Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хоёр Солонгос ширээний ард суув

2018/01/10
НИЙСЛЭЛ.mn
Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд “хүйтэн манан хөшиглөн” татаад байсан Солонгосын хойгт салхи эргэв бололтой. Энэ удаагийн хэлэлцээр өмнөх хэлэлцээрүүдээс хэд хэдэн онцлогтой байв. Юуны өмнө Пёнчан өвлийн олимпийн өмнөхөн болж байгаагаараа ч тэр, Солонгосын хойгийн нөхцөл байдал ч тэр өмнөд болон хойдод адилхан хүлээлт үүссэн цаг үед болж буйгаараа яахын аргагүй анхаарал татаж байна. Нэг үгээр хэлэхэд цаг үеийн тохироо үүссэн нөхцөл байдалд хэлэлцээр боллоо гэж хэлж болохоор байна. 
Хоёр тал Пёнчан өвлийн олимпод Умард Солонгосын талыг оролцуулах тухай хэлэлцээр гэж байгаа боловч үнэндээ Пёнчан өвлийн олимпд Хойд Солонгосын тал оролцох нь аль хэдий нээ ойлгомжтой байсныг Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Ыны шинэ оны мэндчилгээнээс харж болох юм. Учир нь Ким Жоны шинэ жилийн мэндчилгээг дэлхий даяар чих тавин чагнадаг нь түүний хэлсэн үг бүхэлдээ Умард Солонгосын төрийн бодлого болдог аж. 
Дээр өгүүлсэнчлэн Хойдын хувьд ч тэр Өмнөдийн хувьд ч тэр Пёнчаны өвлийн олимпоор “халхалсан” бамбайны цаана хэлэлцэх олон асуудал овоорсон байгаад юм. Өмнөдийн Солонгосын хувьд эзэн орны хувиар зохион байгуулж буй Пёнчаны өвлийн олимп-т Хойд Солонгосын баг тамичрдыг оролцуулснааар Солонгосын хойгын уур амсгалыг зөөллөх, цаашлаад Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох яриаг эхлүүлэх нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй. Кесон үйлдвэрийн бүс хаагдснаас хойш үндсэндээ зогсонги байдалд ороод байсан хоёр орны харилцааг сэргээх нэн шаардлага байсаар байсан. 
Хойд Солонгосын хувьд хэд хэдэн удаагийн цөмийн пластик пуужин туршсны дараах НҮБ-н удаа дараагийн хатуухан хориг, гадаадаас валют олж ирдэг ажиллах хүчний хумигдал, олон улсын түвшин дэх Хойд Солонгосыг ганцаардуулах буланд шахах гэсэн оролдлогууд, юу юунаас илүү ойрын түншүүд болох Орос, Хятад хоёр улсын дэмжлэг буурсан, гадаад худалдаа нүүрсний экспортын зогсолт, мөн АНУ-тай хийж буй цөмийн зэвсгийн мөчөөрхөл зэрэг тал бүрийн шахалт дундах эдийн засгийн хүндрэлтэй энэ үед Өмнөдтэй хэлэлцээрийн ширээнд сууж гарц хайх нь магад өмнөх олон хэлэлцээрээс илүү “аминд тулсан” чухал ач холбогдолтой байж болох юм. 
Ямартай ч Хойд Солонгосууд Америктай “дайсагнасан”, Өмнөд Солонгостой “тал тавьсан” 2 талт гадаад бодлого цаашид хэрхэн өрнөхийг ажиглах л үлдлээ. 
Өнөөдрийн хэлэлцээрээс онцлог хэдэн зүйлийг дараах маягаар сийрүүлэв. Хэдийгээр хэлэлцээрийн явцыг ажиглахад амжилттай явж байгаа боловч Хойдууд хүссэн зүйлээ өвөртөлчихөөд “зангаа өөрчилдөг” зуршлыг мартах аргагүй. 
- Өмнөх хэлэлцээрүүдийг ажиглаж байхад Хойдуудын хүслээр хаалттай явуулдаг байсан бол энэ удаа Хойдууд анх удаа хэлэлцээрийг хэвлэл олон нийтэд нээлттэй явуулахыг санал болгож тогтсон хэм хэмжээг “эвдэв”. 
- Хэлэлцээр эхлэхээс өмнө Хойдын төлөөлөгч “Хэлэлцээрээ амжилттай болох болно. Хэлэлцээрээр Солонгос үндэстэнд бэлэг барья” гэж хэлсэн нь  үндсэндээ хэлэлцээрийн “үүцээ” түрүүлээд задалсан хэрэг байв. 
- Хойдууд 200 орчим метр алхаж хилээр орж ирэн Өмнөдийн нутаг дэвсгэрт байрлах “Энх тайвны гэр” гэдэгт хэлэлцээрийг хийв. 
- Хэлэлцээрт 2 талаас тав таван хүн оролцов. 
- Хэлэлцээрийг Хөх ордон CCTV-гээр шууд дамжуулан үзсэн бол, Хойдууд хэлэлцээрийн хажуу өрөөний утсаар Хойд талдаа мэдээлсэн байна. 
 
Хэлэлцээр хэн ахлав? 
Томоохон хэлэлцээрийн үеэр хэлэлцээрийг хэн ахлав, хэлэлцээрийн үеэр хэн юу хэлэв гэдэг нь хэлэлцээрийн үр дүнгээс дутахааргүй хэвлэл, сонин хэрэгслийн халуухан сэдэв байнга болж байдаг. АНУ-н үе үеийн төрийн нарийн бичгийн дарга нар батлан хамгаалахын сайд нарын дурдатгалыг шүүрдэж байхад тэд хамгийн хэцүү хэлэлцээр хийгчээр Хойд Солонгосын дипломатчдыг нэрлэсэн байдаг. Өнөөдрийн хэлэлцээрийг хэн ахлав? 
Хойд Солонгосын хэлэлцээрийн ахлагчаар Ли Сон Гвон хэмээх энэ эр олон жил армид цэргийн алба хашсан өмнө ч бас 2 Солонгосын олон хэлэлцээрийг ахалж орж ирсэн “хатуу самар” ахалж ирсэн. Тэрбээр одоо Эх орны эв нэгдлийн хорооны даргын алба хашдаг бөгөөд хороон дарга нь  Сайдын ранктай албан тушаал юм байна. 
2004 оноос хойш 27 удаа Хойд-Өмнөдын хэлэлцээрт оролцож байжээ. Тэр хэлэлцээрт оролцохдоо хатуу шиүүн үгээр довтлох тактик баридаг ч хэлэлцээрийн уур амьсгал ширүүн үед хошин яриагаар орчны уур амьсгалыг өөрчлөхдөө гарамгай бөгөөд сайтар сургагдсан “хэлэлцээрч” хэмээн түүнтэй олон удаа хэлэлцээрт халз тулж байсан өмнөдийн албаны хүн дурсжээ. Мөн тэрээр Ким Жон Ыны итгэлийг олж 2016 оноос хойш Эх орны эв нэгдлийн хороон даргаар томилогдон ажиллаж байгаа аж. Өмнө нь Хөдөлмөрийн намын бодлогын газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хойд Солонгосы өмнөө барьдаг “Өмнөдийн мэргэжилтэн” аж. 
Тэр хэрвээ хэлэлцээр өөрийн хүслээр болохгүй бол уур уцаараа дарж чаддаггүй, ямартаа л 2010 онд Чонанхам /Өмнөдийн цэргийн усан онгоцыг далайд живүүлсэн хэрэг/ хэлэлцээрийн үеэр хэлэлцээр эхлээд 10 минут ч болоогүй байхад хэлэлцээрийг орхин явж байсан гэдгээр түүнийг Өмнөдийхэн сайн мэднэ. 
Өмнөдийн хэлэлцээрийн ахлагчаар Жу Мён Гвон Эв нэгдлийн сайд ахалж оролцсон. 
2007 оноос хойш 2 улсын хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцон гүйцэтгэж ирсэн хэлэлцээрийн арвин туршлагатай мөн л өмнөдийн өмнөө баридаг “Хойдын мэргэжилтэн”-ээр тооцогддог. Хувирамтгай ааштай Хойдын Ли Сон гвоныг бодвол төлөв даруу, асуудлыг логиктой тайлдаг түүнийг Ли Свон Гвонтой сайн тохирох бие биенийгээ нөхөх сайн хослол болно гэж өмнөдийн зарим хэвлэлүүд бичжээ. Өмнөд Хойдын туршлагжсан “мэргжилтэнгүүд” хэлэлцээрийг ахалж байгаа нь хоёр улс энэ хэлэлцээрт ямар ач холбогдол өгч байгааг харж болох нэг тод илрэл гэж хэлж болно. 
Хэлэлцээрийн үр дүн
- 1 жил 11 сарын турш хаалттай байсан Цэргийн утсыг нээхээр болжээ. 2 тал шаардлагатай үед холбоо барих хэрэгслийн үүргийг гүйцэтгэх юм. 
- Пёнчан олимпод баг тамирчдаа өргөн бие бүрэлдхүүнтэй илгээхээр талууд зөвшилцжээ. /Бүрэлдхүүнд: Хөгжөөн дэмжигчэд, Урлаг уран сайханчид, Сэтгүүлчид багтаж байгаа юм байна./
- Өмнөдийн талаас Цагаан сар /2018.13-17/ үеэр 2 талд үлдсэн гэр бүлүүдийг уулзуулах санал тавьсан ч одоогоор Хойдоос тодорхой хариу өгөөгүй байна. 
Ийнхүү 2 талын хэлэлцээрийг сийрүүлэн суух ахуйд/2018.1.8 18:17/ 2 талын хэлэлцээр өндөрлөж хамтарсан мэдэгдэлд юуг оруулахаа хэлэлцэн суугаа аж. Хамтарсан мэдэгдэлд чухам ямар асуудлаар хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн тухай мэдээлэхийг та бид хүлээн суух л үлдлээ. 
Д.Отгонбаатар
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)