Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Н.Энхболд: 70 айлыг бүртгэж орон сууцанд оруулна

Зүтгэл, Сэтгэл, Итгэл ТББ-аас  ”70 яндан 70 байр” аяны гол зорилго нь утааны эсрэг ард иргэдийн өөрсдийн оролцоог идэвхжүүлэх хамтын хүчээр 1м2-н үнийг хямд өртөгтэйгөөр авах боломжтой юм. Иргэд хөдөлмөрлөх бололцоогоо сайжруулж барилгын дотоод засал чимэглэлийг мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдан мэргэжилтний хяналтын дор өөрийн амьдрах байрныхаа дотоод засал чимэглэлийг гүйцэтгэн ажиллана. Энэ ажлын хүрээнд 70 өрхийг бүртгэж авч орон сууцжуулах аж.
 
Зүтгэл, Сэтгэл, Итгэл ТББ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцсанаа хүргэе.
 
- Утааг бууруулах цор ганц аргыг орон сууцжуулах гэж төр засгаас үзэж байна. Орон сууцжуулах гэхээр ард иргэдийн амьжиргааны түвшин бага байгаа учраас орон сууцанд орох боломжгүй байна. Та бүхний санаачлага энэ дээр тус нэмэр болох байх. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
 
- Бид залуучуудаараа Монголын ард түмэн зүрх сэтгэл, хөдөлмөрөөрөө нийлж бүтээн байгуулалт хийж бодгийг харуулмаар санагдаж байна. Манай төр засаг олон сайхан ажлуудыг санаачилж байгаа. Тэр олон сайхан санаачлагадаа ард иргэдээсээ гарч байгаа саналуудыг нэгтгэвэл асуудлыг маш богино хугацаанд шийдэх бололцоотой гэж үзэж байна. Бидний хэрэгжүүлж байгаа төсөл Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 айлын орон сууцны зураг, тусгай төрийн байгууллагуудаар хянуулаад, зураг зүй бүх зүйлээ батлуулсан. Ганцхан зүйл дутуу байгаа нь гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах юм. Барилгын зах зээлийг эзэлсэн том компани гэхээсээ илүү жижиг, дунд компаниудыг илүү урьж байна. Тэдний бодит бүтэх өртөгийн хамгийн хямд саналыг сонгоно гэсэн үг. Тэгж байж барилга бүтэх өртөг багасна. Дээрээс нь барилын бүтдэг, өртөг нь нэмэгддэг гол шалтгаан нь дотоод засал байдаг. Дотоод засал чимэглэлд маш их хөрөнгө зарцуулагддаг. Хөдөлмөрийн хөлсөнд асар их мөнгө зарууулдаг. 70 гэр бүлийн залуучууд өөрсдөө барилгын дотоод засал, чимэглэлээ хийж, хөдөлмөрлөвөл өртөг нь одоогийн зах зээл дээрх үнээс 3-4 дахин багасна. Нэг метр.кв бол сая төгрөгөөс доошоо унана. Гэхдээ манай компаниуд өөрсдөө бидэнд бодит тооцооллоо санал болгооч. Чанар, үзүүлэлтийг нь мэргэжлийн хяналтын байгууллага хянана. Залуучууд өөрсдийнхөө барилгыг барьж байгаа учраас сэтгэл дутааж хийхгүй. Замаскаа татсан ч хамгийн тэгшхэн татах гэж хичээнэ. 70 гэр бүл нийлж яаж барилга барьж болдогийг, яаж хямд өртөгөөр бүтэж болдогийг харуулна. Энэ жишгээр дараа нь бид нар бүх дүүргүүд, орон нутаг, аймгуудад барилга барьж болно. Зөвхөн дотоодод үйлдвэрлэгдэж байгаа барилгын материалыг авч ашиглана. Энэ нь эргээд дотоодын барилгын салбарын хөгжлийг өөрсдөө дэмжиж байгаа хэрэг юм. Ингэснээр барилгын материалиуд түгээгдэж, өөрсдийн хүчээ олж авна. Хөдөлмөрч 70 гэр бүлийг бид нар урьж байна. Энэ сонгон шалгаруулалтыг тал талаас хянана. 
 
- Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр урдаас оруулж ирж байгаа барилгын материалаас илүү үнэтэй байдаг. Энэ талаар судалгаа хийсэн үү?
 
- Ийм зүйлүүд яригддаг. Чанар стандарт талаас нь харвал манай барилгын материал сайн байдаг. Зарим нэг муу талууд бий. Гэхдээ цөөхөн тэр муу талаас нь Монголынхоо барилгын материалын чанарыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эхэндээ бүх зүйл үнэтэй байдаг. Энэ зүйлс олон тал руу эргэлтэнд орж хүрэхээр үнэ нь буурдаг. Хятадууд анх Монголд маш үнэтэй бүтээгдэхүүнийг борлуулж байгаад сүүлдээ үнээ бууруулсан. Тэр материалыг худалдан авах, дэмжих худалдан авагч нар хэрэгтэй байна. Төрийн байгууллага чанаргүй байгаа дээр хяналтаа тогтоож сайжруулах тал дээр зөвлөмж өгөх хэрэгтэй. Торгоод, төсөв нэмэгдүүлэх тал дээр ажилладаг биш. Тухайн материалын чанартай байх талаас нь төрийн байгууллага зөвлөгөө өгдөг байх хэрэгтэй. 
 
- Төслөө эхлүүлэхээсээ өмнө судалгаа хийсэн үү? 
 
- Одоогоор хийсэн судалгаа гэвэл 81 мянган айлын орон сууц эзнээ хүлээгээд царцсан байна. Яагаад өнөөдөр 81 мянган айлын орон сууц эзнээ хүлээгээд, өндөр өртөгөө хүлээгээд байж байгаа юм бэ. Энийг барилгын зах зээлийг өндөр өртөгөөр тогтоогоод тэр өртөгөөс унахгүйн тулд тэр орон сууцыг хөндий хөшөө болгоод золиосолж байна. Энэ барилга яг жинхэндээ хэдэн төгрөгөөр бүтэх болоцоотой юм бэ гэдгийг илрүүлэх хэрэгтэй. Яг бүтэх өртөг нь бидэнд өгч байгаа мэдээллээр зах зээлийн нийлүүлэлтээс 3-2 дахин хямд байдаг. Нэг барилга дээрээс сая долларын ашиг олохгүй юм бол барилга барихгүй гэж ямбатай ярьж байгаа барилгын эзэд ч байна. Бид хамгийн хямдаар барилгаа яаж барих вэ гэдгийг харуулна. Энэ ажил амжилттай болвол барилгаа бариад яндангуудаа бууруулаад ажиллана. 
 
- Яагаад заавал 70 айл гэж сонгосон бэ?
 
- Бидэнд байгаа газарт 70айлын орон сууц барих боломжтой. Дээшээ 9 давхар. Доороо 2 үйлчилгээний төв, цэцэрлэг байхаар төлөвлөсөн. Энэ цэцэрлэг нь 90 хүүхдийн цэцэрлэг. 20 хүүхэд нь 24 цагаар, 70 хүүхэд нь өдрөөр явна. Тухайн 70 айлын оршин суугчид хүүхдээ цэцэрлэгт өгөөд ажил руугаа явдаг, эргэж ирээд хүүхдээ аваад дээшээ гэр руугаа ордог амьдарлын тав тухтай оршинг бүрдүүлж өгөхөөр ажиллаж байна. Дээрээс нь Монгол Улсад цэцэрлэг маш их хэрэгтэй байгаа.  Дэлгэрэнгүй мэдээллийг Зүтгэл, Сэтгэл, Итгэл ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэгээс (99107823) авах боломжтой юм. 
 
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.160.79] 2018/01/17
70 -н Айлаа яаж сонгох юм болоо өөр дүүрэгийнх байж болох уу