Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт байтугай энэ намар ч хийж амжихгүй

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэж, батлагдан гарвал Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн санал асуулга явуулах боломж гэсэн яриа гарсан. Тэгвэл энэ ажил яагаад ч амжихгүй хэмээн УИХ-ын гишүүн Г.Занданшатар хэллээ. Тэрээр "Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Ард нийтийн санал асуулгыг явуулж амжихааргүй болсон. Засгийн газраас оруулж ирсэн энэ хуулийн төслийг одоо шийдэхгүй бол намар дахиад л хүндрэлтэй тулна. Яагаад гэвэл, УИХ-ын нэг чуулганы хуралдах хугацаа 50 хоног бую хоёр сар хүрэхгүй хугацаатай. Гэтэл санал асуулгыг 65 хоногийн өмнө зарлана. Ингээд бодохоор чуулган дөнгөж эхэлсэн өдрөө ямар ч дэггүйгээр хэлэлцээд баталлаа гэхэд ч амжихааргүй байгаа юм. Мөн нэг, хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулахаар харагдаж байна" гэсэн тайлбарыг хийлээ. 
 
Иймд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтээс санал авах өдөр хойш татагдаж таарах нь. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн явуулчихна хэмээн бардам загнаж, бэлэн амлаж байсан нь ийнхүү талаар боллоо. Хууль хэлэлцэх явцад ч зарим нэг асуудал үүсвэл завсарлага авах, санал зөрөх зүйл гардаг. Ингээд бодохоор хэлэлцэх явц удааширвал сар, наанадаж гурван долоо хоногийн хугацаа авах нь гарцаагүй юм. Хаврын чуулган завсарлах дөхөж, дундаасаа хэтэрчихсэн яваа үед асуудлыг хэлэлцээд баталчихаж амжихгүй нь тодорхой. Үүнээс харахад лав дөрвөн сарын өмнөөс санал асуулга явуулах нь шүү гэсэн зарыг түгээх хэрэгтэй болох нь. Ингээд бодохоор санал асуулгыг энэ намар ч явуулж чадахгүзй гэдэг нь хэнд ч ойлгомжтой болж байна. Магадгүй хуулиа баталчихаад ирэх намар зохион байгуулах боломж бүрдэж магадгүй ажээ.  
 
За ямартай ч эцэг хуульд яаравчлан гар дүрэх гэсэн нөхдүүдийн хүсэл түр хугацаанд ч хойш тавигдах нь ээ. Бүр яарч сандран Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлчих гээд л сандраад байсан цаг саяхан. Тэгвэл эцэс төгсгөлгүй тэмүүлэх хүсэлдээ хязгаар тавьж, жолоогоо татах хэрэгтэй болж байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)