Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-ынхан анх удаа сонгогдсон гишүүдээ сайд болгохгүй

УИХ намрын чуулганаа нээв. Ээлжит чуулганы эхэнд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг үүрэгт ажилд нь томилох учиртай. Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч ч, УИХ дахь АН, МАН-ын бүлэг ч ямар нэг саад хориг тавилгүйгээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тийм учраас Ерөнхий сайдыг томилох асуудалд улс төрийн гацаа саад үүсэхгүй нь тодорхой болсон. Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайд ямар хүмүүсээр танхимаа бүрдүүлэх нь олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байна. Нэг хэсэг нь дан дээлтэй голдуу сайд томилох байх гэсэн таамаг дэвшүүлж байгаа бол нөгөө хэсэг нь Ж.Эрдэнэбатын танхимын салбараа сайн удирдсан, хүчтэй, туршлагатай зарим сайдыг улираан ажиллуулах байх гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлж эхэллээ. 
 
Дан дээлийн тухай яриа өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед өндрөө авч, тухайн үеийн сөрөг хүчин энэ галыг дэмжин өрдөж байсан нь үнэн. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Нэг талдаа УИХ-ын гишүүд бүгдээрээ шахуу Засгийн газрын танхимд ороод суучих нь засаглалын зааг ялгааг бүдгэрүүлж, гүйцэтгэх засаглалынхан УИХ-ынхаа дээр гараад суучихдаг гэмтэй. Нөгөө талдаа Засгийн газрын сайд нарыг дандаа гаднаас бүрдүүлбэл УИХ-ын гишүүд сайд нарыг хааш нь ч хөдөлгөхгүй айлгаж, харцан дор захирч, дээд хурдаар ажиллах ёстой  гүйцэтгэх засаглалын ажил гацаж, бүр огцорч тогтворгүй байдал нүүрлэх магадлал тун өндөр. Гишүүд өөрийнх нь үгэнд орохгүй, элдэв хүслийг нь гүйцээхгүй бол сайд нарыг огцруулна шүү гэх зэргээр дарамт үзүүлэх нь наад захын хэрэг. Засгийн газрыг дахиад огцруулчихгүй байх ганц баталгаа бол өнөөдрийн нөхцөлд сайд нарын тодорхой хувийг УИХ дотроосоо тодруулах явдал юм. 
 
Угаасаа Үндсэн хуулиар ч, бусад хуулиар ч давхар дээлтэй байхыг хатуу хориглосон зохицуулалт байхгүй. Хэрэв ийм алсын хараатай нүүдлийг амжиж хийхгүй бол эмхлэн байгуулж амжаагүй байгаа Засгийн газрыг огцруулах тухай яриа хөөрөө гараад эхэлчихсэн байгааг МАН-ынхан анзаарч л байгаа байх. МАН өнөөдөр УИХ-д 65 гишүүнтэй бүлэгтэй хэдий ч саяын Засгийн газрын асуудлаас болоод хоёр хуваагдчихсан. Ж.Эрдэнэбатын танхимыг огцруулсан МАН-ын бүлгийн 33 гишүүн ба огрцуулахыг хүсээгүй 32 гишүүн. Одоо шинэ Засгийн газар бүрдсэний дараа тэдний байр солигдоно. Тэгээд АН-ын бүлгийнхэн, бие даагч, МАХН-ын төлөөлөл гээд сөрөг хүчний бярыг басаж болохгүй. МАН засгийн эрх мэдлийг үнэмлэхүй олонх болж барихдаа Засгийн газраа 2 удаа огцруулсан гэх хар түүх бичихгүй байхыг бололцож, эв эеийг хичээж танхимын сайд нараа томилбол улс төр тогтвортой байх боломжтой. 
 
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар МАН-ынхан энэ удаад УИХ-д анх удаа сонгогдсон гишүүдийг сайдаар томилохгүй байх зарчим баримтлахаар тохиролцсон бололтой юм. Ийм эгзэгтэй үед зөв зарчим байж болох талтай. Гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүд дараагийн Засгийн газарт орохгүй гэж хэвлэлийнхэнд ам өчиг өгсөн удаатай. Энэ жагсаалт Ш.Раднаасэд, Д.Гантулга, Б.Батзориг, Д.Цогтбаатар гээд цааш үргэлжилнэ. Хэрэв тэд хэлсэн үгэндээ эзэн байж сайдын суудлаас татгалзаж чадвал албан тушаалын төлөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гэх насан туршид нь дагалдах муу нэрээс түргэн салах боломжтой. Нөгөө талдаа шинэ засаг тогтвортой байх нөхцөл бүрдэнэ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа нам дээрээ тохирсон энэ зарчмаа хэр барихаас танхимынх нь чансаа, тогтвортой байдал шалтгаалахаар байна. 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (3)
Зочин [122.201.21.230] 2017/10/04
Урьд нь сайд болж байсан, гишуун болж байсан, заваан юмны амтанд орсон гаруудыг огт сайд болгож болохгуй
Зочин [150.129.142.70] 2017/10/04
Radnaased gej luivarching arai said bolgoh geed bgan bish bizde
Зочин [162.243.163.123] 2017/10/03
Эд нар ичих хэрэгтэй жулдрайнууд юу гэж сайд болдын