Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Оффшор бүсийн орнууд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байна

Японы “ЖАЙКА” байгууллагаас Монголын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх судалгааны тайлан гаргасан байна. Энэ Монголд хөрөнгө оруулах сонирхолтой япончуудад мэдээлэл хүргэх зорилготой аж. Япончууд өөрсдийн нутаг нэгтнүүдэд зориулж гаргасан уг тайлан манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг нэмэлт хачиргүйгээр тодорхойлсон байна. Судалгааны дүнгээс анхаарал татах хэсгийг онцолж байна.


Судалгаанаас харвал манай улсын эдийн засаг хөдөө аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, худалдаа гэсэн дөрвөн үндсэн тулгуур дээр тогтож байна. Гэхдээ аж үйлдвэр, худалдааны салбар уул уурхайгаас өндөр хамааралтай байгаа аж. Тиймээс уул уурхайгаас хамааралгүй ганц салбар бол хөдөө аж ахуй болж байна. Тэгвэл манай улсын эдийн засгийн “артерын судас” болсон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчинд нэгэн зүй тогтол ажиглагдаж байгаа аж. Хөрөнгө оруулсан улс орнуудыг харвал эхний байранд Нидерланд, хоёрт Хятад, гуравт Люксенбург, дөрөвт Виржиний арлууд, тавд Сингапур  орж байна. Нидерланд нийт хөрөнгө оруулалтын 29.7, Хятад 26.4 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг бүрдүүлж байна. Цаашлаад Люксенбург 8.1, Виржиний арлууд 7.8 хувь байна. Эндээс Монголын уул уурхайн салбарт хийгдэж байсан хөрөнгө оруулалт салбарын өсөлтийг дэмжих бодит мөнгө байсан уу хэмээн эргэлзэхэд хүргэж байна. Учир нь хөрөнгө оруулалтаар тэргүүлж байгаа Нидерланд, Люксенбург, Виржиний арлууд оффшор бүсэд хамаарч татвараас зугатах зорилгоор ашигладдаг улсууд гэж үздэг. Тиймээс дээрх орнуудын хөрөнгө оруулалт манай улсын эдийн засагт бүрэн шингэдэг хэмээн үзэхэд учир дутагдалтай болж байна. Ингэснээр бодит байдал дээр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээр Хятад тэргүүлэх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, Монголын уул уурхайн салбарын нийт хөрөнгө оруулалтын 26 хувийг Хятад улс бүрдүүлж байгаа хэмээн статистик дүн харуулдаг ч бодит байдал дээр тэдний ноёрхол илүү өндөр хувьтай байна.


1990-2015 оны хооронд Монгол Улсад гадаадын орнуудаас нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 10.8 тэрбум нь оффшор бүсийн улс орнуудаас хийгдсэн байна. Жагсаалтыг Нидерланд (4.23 тэрбум ам.доллар), Люксембург (1.15 тэрбум), Британийн Виржин Арал (1.1 тэрбум), Хятадын Гонконг (229 сая), Бермудын арал (129 сая), Швейцарь (103 сая), Кэймэн арал (74 сая) тэргүүлж байна. Монгол улсад нийт 110 орны хөрөнгө оруулалт бүхий 13140 хамтарсан болон дагнасан гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэнээс 920 компани буюу 7 хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид байна. Тухайлбал, “Оюу толгой” болон “Энержи Ресурс”-ийн “ММС” компаниудын толгой компаниуд нь бүгд оффшор бүсэд бүртгэлтэй байна. Түүнчлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай “Ханаду Майнз”, “Волф Петроюм”, “Хүннү Коүл” зэрэг 20 гаруй компани хувьцаагаа Нью Йорк, Хонконг, Торонто, Лондонгийн Хөрөнгийн биржэд арилжаалдаг ба тэдгээрийн толгой компани нь мөн адил оффшор бүсэд бүртгэлтэй байгаа аж.


Монгол Улс 2002 оноос Их Британи, Швейцарь, Люксембург, Нидерланд зэрэг улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, давхар татвараас чөлөөлөх” тухай хэлэлцээртэй байгуулсан. Энэ нь эдгээр оффшор бүс бүхий улс орнуудаас Монголд хөрөнгө оруулалт давхар татварт хамрагдахгүй байх таатай нөхцлийг бүрдүүлсэн тухай албаны хүмүүс тайлбарладаг. Мөн оффшор бүсийн хөрөнгө оруулалтыг хязгаарласан эрхзүйн зохицуулалт манайд байхгүй. Гэхдээ тус бүсээс оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт Монголын эдийн засгийн хөрсөнд бүрэн шингэж буй эсэхийг бид хянаж чадаж байна уу гэдэгт асуудлын зангилаа байна. Ямартай ч япончууд манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа Нидерланд, Люксенбург, Виржиний арлууд татвараас зугатах зорилгоор ашиглагддаг улсууд хэмээн үзэж хөрөнгө оруулалтыг нь бүхэлд нь бодитоор тооцохгүй байгааг энд онцлоё.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)