Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Хүүхдийн мөнгийг дараах журмаар олгоно

Санхүүжилтгүй болсон учир хүүхэд бүрт сар бүр олгодог 20.000 төгрөг энэ оны долдугаар сараас тасраад байгаа.

2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгох шийдвэр гараад байсан. Өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн 1-17 дугаар бүлэгт хамрагдаж буй өрхийн хүүхдүүдэд олгохоор байсан боловч иргэдийн хүсэлтийг харгалзан бүх хүүхдэд үргэлжлүүлэн олгож байсан билээ. Улсын төсөвт хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгаад байсан учир өнгөрөгч долдугаар сараас уг мөнгөний санхүүжилт тасарсан.

Тиймээс цаашид эл мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгох болсон тухай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь мэдэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталсан. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож 2016 оны есдүгээр сард багтааж олгох юм. Харин үлдэгдэл 40 хувьд хүүхдийн мөнгийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банкинд байруулж тодорхой хугацааны дараа нөхөж олгох аж.

Харин хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн судалгаан дахь хөдөлмөр эрхэлж буй байдал, өрхийн орлого, нийгмийн байдал зэрэг олон хүчин зүйлийг үндэслэн тодорхой бүлэгт ангилж байгаа хэмээн нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд мэдээлж буй юм.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн мэргэжилтнүүдээс тодруулахад “Хүүхдийн мөнгө олгох шинэ журам манайд хараахан ирээгүй учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Амьжиргааны аль ангилалд багтсан хүүхдэд мөнгө олгох гэж буй талаар ч мэдээлэл алга. Тэр ч бүү хэл тооцоолол хийх программ нь хүртэл тодорхой хугацаагаар хаагдсан байгаа. Ирэх долоо хоногийн 1-2 дох өдрөөс шийдэгдэх байх” гэв. Үүнээс гадна 1-17 дугаар бүлэгт ямар айлууд багтсаныг ч мэргэжилтнүүд мэдэхгүй байгаа бөгөөд судалгааны асуултуудын дагуу тусгай программ ажиллаж, асуулт тус бүр оноо өгөн явж байгаа юм байна.

Харин өөр нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг 2013 оноос орон даяар хийж, иргэдийг 1-20 ангилалд хуваасан ч тэрхүү мэдээлэл бүрэн бус хэмээн дахин судалгаа авах талаар ярьж байсан аж. Харин 7-9 дүгээр сарын мөнгийг аравдугаар сард багтааж олгох бөгөөд зорилтот 1-17 дугаар бүлгийн хүүхдүүдэд олгох аж. Гэхдээ амьжиргааны түвшинг тусгай оноогоор үнэлж тодорхой нэг түвшин бүхий үнэлгээ гаргаад тухайн тооноос бага оноотой айлуудын 60 хувьд хүүхдийн мөнгийг олгох учраас  яг одоо энэ айл хэддүгээр бүлэгт байна гэдгийг хэлэх боломжгүй байгаа юм байна.

Иргэдийн хувьд хүүхдийн мөнгөө тасралтгүй авахын тулд эхлээд тус сүм, дүүргийнхээ нийгмийн ажилтан буюу халамж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгөх ёстой юм байна. Дараа нь иргэдийн өргөдлийн дагуу халамж үйлчилгээний мэргэжилтэн өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийг нь баталгаажуулж, 1-17 дугаар бүлэгт хамаарч байвал хүүхдийн мөнгө олгох боломжтой юм байна.

Түүнчлэн тухайн иргэн, өрхийг ямар төрлийн орлогоор хэрхэн амьдарч байгааг нь тус аргачлалыг ашиглаж, хэддүгээр бүлэгт хамрагдаж байгааг нь гаргаж байгаа аж. Ойролцоогоор 50 орчим асуултаар өрхийн мэдээллийг авч, асуулт бүрт оноо өгч нийлбэрээр нь бүлгийг нь тогтоодог олон улсын аргачлалыг ашиглаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)