Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

М.Тунсаг: 2020 онд элэгний эмгэггүй орон болохоор ажиллаж байна

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, клиникийн профессор, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тусламж үйлчлгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагтай ярилцлаа.


-Анх эмч болж байсан дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байсан бэ?

-Анагаах ухааны дээд сургуулийг 1985 онд төгсөж эмч мэргэжлийг эзэмшиж байсан даа. Дараа нь Төв аймгийн Баяндэлгэр сумын эмнэлгээс ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Хоёр жилийн дараа Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ирж 10 орчим жил ажиллаж байлаа. Тэгээд 1994 онд ХӨСҮТ-д тэр үеийнхээ элэгний архагийн тасагт эмчээр анх ажилд орж 24 дэх жилдээ явж байна даа.

-Эмч мэргэжлийг сонгож эзэмших болсон шалтгаан нь юу байсан бол. Тэр дундаа дотрын эмч их нарийн мэргэжил шүү дээ?

-Аав, эрэгтэй дүү хоёроо элэгний хорт хавдраар алдсан л даа. Аав маань эхээс олуулаа. Аавын маань ах, дүү нарын ихэнх нь элэгний өвчний улмаас эндсэн байдаг. Энэ өвчний улмаас дотны хүмүүсээ алдсан учраас элэг, цөсний эмчийн мэргэжлийг сонгосон. Эзэмшсэн мэргэжлээрээ олон жил ажиллаж элэгний өвчинтэй тэмцэж байна.

-ХӨСҮТ-ийн дэд захирлын албанд хэдэн онд томилогдсон бэ?

-Анх 2008 онд Хүний нөөцийн албаны даргаар томилогдож ажиллаж байсан. 2009-2013 он хүртэл эмчээр ажиллаж байгаад 2013 оноос өнөөдрийг хүртэл эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирлын албыг хашиж байна. 33 жил эрүүл энхийн салбарт хүчин зүтгэсэн туршлагадаа тулгуурлаж энэ албыг хашиж байна даа.

-Таны ажлын арга барил юу вэ?

-Дарга удирдагч хүн өөрөө хүнтэй зөв харьцаж ажилтныхаа зовлон жаргалыг ойлгож байх хэрэгтэй. Удирдагч хүн эхлээд бусдыг сайн сонсдог байх хэрэгтэй.

Манай эмнэлэг 800 гаруй ажилтантай. Тэр болгоны зан төрх өөр өөр байдаг. Түүнд тааруулж харьцаж байж ажил амжилттай явна шүү дээ. Ажилтнаа маш сайн ойлгож, дэмжиж, урамшуулж байх нь чухал. Хүн чинь урмын амьтан. Жижигхэн юманд баярлаж ажиллах урам зориг аваг байхгүй юу. Миний ажлын арга барил хүний эвийг олж ажиллах.

-ХӨСҮТ-д сүүлийн үед ямар шинэчлэл хийгдэж байна. Энэ эмнэлгийн онцлог давуу тал нь юу бол?

-ХӨСҮТ бол онцгой объект, хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг. Ямар нэгэн халдварт өвчний дэгдэлт буюу улс орныг хамарсан гамшиг гарахад бид бэлэн байх ёстой. Манай үүрэг зорилго бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх. Бид хөдөө орон нутаг, нийслэлийн өрх дүүргүүдийг мэргэжил, арга зүйгээр хангадаг. Үүнээс гадна ЭМЯ-нд бодлогын бичиг баримт боловсруулахад гол үүрэг гүйцэтгэдэг, сургалтын том суурь эмнэлэг.

-ХӨСҮТ-д нийт хэдэн төрлийн хагалгаа хийдэг вэ?

-Уушгины болон уушгины бус гэсэн сүрьеэ өвчин байдаг. Иймээс уушгины хагалгааг хийж байна. Уушгины бус сүрьеэний хагалгаа гэхлээр нурууны, булчирхай авах гэх мэт мэс ажилбаруудыг бүгдийг нь хийж байгаа

-Энэ эмнэлгээр жилд хэд орчим хүн үйлчлүүлдэг вэ. Иргэдийн гол өвчлөл юу байдаг бол?

-Манай эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар бага насны хүүхдийн тууралтат халдварт өвчин, мөн гэдэсний халдвар, вирусын гаралтай элэгний өвчтэй хүмүүс зонхилон ирдэг. Хүүхдүүд тууралтат халдварт өвчин тусч ирдэг нь сэтгэл эмзэглүүлдэг шүү. Мөн вирусийн гаралтай элэгний өвчлөл их тохиолддог. Дээрээс нь бэлгийн замын халдварт өвчлөл болон сүрьеэгийн өвчлөл их байгаа. Манай эмнэлэг 550 ортой, үүнээс 200 оронд нь сүрьеэтэй хүмүүсийг авч эмчилдэг. Сүрьеэ өвчин нь нас баралтаараа бүх халдварт өвчний тэргүүнд байна. Энэ бол маш их сэтгэл зовоож байгаа асуудал. Жилдээ 4000 гаруй хүн сүрьеэгийн шинэ халдвараар өвдөж байна. Ялангуяа хүүхдүүд их өвдөж байгаад эмзэглэж байдаг. Сүрьеэгээр өвдсөн хүмүүсийн ихэнх нь хүндэрч ирж, мэс засалд ордог.

-Хүүхдийн тууралтат өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь юу вэ. Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байна уу?

-Тууралтат халдварт өвчин олон янз байдаг. Мөн хоол хүнсээр дамждаг халдвар буюу гэдэсний халдварт өвчин буурахгүй байна. Энэ нь бохир гараар халдварладаг учраас эцэг эх, асран хамгаалагчдын хариуцлагатай салшүй холбоотой.

Мөн хүнсний аюулгүй байдал алдагдсан нь халдварт өвчин тусах гол шалтгаан болж байна. Дэлгүүр хоршоогоор ороход тодорхой шошго, тэмдэг байхгүй, хадгалалтын горим алдагдсан олон бүтээгдэхүүнийг хүүхдүүд авч хэрэглэж байгаа харагдах юм. Дээрээс нь хотын захын гэр хорооллын амьдрах орчин бохир байгаа нь халдварт өвчин үүсэх бас нэг шалтгаан болж байгаа. Энэ нь айл өрхийн амьжиргаатай холбоотой.

-Элэгний өвчнөөр манайд олон хүмүүс өвчилж байгаа. Энэ өвчлөлийн эсрэг ямар үйл ажиллагаа зохион байгуулав. Цаашид яаж ажиллахаар төлөвлөж байна?

-2017 онд Эрүүл мэндийн салбарын хийсэн хамгийн том ажил бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн явдал. 2016 оны есдүгээр сарын 13-наас ХӨСҮТ анх удаа С вирусийн ачааллыг тоолох шинжилгээ, С вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалд оруулах ажлыг эхлүүлсэн. ХӨСҮТ-ийн лаборатри бол улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн. Шинжилгээний гадаад хяналтаа Австрали улсад хянуулдаг.

Манайх бусад төрийн болон төрийн бус 22 лабораторт чанарын хяналт тавьж гэрчилгээ олгосон. Өнөөдөр бид “Элэг бүтэн Монгол” төслийн хүрээнд олон хүний “С” вирусийг нь тоолж, шинжилгээ хийж, хэрэгцээтэй эмийг нь уулгаад элэгний өвчлөлөөс сэргийлж чадсан. C вирусийн эсрэг эм уусан хүмүүсийн 99 хувь нь үр дүнгээ өгч, вирус тоологдохгүй болсон. 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хоёрдугаар шатны нээлт болох гэж байна. Энэ үйл ажиллагаанд манай төв тэргүүлж оролцоно.

-Ер нь элэгний өвчлөл манай улсад дэлгэрсэн гол шалтгаан нь юу вэ. Бидний хэрэглэж буй хоол хүнстэй холбоотой юу?

-1970-аад оны үед бид зүү, тариур дамжуулж хэрэглэсний улмаас халдварт шар өвчин гарсан. Үүний хор уршиг гарч 2000 оноос хойш олон залуус элэгний өвчөлөөр нас барсан. Харамсалтай нь тэр үед вирусийн эсрэг эм байгаагүй л дээ. Одоо бид 2020 онд элэгний эмгэггүй орон болох зорилго тавиад ажиллаж байна. Энэ зорилгод хүрэхэд саад болж буй хэд хэдэн бэрхшээлийн нэг нь эмийн аюулгүй байдал алдагдсан явдал. Өнөөдөр өвдөлт намдаах эмийг бага насны хүүхдэд өгч байгаа нь элгийг өвчлүүлж байна. Мөн Монгол эрэгтэйчүүдийн архины хэрэглээ асар өндөр байгаа нь элгийг өвчлүүлэх гол шалтгаан. Вирусийн гаралтай өвчлөлийг бол бид шийдэж байгаа. Ирээдүй болсон залуус архийг хэтрүүлэн хэрэглэж эрүүл мэндээ устгаж байгааг нь хараад харамсдаг. Залуус ч гэлтгүй өсвөр насныхан ч энэ ундааг хэрэглэж байгаа нь ирээдүйгээ баллаж байгаа хэрэг. Үүнийг ухаарах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг олон зүйл байдаг болов уу?

-Сүрьеэгийн өвчлөл. Бид өнөөдөр энэ асуудлыг Засгийн газрын шийдвэр гаргах түвшний хүмүүст байдлыг танилцуулдаг. Бид улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд сүрьеэгийн асуудлыг ярьж шийдвэрлэхгүй бол ихэнх залуучууд сүрьеэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн үед бага насны хүүхдүүд сүрьеэгээр өвдөж хүндэрч ирээд нэг ч хонолгүй нас барах тохиолдол олон гарч байгаа. Энэ бол нийгмийн ядууралтай холбоотой.

Нэмээд хэлэхэд бэлгийн замын өвчлөл өндөр байгаа нь сэтгэл эмзэглүүлдэг. Үүний шалтгаан нь энэ олон дэн буудал, замбараагүй архидалттай холбоотой. Залуус эрүүл мэнддээ анхаардаггүй, мөн хийж бүтээх насандаа залуус гадны орныг олноор зорьж байгаа нь гэр бүл салалтад хүргэж байгаа. Үүний хохирогч нь хүүхэд. Үүнийг би эмч хүний хувьд хэлэхгүй байхын аргагүй.

-Эмч мэргэжлийн сайн сайхан нь юунд оршдог юм бэ?

-Эмч мэргэжлийн хамгийн сайхан нь хүнд өвчтөн орж ирээд эрүүл болоод талархснаа илэрхийлээд гарах юм даа. Эмч хүн сайхан инээмсэглэж ороод мэндлэхэд өвчтөн сэтгэлээрээ илааршиж байдаг.

-Эрүүл мэндийн салбарт олон жил тууштай ажиллаж хөдөлмөрлөснийг тань үнэлж олон шагнал өгсөн болов уу. Тэнд өлгөсөн “Алтан чагнуур” шагнал анхаарал татаж байна?

-2004 онд H1,N1 халдаврын голомтод ажиллаж эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан тэмдгээр шагнуулсан. Дараагаар нь 2012 онд миний хийж бүтээснийг төрөөс үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасан. Тэнгэрт гялалздаг од энгэрт гялалзахад баярладаг юм байна лээ. Миний аав 1972 онд энэ одонгоор шагнуулж байсан нь одоо ээжид хадгалаастай байдаг. 2013 онд “Алтан чагнуур” авсан. Энэ бол эмч хүний хувьд гавьяат авсантай тэнцэх хамгийн том шагнал гэж би боддог.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)