Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.ЭНХБАЯР: ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БИЙ БОЛГОЖ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙНА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Засгийн газраас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан захиргааны хэм хэмжээний актыг хоёр дахин багасгах чиглэл өгсний дагуу холбогдох хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгүүд ажиллаж байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор  боловсруулсан багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэгт танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанаар захиргааны хэм хэмжээний акт буюу “бичил” хуулиудыг яамд, сайд, Засаг дарга нар олноор нь “үйлдвэрлэдэг” байдлыг таслан зогсоох  шийдвэр гаргасан. Тиймээс энэ шийдвэрийн дагуу одоо журмаар зохицуулж байгаа нийгмийн харилцаануудыг боломжтойг нь хуульчлах чиглэлд бүх яамд, агентлаг, байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Манай улс журмын улс боллоо. Энэ нь өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил гарах үндэс болоод байна. Эдгээр журмуудаар дамжуулж хуульд байхгүй эрхүүдийг өөрсдөдөө олж авахаас гадна хэм хэмжээ тогтоож байна. Үүгээр дамжуулж авлига, хүнд суртал бий болж байна. Тиймээс боломжтойг нь ард түмний төлөөллийн дээд байгууллага болох УИХ-аар хэлэлцэж, хуульчлагдах ёстой харилцаануудыг зохицуулъя гэсэн байр суурьтай байна” гэсэн юм.

Энэ үеэр хууль ба захиргааны хэм хэмжээний актын харилцан хамаарлын талаарх онолын үндэслэл, бусад улсын харьцуулсан судалгааны үр дүн, захиргааны хэм хэмжээний актаар хүний эрхийг зөрчих зөрчлийн талаарх үндсэн илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Тухайлбал, “Хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоох эрхийг захиргааны байгууллагад шилжүүлэх заалтын хүрээ, хязгаар,хууль, хэм хэмжээний актын харилцан хамаарлыг тодорхойлох онолын харьцуулсан судалгааны танилцуулга” сэдэвт илтгэлийг судлаач, Хууль зүйн ухааны доктор Ц.Цогт,  “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрхийн зөрчил” сэдвээр ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Хэлэлцүүлэгт яам, агентлагийн хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулах үүрэг бүхий албан хаагчид, эрдэмтэн, судлаачид, МҮХАҮТанхим, хувийн хэвшил, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)