Ерөнхий сайд Эрдэнэбат өнгөрөгч тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ тус улсын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээр хийж, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 1000 айлын орон сууц барихаар болсон. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн ахалсан төслийг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэдхэн хоногийн өмнө Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотод ажиллаад ирсэн байна. Дэд сайдын ахалсан бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан аж.
Улаанбаатар хотод баригдах 1000 айлын орон сууцны төслийг ӨМОЗО-ны Бугат хотын захиргаа хариуцаж байгаа юм. Тиймээс хоёр талын ажлын хэсэг Бугат хотноо хуралдаж Ерөнхий сайд нарын хэлэлцээрээс хойш өнгөрсөн нэг сарын хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, төслийнхөө талаар хэлэлцсэн байна. Ажлын хэсгийнхний уулзалтын үеэр БНХАУ-ын Бугат хотын дэд дарга Зан Жианьзүн “Манай улсын Худалдааны яамнаас томилогдсон инженер техникийн багийнхан Улаанбаатарт очиж ажиллласан.
Тэд яг одоо ажлын төлөвлөгөөгөө хийж байна. Урьдчилсан байдлаар төслийн нийт хөрөнгө оруулалт, цаг хугацааны төлөвлөгөө гарсан. Бугат хотын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн шилдэг инженерүүдээ бид Улаанбаатар луу илгээнэ” хэмээсэн бол Барилга хот байгуулалтын сайд Ш.Лхамсүрэн “Ерөнхий сайд Эрдэнэбат энэхүү төслийг энэ жилдээ багтаан эхүүлэх үүрэг өгсөн. Тиймээс өнгөрсөн 1 сарын хугацаанд манай талаас зураг төсөл, холбогдох зөвшөөрөл зэрэг бичиг баримттай холбоотой асуудлуудаа нэг мөр цэгцэлсэн” гэлээ.