Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ц.Төрхүү: 60 жил хуримтлагдсан лагийг энэ онд бүрэн устгана

2018/04/12
НИЙСЛЭЛ.mn

Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүүтэй Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн талаар ярилцлаа.
-Дулааны улирал ирлээ. Нийслэлийнхэн энэ үед утаанаас арай гэж салж байхад цэвэрлэх байгууламжийн нөгөө эвгүй үнэр гарах вий гэж халширдаг. Цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажил энэ хавар эхэлнэ. Ажил тогтсон төлөвлөгөөний дагуу явж байгаа юу?
-Цэвэрлэх  байгууламжийг шинээр барих  ажил энэ жил  эхэлнэ. Нийслэлийн иргэдийг олон жил шаналгасан үнэрийн асуудлыг ул суурьтай шийдэхээр холбогдох газрууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Үүнд итгэлтэй байж болно. Гэхдээ үлгэрт гардаг шиг шидэт дохиураар ганц дохиод хормын төдийд бүх зүйл өргөс авсан юм шиг сайхан болчихгүй. Хөрөнгө мөнгө, инженерийн шийдэл, гар нийлж ажиллах хурд зэргээс их зүйл шалтгаална. Хийх ажлуудаа төлөвлөж, зөв эрэмбэлэхээс эхэлсэн. Тухайлбал, Цэвэрлэх байгууламжид одоо ирж байгаа бохир усны хэмжээ, бохирдол ямар байгаа  вэ? гэдгээс  ажлаа эхлүүлээд байна.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд онцгой анхаарч, хугацаатай үүрэг өгсөн. Ажлын хэсэг бодитой ямар ажлуудыг барьж авсан бэ?
-Барилга хот байгуулалтын Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж  тодорхой гурван асуудал дээр анхаарлаа хандуулж ажилалаа. Нэгдүгээрт: Ус бохирдуулсаны төлбөрийн тухай хуулийн төсөл дээр ажиллалаа.
  Манай төв цэвэрлэх  байгууламж зөвхөн  ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэх зориулалттайгаар 1964 онд байгуулагдсан. Тухайн үед 500 мянган хүн амтай нийслэл хотод зориулж барьсан байдаг юм билээ. Гэтэл өнөөдөр бараг 1.5 сая хүнтэй хотын бохир усыг цэвэрлэх үүрэг хүлээн ажиллаж байна. Өнөөдөр  хүлээн авч буй  бохирдлын хэмжээ стандарт хэмжээнээс 5-10 дахин их байна. Угтаа төв цэвэрлэх  байгууламж нь химийн болон үйлдвэрлэлийн  бохирыг хүлээж авах зориулалттай биш юм.
Шинэ цэвэрлэх байгууламж барих нэг хэрэг, манай хэрэглэгчид бохир усаа төвлөрсөн шугам сүлжээнд нийлүүлэхдээ анхан шатны цэвэрлэгээ хийгээд тодорхой стандартын шаардлагыг хангасны дараа шугам сүлжээнд нь нийлүүлдэг байх  ёстой.
Тэгэхгүй бол мянга ч цэвэрлэх байгууламж бариад хэрэггүй.  Дэлхийн бусад улс орнуудын жишиг ч ийм. Жишээ нь ноос ноолуур, арьс шир, өлөн боловсруулах үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд, машин угаалгын газрууд, эмнэлэг зэргээс маш их хэмжээний химийн бодис бүхий бохир ус ирдэг. Энэ нь  Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний гол үүргийг гүйцэтгэдэг бохир усан дахь хорт нэгдлүүдийг задалдаг, иддэг бактериудыг устгах буюу идэвхигүй байдалд оруулдаг. Бактериудаа буцааж сэргээж хэвийн ажиллагаанд оруулахад 2-3 сарын хугацаа ордог.  Энэ бүгдийг зохицуулах, журамлах үүднээс “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн төслийг холбогдох яамаар дамжуулаад Засгийн газарт өргөн барьсан. Товчхондоо бол хэн их бохирдуулсан нь илүү ихийг төлдөг байх зарчмыг хуулийн төсөлд суулгаж өгсөн.
-Эвгүй үнэр гаргадаг гол эх үүсвэр болсон лагнаас яаж салах вэ. Олон жил хуримтлагдсан лагийг бүрэн устгах ажил эхэлсэн үү?
-Эвгүй үнэр гаргадаг лагаас бид хэзээ салах вэ гэж Та асуулаа. Барилга хот байгуулалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн хоёр дахь ажил бол олон жил хуримтлагдсан лагаа бид яах вэ  гэсэн асуудал  яах аргагүй мөн. 
Өдөрт 1200-1400 шоометр 96,5 хувийн чийгшилтэй  түүхий лагийг 44 карт бүхий лагийн талбай руу шахдаг. Энэхүү лагийг 5 тонны машинаар зөөвөл 8-10 машин болно гэсэн үг. Энэ бол ганцхан өдрийн дүн. Шахсан лагийг  60 жил ил задгай байгалийн аргаар хатааж байсан шүү дээ. Иймээс үнэр гарах нь тодорхой. Манай ажлын хэсэг  Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг нэвтрүүлье гэдэг зарчмын шийдэлд хүрсэн. Засгийн газраас ч үүнд анхаарал хандуулж эхний ээлжинд Сангийн яамнаас 10 тэрбум төгрөгийг энэ жил  төсөвлөж өгсөн. Өнгөрсөн хугацаанд  энэ салбарын олон шилдэг мэргэжилтнүүд, эрдэмтэд, мэргэжлийн байгуулагуудыг оролцуулсан  хэлэлцүүлэгийг 3-4 удаа зохион байгуулж, санал бодлоо солилцсон. Ингээд хамгийн шилдэг технологи бол лагийг шатаах арга юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Цэвэрлэх байгууламжаас 97 хувийн чийгшилтэй гарч буй лагийг үйлдвэрийн аргаар70 хувийн чийгшилтэй болгож хатаагаад дараа нь шатаана гэсэн үг. Үүнээс багахан хэмжээний үнс л гарна. 
-60 жил хуримтлагдсан лагнаас бүрэн салахад хэр хугацаа зарцуулах вэ?
-Би яг энэ асуултыг асуугаасай гэж бодож байлаа. БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн гуравдугаарт бичигдэх асуудал бол яалт ч үгүй  60 жил  хуримтлагдсан лагаа яах вэ? гэдэг асуудал юм. Хуримтлагдсан лагийн талбайг тэгшилж, үнэр саармагжуулах бодис цацах шийдэл юм.  Хуримтлагдсан лагийн өнгөн хэсгийг үнэр саармагжуулах бодис цацаж, модны үртэсээр хучаад цаашид ногоон байгууламж болгоно. Ингэж байж нэг мөр шийднэ. Яг энэ ажлууд хийгдэх үед эвгүй үнэр үнэртэнэ. Үнэнийг л хэлье. Олон жил хуримтлагдсан хур лагийг хөндөж байгаа болохоор мэдээж үнэр байтугай л юм болно. Бид алийн болгон бие биеэ хуураад, ойр зуур аргацаагаад явах вэ дээ. Үүнийг зориглоод хийхээс өөр арга байхгүй. Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэл, Ус сувгийн удирдах газрын хамт олон, инженер техникийн ажилтнууд нийслэлийн иргэдийг ая тухтай амьдруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Манайхан 2-3 сарын хугацаанд лаг үнэргүйжүүлэх ажлыг хийхээр төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Бид сүүлийн жилүүдэд үнэр хэмээх нэг л юм аа ярилаа, одоо зоримог хөдөлж, хүлээцтэй хандаж асуудлыг нэг мөр шийдье. Энэ асуудлаар  Засгийн газар анхаарч бүх яамд энэ жилдээ багтааж шийдье гэсэн зорилт тавиад зүтгэж байна. Ер нь бол энэ үнэр надад ч таньд ч яг адилхан л үнэртэж байгаа. Нийслэлчүүдэд бүгдэд нь  хамаатай асуудал шүү дээ. Тэгэхээр цогцоор нь шийдсэн нь дээр.
-Бүхэл бүтэн нэгэн жаранд хуримтлагдсан энэ их лагаас 3 сарын дотор салж чадна гэж үү. Танай байгууллага хүч нэмэгдүүлэн ажиллах уу?
-Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу БХБЯ, БОАЖЯ, Нийслэлтэй хамтарч хийнэ. Манай байгууллага дангаараа хийх ямар ч боломжгүй. УСУГ-т олон жил хуримтлагдсан их хэмжээний өртэй учраас санхүүгийн хувьд ч шийдвэрлэх боломжгүй. Бохирдуулагч үйлдвэрүүдийн нийлүүлж буй бохир усыг цэвэрлэх үүрэг бүхий Урьдчилан цэвэрлэх байгууламж гэж бий. 2013 онд энэ байгууллага УСУГ-ын харьяанд ирсэн. Шулуухан хэлэхэд тоногдсон, үйл ажиллагаа нь доголдсон  байгууллага л байсан. Засгийн газрын тогтоол гаргаад бохирдуулагч үйлдвэрүүдийг уг байгууламжийн хамт хотоос тусад нь гарга гэсэн ч одоог хүртэл шийдэгдээгүй л байна.
-Шинэ Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил яг хэзээ эхлэх вэ?
-Барилгын ажил  эхлэхэд ТЭЗҮ яригдана. Улаанбаатар хотын захиалгаар Францын “Атилла вилл энд транспорт” компанийн хийсэн зураг төсөв бидэнд байна. Энэ ТЭЗҮ-г баримтална. Уг ТЭЗҮ-г хийх зардал нь  татвар төлөгчдийн халааснаас  гарсан учраас үр дүнг нь үзэх ёстой. Энэхүү бэлэн болсон ТЭЗҮ-д хамгийн сүүлийн үеийн технологи болох лаг шатаах технологийг нэмж оруулна. Төрийн албаны залгамж чанар гэж эрхэм зүйл байдаг, тэрийгээ баримтална.
-Шинэ цэвэрлэх байгууламж өмнөх шиг лагаа хуримтлуулаад, эвгүй үнэр гаргаад байхгүй юм байна гэж ойлголоо.
-Хамгийн сүүлийн үеийн технологиор лагаа шатаагаад, усыг нь буцааж цэвэршүүлээд цахилгаан станцуудад нийлүүлнэ. Одоо бол цахилгаан станцууд гүний цэвэр ус ашигладаг. Станцууд ингэж саарал ус ашигладаг болсноор бидний өнөөдөр  хэрэглэж буй цэнгэг усны нөөц нэг хоногоор ч гэсэн нэмэгдэж байгаа юм. Саарал усыг дахин дамжуулах  байгууламж давхар барина гэсэн үг. Үүн дээр Мянганы сорилтын сан дэмжин ажиллаж байгаа. Өнөө маргаашаа аргацаасан биш, алс хэтээ харсан алхмуудыг шат дараатай хэрэгжүүлээд явна. Ерөнхий сайд өмнөд хөршид айлчилж байна. Энэ үеэр Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихтай холбоотой нааштай мэдээнүүд эхнээсээ ирлээ. Холбогдох гэрээнд талууд гарын үсэг зурсныг мэдсэн байх. Бид мэдээ албажиж, баталгаажсаны дараа эхлэх, дуусгах хугацааг албан ёсоор хэлэхгүй бол  болохгүй. Ямартай ч саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг бид энд шийдлээ гаргаж, технологи, ТЭЗҮ-гээ бэлдээд сууж байя. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2.6 жилийн хугацаанд барьж дуусгахаар ТЭЗҮ-д тусгасан байдаг.
-Хүмүүс төв цэвэрлэх  байгууламжаа салхиныхаа дээр барьчихсан гэж шүүмжилдэг. Байршил хэвээр байх уу?
-Хуучин цэвэрлэх байгуужламжийн хажууд 25 га газар бэлэн байгаа. Үүний 3 га газарт барихаар  төлөвлөсөн. Манайхан л салхины дээр, доор гэж яриад байдаг. Бидний хамгийн их зорчдог БНСУ гэхэд нийслэл Сөүлийн төвдөө цэвэрлэх байгууламж нь байдаг. Газар доор битүү байгууламж бариад  дээр нь цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай гэх зэргээр тохижуулсан байдаг. Германд, Англид, Бээжинд ч тийм л байдаг. Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь битүү баригдах тул үнэрийн асуудал гарахгүй.
-Шинэ цэвэрлэх байгууламжтай болсны гол ашиг тус нь юу байх вэ. Эвгүй үнэр арилж, усаа дахин ашигладаг болохоос өөр ач холбогдлуудыг хүмүүс төдийлөн мэдэхгүй байх шиг?
-Ер нь цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн тохиолдолд  дагаад маш олон зүйл шийдэгдэнэ. Хүнээр жишээ авахад хүн гэдэс ходоодоо цэвэрлэхгүй бол бүх л бие хямраад явдаг биз дээ. Үүнтэй л адил. Цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг нэмэхгүйгээр гэр хорооллоо барилгажуулж, хөрсний бохирдлоо шийднэ гэж  байхгүй. Ингэснээр хөрс, агаарын бохирдол зэрэг олон асуудал шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр нийслэлд үүсээд байгаа олон асуудлын зангилаа нь цэвэрлэх байгууламжаа шинэчилснээр тайлагдана гэсэн үг.
-Хуучин цэвэрлэх байгууламжийг “тэтгэвэр”-т гаргах уу, эсвэл хааяадаа зэрэгцүүлээд ашиглах уу?
-Шинэ цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулсан ч хуучныгаа зэрэгцүүлээд ашиглаад  явах боломжтой. Мөн  лаг шатаах орчин үеийн шинэ техник технологийг хуучин, шинэ аль аль цэвэрлэх байгууламждаа ашиглаад явна гэж ойлгож болно. Одоогийн  цэвэрлэх байгууламж өдөрт 160-170 мянган шоометр бохир ус өдөрт хүлээн авч байна. Шинэ цэвэрлэх байгууламж 250 мянган метр куб ус өдөрт хүлээн авах хүчин чадалтай байна. Хуучин цэвэрлэхийн хүчин чадлыг үүн дээр нэмбэл 410 мянган метр куб усыг хүлээж авах боломжтой болох юм. Ийм болохоор л миний түрүүний хэлснээр  гэр хороолол барилгажуулж, шинэ суурьшлын бүс бий болсон ч айх зүйлгүй болно. Иймд цэвэрлэх байгууламж бол асуудлын төв цэг яах аргагүй мөн.
-Ярилцлагын эхэнд Таны хэлсэн зүйлийг төгсгөлд дахиж тодотгож асууя. Шинэ байгууламжтай болж, хүчин чадлыг нь нэмэгдүүлсэн ч стандартаас давуулж бохирдуулдаг муу дадал зуршил хэвээр байвал хүндрэл гарсаар л байх юм байна тийм үү?
-Тэгнэ. Дэлхийн хаана ч зөвшөөрөгдөх хэмжээний бохирдолтой усыг  л хүлээж авдаг. Стандартаас давсан  бохирдолтой усыг авахгүй байх зарчим үйлчилдэг. Тухайлбал АНУ-д стандартад хүрсэн ус нийлүүлж чадахгүй бол та энэ бизнесээ хийгээд хэрэггүй ээ гээд хаадаг. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Түүн шиг бүгдээрээ адилхан стандартаа барьж мөрдөөд явна гэсэн үг. Их хотын иргэн та ч мөн адил  найз нөхөд, гэр бүлээ элдэв үнэргүй сайхан цэмцгэр хотоор дагуулж явмаар байгаа биз дээ. Дэлхий дээр олон технологи, шийдэл байхад тухайн аж ахуйн нэгжүүд яагаад тэднээс суралцаад зөвшөөрөгдөх хэмжээнд  нийцсэн бохир ус нийлүүлж болохгүй гэж.  Бид нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тэр дундаа Улаанбаатар хотын иргэн Таны төлөө сэтгэл гарган ажиллаж байна. Та бид хамтдаа л хичээж байж амжилтад хүрнэ .

Ярилцсан: Б. Түвшинтөгс