

-Өнөөдөр МАН мөрийн хөтөлбөрөө огт биелүүлэхгүй бултаж байна гэх шүүмжлэл нийгэмд их байна. "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн тухайд тийм зүйл болоогүй юу?

-Олны минь заяа түшиж ёстой тийм зүйл болоогүй. 2016 оны 9 сарын 9-нд буюу манай баг олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхэлсний яг 2 жилийн ойн дээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийг нь бүрэн утгаар тусгаж хуульчлан баталж өгсөн. Ѳѳрѳѳр хэлбэл “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийн үндсэн хоёр зорилго болох элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсооно гэдгийг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үг үсэгчлэн тусгасан. Үүнтэй зэрэгцүүлэн 2016 оны төсөвийн тодотголоор хепатитын вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн үнийн хөнгөлөлтөд зориулж 23,4 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлын төсөвт суулгаж өгсөн нь зүгээр л цаасан дээрх хий хоосон амлалт биш гэдийг баталж ѳгсѳн. Энэ бол үнэхээр түүхэн шийдвэр байсан. Энэ шийдвэрүүдийг гаргахад эх орон, элгэн түмнээ гэсэн сэтгэлтэй олон Улсын Их Хурлын гишүүд дэмжлэг үзүүлсэн. Нэн ялангуяа УИХ-ын гишүүн Жадамбаагийн Энхбаяр, Бямбасүрэнгийн Энх-Амгалан, Гомбожавын Занданшатар нар “Элэг бүтэн Монгол” хѳтѳлбѳрийг нь бүрэн утгаар Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулах тал дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд өнөөдөр 30 орчим мянган хүн элэгний С вирүсээсээ бүрэн ангижирч эрүүл саруул болоод байна. Та бод доо! Гучин мянган хүн элэгний хатуурал, хорт хавдартай болох эрсдэлээс аврагдсан. Амь нас нь үхлийн аюулаас аврагдсан. Сайхан байгаа биз. Энэ 2017 онд Монгол Улсын Засгийн газар анх удаа "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийг баталж, түүнийг хэрэгжүүлэхэд 226 тэрбум төгрөг тусгаад байна. Ийм боломж байхад бид хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг илүү хурдтай хийгээд чамбай, нямбай явуулах ёстой.

-"Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд яг өнөөдөр ямар ажил хийгдэж байна вэ? Анхаарах ёстой ямар асуудлууд байна вэ?

-"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр маань дотроо Урьдчилан сэргийлэлтийн аян, Эрт илрүүлэлтийн аян, Эмчилгээний аян, Эрдэм шинжилгээ судалгааны дэд хөтөлбөр гэсэн дөрвөн үндсэн тулгууртай. Энэ дундаас бид Эрдэм шинжилгээ судалгааны дэд хөтөлбөрт онцгой ач холбогдол өгч байна. Эрдэм шинжилгээ, судалгаагүйгээр "Элэг бүтэн Монгол" үндэсний хѳтѳлбѳрийг сайн хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь энэ хѳтѳлбѳрийн алхам бүр нь шинжлэх ухаанд суурилсан байгаа. Урьдчилан сэргийлэлтийн аяныг маш сайн хэрэгжүүлэх асуудал маш чухал. Бид хепатитын вирүсийн халдвар авах эрсдэл шүдний эмчилгээ, мэс засал, зүү төөнүүр, шивээс хийлгэх, цус солиулах, гоо сайхны үйлчилгээ авах зэрэгт арьс салст гэмтээдэг олон тѳрлийн үйл ажиллагааны үед олон дахин нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт цогц танилцуулга хийсэн. Халдваргүй байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх нь нэн чухал зорилт мөн. Тиймээс Урьдчилан сэргийлэлтийн аяны хүрээнд эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл түгээх, вирүсийн халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг болох эрүүл мэндийн салбарынхан, оюутнууд, цагдаа, онцгойнхоныг вакцинд хамруулах, эрсдэлт хүчин зүйлүүдийг тодорхойлсны үндсэн дээр эрсдлийг бууруулахыг илүү чухалчилж байна. 

-Өнгөрсөн 2017 онд Эрт илрүүлэлтийн аян болж 40-өөс 65 насны хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан. Энэ ажлын талаар та мэдээлэл өгнө үү?

-Хэдий чинээ эрт илрүүлнэ төдий чинээ эмчилгээний үр дүн сайн байж таарна. Түүнээс гадна хэрвээ вирүсийн халдваргүй бол тэр хүмүүсээ вакцинжуулах, эрүүл мэндийн мэдлэг мэдээллээр хангах нь бас л чухал ажил. Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд 2017 онд 40-65 насны 760 мянган хүнийг хамруулах байснаас оны эцсийн байдлаар 327 мянган хүн буюу 43 орчим хувийг нь хамруулсан. Монгол Улсын Засгийн газраас батлагдсан тѳлѳвлѳгѳѳний дагуу "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд Монгол Улсын 15-аас дээш насны нийт 2.2 сая хүнийг 2018 оны эцэс гэхэд элэгний В болон С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж дууссан байх ёстой. Тиймээс 2018 онд 1,8 сая гаруй хүнийг элэгний В болон С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах том ажил Монголчууд та биднийг хүлээж байна. Өрхийн болон сумын эмнэлэгүүдээр дамжуулан эрт илрүүлэлтийн шинжилгээ хийж байгаа. Үүн дээр хувийн хэвшлийн бүх эмнэлгүүдийг нэмэх нь зүйтэй гэж бид үзэж байгаа. Монголчууд бид дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байж л энэ том ажлын ард гарна. Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд Эрүүл мэндийн яам маань Үндэсний хэмжээний нэгдсэн мэдээлэлийн сан үүсгэж маш сайн зүйл хийсэн. Энэ бол маш зѳв зүйтэй ажил байсан одоо улам илүү сайжруулж ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөг гаргаж, хепатитын В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн оношлуур хэрэглэн хийсэн. 2800 тѳгрѳг нь арай л бага тѳсѳв байсан учраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд дээр дарамт учруулсан. Энэ алдааг Эрүүл мэндийн яам маань засаж 6000 төгрөг болгон, Эрт илрүүлэлтийн аяны хамралтыг улам илүү сайжруулна гэж хүлээж байна. Халдвар илрүүлэх шинжилгээг үр дүнтэй, өндөр чанартай хийхийн тулд түргэвчилсэн оношлуураа зөв сонгох чухал. Чанартай, алдаагүй оношлуур үзлэг шинжилгээнд хэрэглэх талаар Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ байнга зөвлөж сануулж байгаа. 15-аас дээш насны бүх хүн амаа хепатитын В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах зорилтыг манай улс дэлхийд анх удаа дэвшүүлээд байгаа нь маш чухал. Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд 2017 онд хамрагдсан 40-65 насны 327 мянган хүнээс 54,4 орчим мянган хүн буюу ойролцоогоор 17 хувь нь хепатитын С вирүсийн эсрэг биет эерэг буюу архаг халдвартай эсвэл халдвар авч байсан гэсэн үр дүн гарсан. Хепатитын С вирүсийн эсрэг биет эерэг гарсан хүмүүс хепатитын С вирүсээ тоолуулж байж архаг халдвартай эсэхээ эцсийн байдлаар тодорхойлуулах шаардлагатай бѳгѳѳд Эрүүл мэндийн даатгалын хѳнгѳлѳлтѳѳр энэ нарийвчилсан шинжилгээг 2 удаа иргэдээс зардал гаргуулахгүйгээр мѳн хийж байгааг манай иргэд мэдэж байгаа байх. Мѳн Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд 2017 онд хамрагдсан 40-65 насны 327 мянган хүнээс 29,3 орчим мянган хүн буюу ойролцоогоор 9 хувь нь хепатитын В вирүсийн гадаргуугийн антиген илэрсэн бѳгѳѳд энэ хүмүүс нь хепатитын В вирүсийн архаг халдвартай гэсэн үг юм. Эдгээр хүмүүс хепатитын Д вирүсийн шинжилгээ заавал ѳгѳх хэрэгтэй. Үнэхээр санаа зовоосон асуудал байгаа биз.

-Энэ тоо судалгааг  хэрхэн хийдэг вэ?

-Энд дурьдсан тоонууд бол орон даяар ѳрх, сум, дүүрэг, аймгийн эмнэлэгүүдэд хийгдсэн элэг В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний үр дүнг багцалсан тоо. Ѳѳрѳѳр хэлбэл бодит тоо гэсэн үг. Энэ орон даяар хиигдэж байгаа Эрт илрүүлэлтийн аяны үр дүн нь 2013 онд манай эрдэмтэдийн багийн хийсэн тархалтын судалгааны үр дүнтэй нас насны бүлгээрээ яв цав нийцэж байгаа юм. Ѳѳрѳѳр хэлбэл бид 2013 онд судалгаан дээрээ үндэслээд ийм байна гэж урьдчилан хэлж байсан бодит байдал батлагдаж байна гэсэн үг. Энэ бол бид далдыг хардагтаа биш шинжлэх ухааны л гайхамшиг юм. 2013, 2014, 2015 онуудад манай эрдэмтэдийн баг элэгний вирүсийн тархалтын судалгааны үр дүнгээ танилцуулахад "...400,000 хүн хепатитын вирүсийн халдвартай байна гэж та нар яаж мэдэж байгаа юм..." гэж уцаарлаж байсан албан тушаалтнууд олон байсан. Ний нуугүй хэлэхэд Д.Наранжаргал доктор бид хоёр 2014 оны 9 сарын 15-нд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзахад "Монгол Улсад ердөө 5 мянган хүн л элэгний В, С вирүсийн халдвартай гэсэн бүртгэлтэй байна. Бид 20%-ийг л бүртгэж авсан байх, 80% нь бүртгэлгүй гэвэл Монгол Улсад 20 мянган хүн л элэгний В, С вирүсийн халдвартай байна..." гэж ярьж байсныг тод санаж байна. Н.Удвал сайд маань эрүүл мэндийн салбараас төрсөн сайд нь шүү дээ. Тэгэхээр нь бид "...Хэрвээ ердөө 20 мянган хүн хепатитын вирүсийн халдвартай бол өдөрт 7 хүн элэгний хатуурал, хорт хавдраар нас барна гэж үү? Сайд аа! Та том мөсөн уулын зөвхөн ил харагдаж байгаа оройг нь л хараад байна..." гэж хэлж байсан юм. Н.Удвал сайдын буруу гэхээс илүү мэдээллийн буруу зөрүү ойлголт, судалгаа шинжилгээ хангалтгүй хийж ирсний л гор байх. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвд жилд дунджаар 840 орчим хүн хепатитын В вирүс, 150 орчим хүн хепатитын С вирүсийн халдвар авч цочмогоор өвдѳж, эмчлүүлдэг, тэр тоон дээр л Н.Удвал сайд үндэслэж ярьж байсан. Онцгой зовиур мэдэгдэхгүй, халдвар авсан хүмүүсийн тоо асар их шүү дээ. Тийм ч болохоор амьдрал дээр, бодит байдал дээр асуудал гамшгийн хэмжээнд хүрснийг мэдээгүйгээс болж хепатитын вирүстэй тэмцэх, түүнийг устгахад зарцуулах төсөв санхүүгийн тооцоо хүртэл буруу, дутуу гарч байсан байгаа юм. Энэ чинь шинжлэх ухааны аргачлал төрийн бодлого тодорхойлоход ямар их чухал үүрэгтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн шинжлэх ухаанд, бодитой судалгаанд суурилж байж л бид амжилтад хүрнэ шүү дээ.

-Бодитой судалгаа их чухал гэж та хэллээ. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд хэр анхаарч ажилладаг бэ?

-Маш их анхаарч байгаа. Эрдэм шинжилгээ судалгааны дэд хөтөлбөрийн хүрээнд манай Оном сан, Элэгний төвийн хамт олон маш их идэвх зүтгэлтэй ажилласан. Элэг судлалын салбарт мэргэжлийн шинжлэх ухааны сэтгүүлүүд дунд дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Элэг эмгэг судлалын холбооны "Хепатологи" сэтгүүлийн тэргүүн нүүрэнд "Монгол Улс дахь элэгний В, Д вирүсийн тархалт"-ын талаар элэг судлалын судалгааны том өгүүлэл хэвлүүлж дэлхий нийтээс өндөр үнэлэлт авсан. Дэлхий нийтийн анхаарлын төвд оруулж чадсан энэ асуудлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч онцгой дэмжиж байгаа. Монголын эмч эрдэмтдийн багийн Монголд хийсэн судалгааны ажил өнөөдөр дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж, хепатитын вирүстэй тэмцэхэд ихээхэн хүчин чармайлт гаргах болсон. Анх энэ судалгааны ажлыг манай Дагвадорж профессор, Бэхболд эмч, Наранжаргал доктор гээд дөрөв тавхан хүнтэй эрдэм шинжилгээний баг эхлүүлж байлаа. Тэр үед бидний хэн маань ч дэлхийд жишиг болсон ийм том судалгааны ажил эхлүүлж байна гэдгээ мэдээгүй. Харин одоо бодоход бид хүсээд зорьж чадвал ямар амжилтад хүрч болохыг бодитойгоор харуулж чадсан байна лээ. “Хепатитын Д вирүсийн олон улсын сүлжээ" гээд дэлхийн эрдэмтдийн сүлжээ байдаг. Энэ сүлжээ олон улсын хэмжээнд "Хепатитын Д вирүсийн мэдээллийн сан" үүсгээд, Германд суурьтай, Германы шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжилт аваад хепатитын Д вирүсийг олон улсын түвшинд судалж байна. Энэ олон улсын багт манай эрдэмтэдийн баг тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, хамтарсан судалгааны ажлаа саяхан бас хэвлүүллээ. Үүний зэрэгцээ элэгний С вирүсийн голомтыг Монголд устгахад чухам хэчнээн хүний амийг аврах боломжтой талаар математик загварчлалд тулгуурласан судалгааны ажил мөн хийсэн хэвлүүлсэн. 2015 оны 9 сарын 14-нөөс 16-нд АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс Монгол Улсад анх удаа Монгол Америкын элэг судлалын чиглэлээр шинжлэх ухааны чуулган зохион байгуулсан. АНУ, Япон, Тайвань зэрэг орны 25 гаруй дэлхийн шилдэг эрдэмтэд ирж чуулсан. Энэ хурлын бодит үр дүн ч гарсан. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэн Монгол Америкийн эрдэмтдийн хамтын ажиллагааг санхүүжүүлэх 1 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгохоо 2016 онд мэдэгдсэн. Үүнээс манай Монгол эрдэмтэд 5 төрлийн судалгааны ажлаа 650 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой болсон. Тухайлбал "24-ѳѳс доош насны хүүхэд залуусын дундах хепатитын В, С вирүсийн тархалтын судалгаа, вакцины үр дүн", "Цусны хорт хавдартай хүмүүст хепатитын вирүс хавсарсан хүндрэлийн судалгаа", "Хепатитын Д вирүсийн генетикийн судалгаа" мѳн "Хепатитын вирүсийн халдвартай эхээс урагт халдах халдварын талаарх судалгаа" зэрэг нэлээд олон судалгаа хийгдэж байна. Мѳн 2017 оны 8 сард бид “Монгол-Европын элэг судлалын анхдугаар зөвлөгөөн”-ийг Улаанбаатар хотноо амжиллтай зохион байгуулсан. Энэ зөвлөгөөн дэлхийн анагаахын шинжлэх ухаан, тэр дундаа элэг судлалын чиглэлд шинээр гарч буй ололт амжилт, туршилт судалгааны асуудлыг хөндөн хэлэлцэж, Монгол Европын элэгний эмч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны шинэ гүүр гарцыг бий болгосноороо онцгой ач холбогдолтой болсон.

-"Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр их олон хүний амь насийг аварсан. Та энэ талаар ярьна уу?

-Үнэхээр тийм шүү. Дэлхий биднийг анхаарч, анзаарч, тоож эхэлж байна. Дэлхийд алдартай Английн "THE GUARDIAN" сонины 2017 оны 11-р сарын 7-ны дугаарт Монгол Улсад нүүрлээд байгаа элэгний хорт хавдрын гамшиг түүнтэй тэмцэж буй арга туршлагын талаар томоохон өгүүлэл нийтлэгдсэн. Энэ нийтлэлд манай багийн гишүүд болон Хавдар судлалын үндэсний тѳвийн эмч нараас ярилцлага авч, асуудлыг олон талаас нь харж бичсэн байна лээ. Тухайлбал манай Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөлийн гишүүд, эдгэрч эрүүл болсон хүмүүсийн тухай гэгээлэг сайхан материал нийтлэгдсэн. Миний хэлсэн ишлэлийг өгүүлэлийнхээ гарчиг болгоод гаргасан байна билээ. Мөн манай улс хепатитын вирүсийн голомтыг устгах, халдварын тархалтыг таслан зогсоох олон улсын аяны хүрээнд дэлхийд тэргүүлэгч орноор шалгарч, "Дэлхийн хепатитын саммит"-ын салбар хуралдаан бүхэнд яригдсан. Жинхэнэ сайны жишээгээр дурдагдсан. Дэлхийн 115 орны Эрүүл мэндийн сайд нар оролцсон энэ том чуулга уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлсэн. Ердөө Бразил, Хятад, Монгол гэсэн гурван орны Эрүүл мэндийн сайдыг индэр дээрээс үг хэлүүлсэн, тэр дотор бид багтаж байна гэдэг үнэхээр том нэр төрийн хэрэг. Биднээс түрүүлж хепатитын вирүстэй тэмцэх ажлаа эхэлсэн Египет, Гүрж, Австралиас илүү биднийг хүндэлж, биднийг үнэлж байна шүү дээ. Ингэхдээ манай Оном сан, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл, Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн үйл ажиллагааг бүр тусгайлан нэр цохон зааж сайшаан тэмдэглэсэнд бас их баярласан шүү. 

- "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн ойрын зорилт юу вэ?

-Үнэхээр чухал асуулт байна. Юун түрүүнд Монгол Улс 2018 онд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяны хүрээнд Монгол Улсын 15-аас дээш насны 1,8 сая хүнийг элэгний В болон С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулах хэрэгтэй. 2018 онд Монгол Улс хепатитын С вирүсийн архаг халдвартай 45 мянган хүнийг эмчилж эдгээх хэрэгтэй. Энэ тал дээр олон улсын компаниудтай жил гаруй хѳѳцѳлдѳж, ярьсны эцэст таатай нѳхцѳл байдал үүсээд байгаа. Эмийн үнэ хямдарч, элэгний С вирүсийг эмчлэх эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцах сайхан мэдээтэйгээр шинэ оноо угтлаа. Үүний зэрэгцээ Монгол Улс хепатитын вирүсийн хамгийн хүнд хэлбэр болох Д вирүсийн нэн шинэ эмчилгээтэй холбоотой судалгаагаар дэлхийд тэргүүлэгч орон болох ёстой. Элэгний В, Д вирүсийн эсрэг эмчилгээг Монгол Улсдаа хамгийн түрүүнд нэвтрүүлэх зорилтоо 2018 онд бодит ажил хэрэг болгохоор Оном сан оройлон зүтгэх болно. Дэлхийд магтагдаж буй магтаалаа даах нь их чухал. Бид  гараандаа сайн гарчихаад төгсгөлөө хийж чаддаггүй сул талаа, алдаагаа засаад явах ёстой. Гараанд хурдтай гарсан бол барианд ч эрчтэй очих ёстой.

2018 онд Оном сан ач холбогдлоороо "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрөөс дутахгүй нэгэн том ажлыг эрчимжүүлэх гэж байна. Энэ бол "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөр юм. 2017 онд "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хѳтѳлбѳрийн суурийг тавьж олон талын судалгааны ажлуудаа хийж, бодлого тѳлѳвлѳгѳѳгѳѳ боловсрууллаа. “Улаанбаатар хотын хүн амын дунд артерийн даралт ихдэлтийн тархалт болон түүний мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” сэдэвт Улаанбаатар хотын хэмжээнд 4600 гаруй хүн оролцуулсан том хэмжээний суурь судалгаа удахгүй дуусна. Өнөөдөр Монгол Улсад цусны даралт ихдэлт, түүнээс үүдэлтэй зүрх судасны эмгэг, тархины цус харвалт маш их байна. Үнэнийг хэлэхэд, 100 мянган хүн тутам дахь тархинд цус харвалтын нас баралтаар Монгол Улс дэлхийд тэргүүлж, дэлхийн дунджаас 4 дахин их нас баралттай байна. "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөр үүний эсрэг чиглэгдэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Швейцарь Улсын Новартис сан, Оном сан хамтран хүн амын дунд даралт ихсэлтийн тархалтыг бууруулах замаар зүрх судасны өвчлөл, нас баралтыг багасгаж, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор “Эрүүл зүрх- Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийг нийслэл хотноо хэрэгжүүлнэ. Энэхүү олон улсын, өргөн цар хүрээтэй хөтөлбөрт дэлхийн 200 гаруй орноос Монгол улсын нийслэл 3 хотын нэг, Азийн орноос ганцаар сонгогдсон нь завшаантай явдал ба бид хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаараа бусад хотуудыг манлайлж буйг дурдахад таатай байна. Эцэст нь ѳвчин эмгэгээс болж элэг эмтрэхгүй, зүрх зүсэгдэхгүй энх ирээдүйг хамтдаа бүтээхийг иргэддээ уриалж байна. Түүний тулд эрүүл мэндээ хамгаалах зөв дадал зуршил, мэдлэг мэдээлэлтэй байхыг хүсч байна. Элэг бүтэн Монголын төлөө бидэнд хийсэн ажил чамгүй байгаа ч хийх ажил бүр түүнээс  ч их байна даа.

Ярилцсан: Ц.Аюу

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)