Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

МХБХ, Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллахаар боллоо

Монголын хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Катарын нийслэл Доха хотын “Аль Бидда” цамхагт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.
 
Энэ үйл ажиллагаанд Катарын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Хамад бин Халифа бин Ахмед Аль Тани болон МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир нар оролцлоо.
 
Мөн Катарын талаас холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчийн ажлын албаны гүйцэтгэх захирал, стратеги төлөвлөлтийн хэлтсийн гүйцэтгэх захирал нар байлцсан бол манай талаас Монголын үндэсний шигшээ багуудын менежер гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцсон байна.
 
Энэ удаагийн уулзалт нь Монгол, Катар улсуудын харилцааг хөлбөмбөгөөр дамжуулан шинэ түвшинд гаргахад чухал нөлөөтэй.
 
Хамтын ажиллагааны гэрээ нь ерөнхий, техникийн, шигшээ багуудын гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдаж байгаа бөгөөд Монголын улсын үндэсний шигшээ баг ойрын хугацаанд Катарын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж, бэлтгэл сургуулилалт базаахаас гадна олон талаар хамтран ажиллах юм.
 
Түүнчлэн Катартаа төдийгүй дэлхийн олон орныг хамарч чаддаг “Aspire academy”-д Монгол хүүхэд суралцах үүд хаалга нээгдэх боломжтой. Холбоод хамтран ажиллах гэрээнд туршлага солилцох хэд хэдэн зүйлс байгаа дотор шигшээ багууд, өсвөрийн хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчдийн хөгжилд голчлон анхаарч ажиллах тухай тодорхой тусгасан. Тэр дундаа Спортын эмнэлэг, “Aspire academy”-д манай хөлбөмбөгчид хамрагдах үүд хаалга нээгдсэн нь таатай хэрэг юм.
 
Энэ талаар МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Катарын телевизэд өгсөн ярилцлагадаа Катар нь Азийн хөлбөмбөгийн том цогцолбор болж байгааг дурдаад “Шейх Хамад бин Калифа бин Ахмад Аль Тани Ерөнхийлөгчтэй Катарын Хөлбөмбөгийн Холбооны хамт олон биднийг хүлээн авсанд баяртай байна. Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Катарын Хөлбөмбөгийн Холбооны урт хугацааны хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
 
МХБХ-ны удирдлагууд 2018 он гарснаар Ази тивийн томоохон төлөөллүүд болох БНХАУ-ын хөлбөмбөгийн холбоо, Катарын хөлбөмбөгийн холбоотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зураад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)