Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Шанхайд амиа алдсан Монгол эмэгтэйн гэрийнхэн охинынхоо үхэлд гомдолгүй гэж гарын үсэг зуржээ

Шанхайд Монгол улсын иргэн арванхоёдугаар сарын 29-нд бусдын гарт амиа алдсан гэх мэдээлэл тараад байсан юм. Харин ачигдөр Шанхай хотын цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг няцаасан байна. 
 
21 настай М гэх эмэгтэйн цогцосыг 29-ны өглөөний 8 цагийн үед орон сууцны хоёрдугаар давхрын тагтнаас олсон байна. Үүний дараа тус байрны гуравдугаар давхрын оршин суугч цагдаад мэдэгдсэн байна. Задлан шинжилгээний хариугаар талийгаачийн биед хүч хэрэглэсэн шинж тэмдэг илрээгүй. Харин өндрөөс унасны улмаас яс нь олон хэсэг хугарч, бяцарсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан байна. Мөн түүнийг амиа алдсанаас нь хойш гурав хоногийн дараа олсон гэж шинжээчид дүгнэжээ. Талийгаачийн цусан дахь спиртийн хэмжээ 1.37 мг/мл байсан бөгөөд мансууруулах бодис илрээгүй байна. 
 
Уг эмэгтэй нь 2016 оны есдүгээр сараас 2017 оны долдугаар сар хүртэл Шанхай хотын Жяо Тон их сургуулийн Эдийн засаг, Менежмэнтийн Антай коллежид суралцаж байгаад гарсан аж.
 
Дараа нь арваннэгдүгээр сарын 29-нд Монголоос Бээжингээр дамжин Шанхайд эргэн иржээ. Шанхайд ирээд  найз залуу гэх 37 настай Шанхай хотын оршин суугчтай хамт Шухуй дүүргийн зочид буудалд буусан гэнэ.
 
Дараа нь тэд хамтдаа арванхоёрдугаар сарын 14-нд Тайланд явж, 21-нд зочид буудалдаа буцаж ирсэн байна. Найз залуу нь ирснийхээ маргааш өөрийн гэр рүү буцжээ. Дараа нь тэр 23, 25-ны өдрүүдэд зочид буудалд эргэж очсон нь бүртгэгдсэн байна. 25-ны орой талийгаач эмэгтэй ганцаар ууж, согтсоныхоо дараа найз залуугийнхаа гэрт такисгаар очсон ч хамгаалалтынхан нэвтрүүлээгүй байна. Хэсэг маргалдсаны эцэст тэр байранд нэвтэрч найзтайгаа уулзсаны дараа буцжээ.
 
Найз залуугийнх нь мэдүүлснээр тэдний хооронд маргаан үүсэж, эмэгтэй түүний нүүр рүү хоёр удаа алгадсан гэнэ. Үүний дараа эмэгтэй өндөр байшингаас унаж амиа алдсан бололтой.
 
Шанхай хотын цагдаа эмэгтэйн үхлийн талаар нэгдүгээр сарын 2-нд Монголын элчин сайдын яаманд мэдэгдэж, дараа нь элчингийнхэн гэр бүлийнхэнтэй нь хамт цогцос таниулах ажил хийсэн байна. Талийгаачийн эцэг эх өчигдөр охиныхоо үхэлд ямар нэг гомдолгүй гэдгээ баталж, хэргийн тайланд гарын үсэг зурсан тухай Шанхай хотын цагдаагийн газар мэдээлжээ.
 
Эх сурвалж: Shine.CN
Ц.Аюу
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)