Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

А: Гантамир: Хотын дарга С.Батболд үндсэн хуулийг илэрхий зөрчсөн болохыг тогтоосон

Иргэн А.Гантамир хотын даргыг Үндсэн хууль зөрчсөн талаар холбогдох байгууллагуудад хандаж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн. Энэ асуудлаар А.Гантамиртай ярилцлаа. 
 
 
- Та хотын дарга С.Батболдыг Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдсэн. Яг ямар Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ? 
 
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А/17 дугаар бүхий “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг гаргасан байдаг. Дээрхи захирамжийн дагуу Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авсанаас бусад Нийслэл Улаанбаатар хотод оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон байгаа. Энэхүү захирамж нь нэг жил үйлчилж 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 27-ны өдөр А/1042 дугаар бүхий “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж Улаанбаатар хотод шилжиж ирэх хөдөлгөөний 2020 он хүртэл хориглосон байгаа юм. Өөрөөр хэлбэл хотын дарга захирамж гаргаж иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон гэсэн үг. Иргэд өөрийн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй гэж үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан байгаа. Хэрвээ энэхүү оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлах бол зөвхөн хуулиар хязгаарлаж болохоор Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл хотын дарга С.Батболд хуулиас давсан, Үндсэн хууль зөрчсөн захирамж гаргаж тэрхүү захирамжийг бүтэн жил мөрдүүлсэн байсан. /МУҮХ-ын 16 дугаар зүйлийн 18 заалт Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно./
 
- Тэгэхээр 2017 онд гаргасан захирамжийг бүтэн жил мөрдүүлж иргэдийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүтэн жил зөрчсөн гэсэн үг үү? 
 
- Яг тийм. Үндсэн хуульд гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэж заасан байгаа нь хотын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хэн ч харсан ойлгохоор байгаа юм. Хотын даргад хууль гаргах эрх байхгүй шүү дээ. 
 
- Шилжилт хөдөлгөөнийг хориглохдоо тэгэхээр Улсын Их хурал хууль гаргах ёстой гэсэн үг үү? 
 
- Илүү ойлгомжтой болгохын тулд нэг жишээ татъя. Манайд шилжилт хөдөлгөөнийг хориглосон 2 тохиолдол байгааг судалж мэдсэн. Нэг нь сонгууль болохтой холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлд Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээ сөөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэсэн хуулийн заалтын дагуу, нөгөөх нь хотын даргын гаргасан захирамжийн дагуу хориглож байсан байгаа юм. Сонгуулийн тухай хуульд заасан шилжилт хөдөлгөөнийг хориглосон заалт нь Үндсэн хуульд нийцэж байгаа учир нь хуулиар хориглож байгаа учир. Харин хотын даргын шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж болно. 
 
- Одоо тэгэхээр ямар арга хэмжээ авах ёстой вэ? 
 
- Миний бие хотын даргад Үндсэн хууль зөрчсөн энэхүү захирамжаа яаралтай хүчингүй болгохыг шаардаж шаардах бичиг өгсөн. Цаашид захиргааны хэргийн шүүхэд энэхүү асуудлыг өгч хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулна. Мөн Ерөнхий сайдад бас хүчингүй болгуулах талаар хүсэлт гаргасан байгаа. 
 
- Хэрвээ хүчингүй болгохгүй бол яах вэ? 
 
- Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэж хүчингүй болгоно. Мэдээж шүүхээс хотын даргыг хууль зөрчсөнийг тогтооно гэсэн үг. Энэ нь цаашлаад хууль зөрчсөн нь тогтоогдсон засаг даргатай байх уу үгүй юу гэсэн асуудлыг гаргаж ирнэ байх. Миний хувьд яг энэ асуудлаараа хотын дарга хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөөд шийдвэрээ хүчингүй болгож хотын даргаас огцрох ёстой гэсэн байр суурьтай байгаа. 
 
- Энэхүү захирамж хэрэгжээд жилийн хугацаа өнгөрсөн байна. Яагаад тухайн захирамжийг батлагдан гарсан үед нь энэ асуудлыг гаргаж тавиагүй юм бэ? 
 
- Миний бие он гарсанаас хойш хотын даргын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүд хуульд нийцэж байгаа эсэхийг нягталж шалгаж эхэлсэн. Энэ хүрээнд энэхүү шилжилт хөдөлгөөнийг хориглосон шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон юм. 
 
- Ярилцсанд баярлалаа 
- Баярлалаа. 
Г.Цэнд-Аюуш
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)