Шүлхий гарсан Дундговийн 300 өрхийн малыг вакцинжуулжээ
Өдрийн төрх
2018-01-12
НИЙСЛЭЛ.mn
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг малын гоц халдварт шүлхий өвчин гарсан Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллалаа. 
 
Энэ үеэр Дундговь Аймгийн онцгой комиссын хуралд оролцож, өвчний голомтод ажилласан юм. Тус аймагт шүлхий өвчний анхны шинж тэмдэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд илэрч, шуурхай хорио цээрийн дэглэм тогтоон, бусад аймгуудаас татсан вакциныг  ашиглан өвчний голомтыг хумих  арга хэмжээ авч эхэлжээ. 
 
Эхний ээлжинд 300 өрхийн 20399 толгой малыг вакцинжуулж ариутгал халдваргүйжүүлсэн байна. Дундговь аймгийн нутагт энэ өвөл цас бага унаж, бусад аймгуудтай харьцуулахад өвөлжилт сайн байгаа учраас отрын мал ихээр орж ирэх болсон байна. 
 
Төв, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий,  Дорноговь зэрэг аймгийн нийт 62 сумын 424 өрхийн 442 мянга гаруй толгой мал оторлож байгаа. Энэ нь өвчин дэгдэх нэг шалтгаан болж, цаашид тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг Аймгийн онцгой комиссоос танилцууллаа. Мөн цасны зузааныг дагаад цагаан зээрийн нүүдэл ч тус аймгийн нутгийг чиглэх хандлага ажиглагдсан байна.
 
 
Иймээс БОАЖЯ, ХХААХҮЯ тэргүүтэй байгууллагуудаас хамтарсан Ажлын хэсэг гарч Дундговь аймгийн хүрээнд цагаан зээрийн тандалт судалгаа хийж, шаардлагатай тохиолдолд дээж авч холбогдох лабораторид хүргүүлэн ажиллаж байгаа юм. 
 
Ажлын хэсэг анх зээр үхсэн талаар мэдээлэл ирүүлсэн Дэлгэрхангай суманд тандалт хийхэд, зээрийн сүрэгт ил шинж ажиглагдаагүй учраас цусны дээж авчээ.  
 
Харин Баянжаргаланд доголсон, ил шинж тэмдэг бүхий зээр байгаагийн зэрэгцээ, сэг зэм байгаа талаарх мэдээлэл малчдаас ирэх болсон талаар сумын удирдлагууд танилцуулсан. Иймд БОАЖ-ын дэд Ц.Батбаяр албан ёсоор шинжилгээний дүн гарч  баталгаажаагүй ч урьдчилан сэргийлэх үүднээс ил шинж тэмдэг илэрсэн  зээрийн устгалыг байгаль орчин болон мэргэжлийн хяналтын байцаагч, мал эмнэлгийн хяналт дор  баримтжуулан хийх чиглэл өглөө. 
Сэтгэгдэл бичих

500 тэмдэгт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочдын сэтгэгдэл (0)