Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Их, дээд сургуулийг албан тушаалын бялуу болгох нь

Өмнөд хөршийн коммунист нам уржигдар зохиолчдоо цуглуулан “урлаг, соёлын үзэл санааг журамлан, соёлын рид шидээр нийгмийн хэв суртлыг дайчлах” асуудлыг нухацтай хэлэлцжээ. Гэтэл манай УИХ-ын гишүүд мөн уржигдар дээрхтэй агаар нэгэн шийдвэрт гар өргөсөн байна. Тэр нь боловсролын салбарт нам, засгийн “ид шид”-ийг үзүүлэх тухай юм. Уг нь Боловсролын тухай хуульд өнгөрсөн дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн өмчит их, дээд сургуулиудыг улс төрөөс хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл их, дээд сургуулийн захирлуудыг эрх баригчдын шууд нөлөөтэйгөөр томилдог, Удирдах зөвлөлд нь мөн төрийн төлөөлөл гэдэг нэрийн дор улс төрчид олноор ордог байсныг болиулсан. Энэ бол дэлхий нийтэд аль хэдийнэ тогтсон жишиг байсан юм. Гэтэл МАН-ынхан үүнээс татгалзаж, боловсролын салбарын ололт дэвшлээс ухрав. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг лхагва гаригт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнээр их, дээд сургуулийн Удирдах зөвлөлд төрийн төлөөлөл 30 хувь байсныг нэмэгдүүлж 60  хувь болгох асуудал үндсэндээ шуударлаа. Ирэх долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэнэ.

 

Эрх баригчид ийнхүү парламентад хэт олонхи болсондоо бярдаж хуулийг гууль болгох, гуулийг алт гэж үнэмшүүлэх бусармаг алхмуудыг хийж байна. Боловсролын салбарыг дэлхийн жишигт ойртуулсан өөрчлөлтийг буцаан баллуурдах гэж байгаа нь үүний тод жишээ. Энэ бол ердөө л төрийн мэдлийн хэдэн их, дээд сургуулийн удирдлага болон Удирдах зөвлөлд намынхаа хүмүүсийг байршуулж, бялуу хуваах гэсэн санаархал. Цаашлаад дээд боловсролын байгууллагыг мөнгө угаах машин болгохын эхлэл.

 

Хамгийн эмгэнэлтэй нь БСШУ-ы сайд Ж.Батсуурь энэ өөрчлөлтийг дэмжин уухайлж байгаа явдал. Уг нь салбараа мэддэг хүн сэн бол Ж.Батсуурь сайд ингэж хөл хөөрцөг болох битгий хэл уйлахад багадахаар хүн л явах учиртай. Гэтэл тэрээр дээд боловсролын байгууллагуудад улстөрчдийн гарыг лавхан шургуулах агуулга бүхий хуулийн өөрчлөлтийг алга ташин дэмжиж суугаа нь өөрийнхөө сууж байгаа мөчрийг хөрөөдсөнөөс ялгаа алга. Боловсролын талаар А ч үгүй хүнд улс орны хөгжлийн түүчээ, уураг тархи болсон тэргүүлэх салбарын жолоог атгуулна гэдэг ийм л хортой, халтай. Ж.Батсуурь сайдыг сөрөг хүчнийхэн нь төдийгүй намын нөхөд нь ил цагаан шүүмжилж, салбартаа, ажилдаа жолдож байгааг нь олон удаа хэлж байсан нь дээрх жишээгээр батлагдаж байна. Мэргэжлийн хэмээх хэт томдсон тодотголтой Засгийн газар дөрвөн ч сайдаа шүд сугалах зарчмаар огцруулах тухай яриа гарсан. Огцорч мэдэх сайд нарын нэгээр Ж.Батсуурь нэрлэгдсэн нь ийм л учиртай байж. Мэргэжлийн бус сайд нараасаа салах гэсэн Ерөнхий сайдын бодол зөв гэдгийг ч Боловсролын тухай хуулийн аль дэвшилттэй, зөв зохицуулалтуудыг үгүй хийхээр зүтгэж байгаа Ж.Батсуурь сайдын үйлдлүүд харуулаад байна.

 

Юутай ч салбараа уруудуулах хуулийг сайд нь дэмжиж байгаа нь хөөрхий амьтныг мэдлэг, чадваргүйгээр нь далимдуулсан том улстөрчдийн явуулга гэж хардаж ч болно. Төрийн оролцоо нэмэгдсэнээрих сургуулиудынУдирдах зөвлөлөөрийн бие даасан засаглалын институц огт биш харин төрийн, улс төрийн зүгээс их сургуулийг дарангуйлах “нударга” болж хувирдгийг бидний туулж ирсэн 20 гаруй жилийн түүх харуулсан. Удирдах зөвлөл нь ийм байхаарих сургуулийн захирал гэдэг хүнулс төрийн утсан хүүхэлдэй болж, их сургуулийн удирдлага тэр чигээрээ улс төрөөс шууд хараат болдог.

 

Улс орны ирээдүйг авч явах эрдэм болвсролтой иргэдийг бэлтгэн нийгэм, соёл, шинжлэх ухаан, урлаг, улс тѳрийн сэтгэлгээний хөрс суурийг тавьдаг их, дээд сургуулийн үйл ажиллагаанд улс тѳрийн, шашны, эсвэл ѳѳр ямар нэгэн бүлэглэл хяналтаа тогтоох нь маш аюултай. Тэд боловсролын байгууллагыг үзэл суртлын индэр, “улаан булан” болгон хувиргаж зөвхөн өөрсдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн, өөрсдтэйгөө үзэл бодол нэгтэй хүмүүсийг хүмүүжүүлдэг. Ийм жишээг нацист, фашист, коммунист болон Талибын дэглэмээс харж болно. Тиймээс л дээд боловсролын салбар аливаа хэсэг, бүлэг, улс төрийн намын нөлөө, ялангуяа, улс төрийн богино хугацааны эргэлт, хөрвөлтөөс аль болох хамааралгүй, бие даасан байдал, эрдмийн эрх чөлөөгөөр хангагдсан байх ёстой. Үүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард Боловсролын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бий болгоод байсан юм.Бидний хамгийн сайн мэдэх АНУ, Япон, Солонгосын их, дээд сургуулиудын удирдлагын тогтолцоо ийм зохицуулалттай тул улс төрөөс ангид хараат байж чаддаг. Тэр хэрээр боловсролынх нь чанар дэлхийд  тэргүүлж байгаа. Гэтэл манай эрх баригчид их сургуулиудаа дэлхийн жишигт хүргэхийг хүсэхгүй байгаагаа Боловсролын тухай хуульд гар хүрэхээр шийдсэн энэ үйлдлээрээ тод харууллаа. Хэрвээ УИХ энэхүү ухралт бүхий хуулийн төслийг дэмжин батлах юм бол төрийн өмчит их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлд хэн гээч улстөрч, эсвэл ямар даргын эхнэр, ах дүү очих вэ гэдгийг ч ил тод зарласан нь шударга бизээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [103.229.120.64] 2016/12/02
MANiihan arai denduu ulairch bnashuu